Ирэх сарын 1-нээс хэрэгжих замын хөдөлгөөний дүрмийн онцлох  заалтууд

Т.САЙХАН

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухай ХЗДХ-ийн яамны саналыг дэмжиж, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан. Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөх юм. Шинэчлэгдсэн дүрмээс чухал заалтуудыг хүргэж байна.

-Утсаар ярих, гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх, ном, сонин гэх мэт зүйл унших”,
Зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон байна.

-Хороолол дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг жолоочид хориглолоо.

-Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.

-“Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдэг бүхий автобусаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож урьдчилан өнгөрүүлэхээр болжээ.

-Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.

-Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлага нэмжээ.

-Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.

-10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана”.

-Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ.

-Явган зорчигчийн гэрлэн дохио харааны бэрхшээлтэй хүмүүст явган хүний гарцын байршлыг мэдэгдэх нэмэгдэл дуут дохиотой байж болно.

-Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг тээврийн хэрэгслээр зорчигчид хориглов.

-Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглолоо.

-Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.

-Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагыг нэмжээ.

-Трактор болон өөрөө явдаг машин, механизмд зорчигч тээвэрлэхийг хориглолоо.

-Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хоригложээ.

-Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээний талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглов.

-“Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглолоо. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэж заажээ.

– “Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх”

-Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.

-Зарим уулзаврт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болов.

-Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.

-Нийтийн тээврийн автобус, троллейбусууд буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсож байхыг үүрэг болгов.

-Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглолоо.

Эх сурвалж:www.polit.mn