Г.Гантулга: Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эрх мэдэлгүй бол хэдэн ч удаа бүсчлээд үр дүнд хүрэхгүй

2024-01-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

МУИС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор Г.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. Энэ хүрээнд зургаан бүсээр бүсчилсэн байдлаар хуваасан нь хэр оновчтой гэж харж байна вэ?

-Шууд дүгнэж хэлэх хэцүү. Оновчтой эсэхийг тогтоохдоо газарзүйн байршил, байгалийн бүс бүслүүрийн онцлогийг харгалзсан эсэх нь чухал. Тухайлбал, мал аж ахуй, уул уурхай, түүхий эдийн нөөц чадавхийг байгаль орчны даацад зохицуулан оновчтой ашиглах боломжтой эсэхийг харгалзаж үзэх хэрэгтэй. Мөн  хүн ам үйлдвэрлэлийн хэт төвлөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж чадах эсэх, тээвэр логистикийн өнөөгийн болон ирээдүйн төлөвлөлттэй уялдуулсан эсэх зэрэг шалгуураар хэмжиж байж тогтооно. Энэ мэтчилэн олон хүчин зүйлс, шалгуур үзүүлэлт үүнд хамаарна.

 “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын “Бүсчилсэн хөгжил” гэсэн бүлэгт байгаа хувилбарт байгалийн нөхцөлийг харгалзан үзсэн том давуу тал харагдаж байсан. Өмнөх бүсүүд босоо чиглэлтэй хангай, говийн байгалийн олон хэв шинжийг хамруулж нэг бүсэд авч үзэж байсан бол энэ удаад алтай, хангай, тал хээр, говийн аймгуудаар нь хувааж бүсчилсэн  нь сайшаалтай. Одоогийн бүсчлэлээр бол Сэлэнгэ, Өмнөговь аймгууд “Төвийн бүс” гэсэн нэг бүсэд хамт ордог байсан нь учир дутагдалтай санагддаг. Ялгаатай бэлчээрийн хэв шинж, хөрс, байгалийн нөөц, аж үйлдвэрийн салбартай аймгуудыг нэг бүс нэрийн дор нэгдсэн бодлогоор хангах нь учир дутагдалтай байсан. Харин одоо энэ асуудлыг шийдэх боломжтой гэж харагдаж байна.

-Бүсчилсэн хөгжлийн зургаан бүсийн хувьд хаана ямар байдлаар хөгжүүлж, бүтээн байгуулалт хийвэл илүү үр дүнтэй вэ?

-Энэ талаар манай судлаачид, судалгааны байгууллагууд сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байна. Тодорхой шийдлүүд, санал хувилбарууд ч гарсан. Харин одоо үүнийг дэмжих эрх зүйн орчин, хэрэгжүүлэх, хянах бүтэц нэн шаардлагатай. Ингэж байж үр дүн ярина. Манай улсад аль ч шатны төлөвлөлт боломжийн хийгддэг хэр нь хэрэгжүүлэх, хянах тал дээрээ маш муу байдгийг бид сүүлийн 30 жил харлаа. Төлөвлөгөө дагаж биш төсвөө дагаж хийгддэг зүйлс ч олон.

Бүсчилсэн хөгжлийн бодлогоо үр дүнтэй болгохын тулд бүсүүдээ хооронд нь босоо, хэвтээ тэнхлэгээр холбох асуудлыг чухлаар авч үзэх хэрэгтэй. Бүсчилсэн хөгжил гэдэг бол хэдэн аймгуудаа гурав, дөрвөөр нь нэгтгээд, орон зайн хувьд бүсчлээд шийдчихдэг юм биш. Тиймээс сонгуулийн болон засаглалын тогтолцоо, хөрөнгө оруулалт төсвийн эрх мэдэл ба бие даасан байдал, татварын бодлого зэрэгтэй уялдуулж байж үр дүнд хүрнэ. Энэ маш чухал.

-Манай улсын хувьд өргөн уудам газар нутагтай,  хүн ам цөөн байдал нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хөгжүүлэхэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Манай улс шиг өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг ихтэй ч цөөн хүн амтай улсад хөгжлийн орон зайн оновчтой зохион байгуулалт, төлөвлөлт маш чухал. Ингэж байж бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт үр өгөөжтэй болно. Одоо бол үнэндээ төсвийн хуваарилалт маш субьектив байгаа нь үнэн.  Үүнийг дагаад ард иргэдийн дунд ч бухимдал, үл итгэлцэл, талцал үүссэн нь харагдаж байна. Тиймээс төсөв, хөрөнгө оруулалтыг аймаг, сумаар авч үзэх биш бүсээр нь авч үздэг болоход бүсчилсэн хөгжлийн нэг том үүрэг оршиж байгаа юм. Бүсүүд нь төсөв мөнгөгүй, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эрх мэдэлгүй бол хэд дахин бүсчлээд ямар ч үр дүнд хүрэхгүй.

Том зургаар харвал бүсчилсэн хөгжил бол орон зайн эдийн засаг гэсэн ойлголттой уялдах ёстой. Энэ нь цөөн хүн амаар өргөн уудам газар нутгаа жигд хөгжүүлэх гэхээсээ илүүтэйгээр нөөц, онцлогт нь суурилсан төрөлжилтийг бий болгох,  төрөлжилтөөс үүдсэн кластерууд, тэдгээрийн бие биетэйгээ уялдах болон бие биеэ харилцан дэмжих, нөхөх асуудал юм. Мөн хөрш улсуудынхаа хиллэж буй бүс нутгуудын эдийн засагтай хэрхэн уялдах, далайд гарцгүй сул талаа хэрхэн нөхөх вэ гэдэг асуудлуудыг ч хамруулж үзэх шаардлага ч үүнд хамаарна. Тиймээс өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай манай улсын бүсчилсэн хөгжилдөө анхаарах зүйл бол бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын эрэмбэ дарааг дээрх шаардлагуудыг харгалзан оновчтой тогтоох асуудал юм.

-Манай улсын бүсчилсэн хөгжлийн  өмнөх үзэл баримтлал нь  20 гаруй жилийн түүхтэй юм байна. Энэ хугацаанд аль бүсэд  бүсчилсэн хөгжлийн бодлого амжилттай эсрэгээрээ тааруу  хэрэгжсэн гэж мэргэжлийн хүний хувьд харж байна?

-Үр дүнд хүрсэн зүйлс нэлээд бий. Алдаа дутагдал ч бий. Өмнөх бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хугацаа дууссан.Тийм болохоор хөндлөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагатай байгаа юм. Ингэвэл аль аль талдаа шударга болох биз. Хэрэгжилтийг хангалтгүй болгоход нөлөөлсөн олон хүчин зүйлс бий. Тухайлбал, бүсүүдэд төсөв, татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлого явуулах эрх мэдлийг өгөөгүй. Мөн сонгуулийн тогтолцоог засаг захиргааны нэгжид тулгуурлан явуулдаг байсантай холбоотойгоор гишүүд тойрогтоо илүү анхаарал хандуулж бүсийн асуудлууд орхигдсон. Түүнчлэн бүсийн өөрөө өөрийгөө удирдах эрх зүйн чадамж сул, засаглалын тогтворгүй байдал, нам улс төрийн хүчнүүдийн мөрийн хөтөлбөрүүдийн нөлөөлөл зэргийг дурдаж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 16 (7260)

 

 

 

Элчин сайдын яамдаас мэдээлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “

4 цаг 36 мин
“Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн байгууллагуудад чиг

4 цаг 46 мин
“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

2024.3.26. Цахим сүлжээнд “…Хятадаас тус улсын мөнгөн тэмдэгтээр дүүргэ

4 цаг 46 мин
Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрү

4 цаг 51 мин
Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад

4 цаг 56 мин
Монгол Улс ардчилалд ээлтэй эдийн засгийн бүтцээр хөгжих ёстой

 “Монгол Улс-Ардчиллын Баян бүрд” олон улсын хурлаар “Монголд тулгамдаж б

5 цаг 1 мин
Н.Наранцэцэг: Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах үүрэгтэй

​​​​​​​Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжил

5 цаг 6 мин
126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Монгол Улсын парламент ирэх зургадугаар сард болох сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй болно.

5 цаг 11 мин
Ш.Хангал: Чихрийн шижинтэй хэрэглэгчийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Санжайн хишиг” компанийн захирал Ш.Хангалыг  урилаа. Түүнтэй ургамлын гара

5 цаг 16 мин
"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

19 цаг 47 мин