Тойм: Ноён уулыг шүүхэд, Д.Гантулгын хэргийг прокурорт буцаав

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцлоо.  Багш нарын ажил хаялт  зогсч,  зарим  дуулиан шуугиантай хэргийн шүүх хурал болов.  Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Ерөнхийлөгч айлчлалаа ингэж дүгнэв

Ерөнхийлөгч хойд хөршид айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийсэн юм. 2018 оны чуулганд БНХАУ-ын дарга Си Жиньпин анх удаа, маш өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Японы Ерөнхий сайдын ахалсан бүрэлдэхүүн гэхэд л хоёр том онгоцоор ирсэн байх жишээтэй. Энэ нь улс орнууд уг уулзалтад, бүс нутагтаа ач холбогдол өгч байгаагийн илрэл.   Ерөнхийлөгч ийнхүү айлчлалаа дүгнэхдээ “Бидэнд байгаа том боломж гэгддэг хүрэн нүүрсийг газар дээр нь эрчим хүч болгож, экспортлох саналаа бүс нутгийнхаа орнуудад дуулгасан. Энэ чиглэлээр ОХУ, БНХАУ, БНСУ-ын компаниуд судалгаа хийсэн байдаг. Манайд ч судалгаа бий. Эдгээрийг нэгтгэж, Зүүн Азийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох Япон, Солонгост нийлүүлэх хувилбар дэвшүүлж, хоёр талын уулзалтуудын үеэр ярилцлаа. Урагш алхсан нэг асуудал нь Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор бий болгох ажлыг хамтран урагшлуулах механизмтай болох тухайд талууд гарын үсэг зурлаа. Ийм механизмгүй учраас уулзахаараа нэг яриад л, дараагийн уулзалтаар дахиж ярихаас хэтрэхгүй байна. 2020 онд хоёр хөршийн маань худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж байгаа. Энэ худалдааны эргэлтийн их, бага хамаагүй хэсгийг газар нутгаараа дамжуулъя гэдэг л санал шүү дээ. Үүнээс гадна 100 тэрбум рублийн зээлийн талаар ярилцсан. Уг зээлийг олгохын тулд ОХУ-ын Сангийн яам нэлээд өндөр шаардлага тавиад байгаа юм. Бид тэр шаардлагын дагуу хүлээвэл энэ зээл бүтэхгүй гэж үзсэн учраас анхаарал хандуулахыг хүссэн гэсэн юм.

Багш нар ажил хаялтаа зогсоов

БСШУСЯ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын ажил хаялтын асуудлаар өнгөрсөн баасан гарагт  мэдээлэл хийж багш нар ажил хаялтаа зогсоож буйг албан ёсоор мэдэгдсэн юм.  Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “БСШУСЯ нь Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-тэй хэлэлцээрээ үргэлжлүүлсний эцэст багш нар хугацаагүй ажил хаялтаа зогсоож, есдүгээр сарын 17-ны даваа гарагаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Ажил хаялт өнөөдрөөр зогсож байна. Хэлэлцээр цааш үргэлжилнэ гэсэн. ҮЭ-ийн төлөөлөгч “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас БСШУСЯ-тай нэлээд олон хоног хэлэлцсэний дүнд тодорхой асуудлыг шийдэж чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын ачаалалд нь тохирсон нэмэгдэл хөлс олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн 2019 оны 1 сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөслийг тухайн ондоо 20 хувь хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохирлоо” гэв.

Өдөр тутмын сонинууд нийгэмд тулгамдсан 10 асуудлыг хэлэлцлээ

Монголын өдөр тутмын сонинуудын холбооноосзохион байгуулсан хоёр дахь форумаараа олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа нийгмийн хамгийн хөндүүр арван сэдвийг тодорхойлж илтгэл хэлэлцүүллээ. Өөрөөр хэлбэл, энгийн иргэдийн амьдралд шууд нөлөөтэй арван сэдвийг сонгож, тэдгээрийг өргөн цар хүрээтэйгээр  хэлэлцүүлж, бодлого тодорхойлогчдоос бодит үр дүн нэхэх нь форумын гол зорилго юм. Форумыг нээж Өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Э.Долгион “Сэтгэлгээний дархлааг бэхжүүлэх сонинууд ямар чухал үүрэгтэйг хөндөж байр сууриа илэрхийлж байсан. Үүнтэй адилаар Монголд, монголчуудад ямар сэдэв хамгийн чухал байгааг редакци болгоноос асуусан. Монголчуудад хэрэгтэй, шаардлагатай сэдвүүд хаана нэгтээ дарагдаад байна. Ард түмнийг ямар нэг болзолгүйгээр сонсдог, өдөр тутам ажил, амьдралын тэргүүн шугаманд явдаг, олон нийтийн хүсэл зорилгыг мэдэрдэг сэтгүүлч, сурвалжлагчид нийгэмд илүү өргөн хүрээгээр хөндөх ёстой арван сэдвийг тодорхойллоо.

“Ноён уул”-тай холбоотой хэргийг шүүхэд буцаалаа

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор тус шүүх хянан хэлэлцсэн юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг баримтлан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорт буцаалаа

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.  Тус шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.  Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснээр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Эх сурвалж:www.polit.mn