Өдөр тутмын сонинууд 10 чухал сэдвийг онцолж байна

Монголын өдөр тутмын сонинууд анхдугаар форумаа өнгөрсөн оны намар зохион байгуулж, СОНИНЫ ФОРУМ-2017” арга хэмжээгээр тулгамдаж буй асуудал, тэдгээрийг даван туулах шийдэл зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, технологид суурилсан цахим хэвлэл мэдээллийг шүтэх болсон энэ цаг үед уламжлалт медиа буюу тогтмол хэвлэл хэрхэн дасан зохицож, хөгжих шаардлагатай талаар салбарынхан ярилцаж  үнэнийг олон нийт, уншигчдад тунхаглаж, мэдлэгтэй, соёлт нийгэмд уриалахыг  форумын гол зорилгоо болгож байв. Мөн  “СОНИНЫ ФОРУМ-2017”-гийн үеэр анх удаагаа “Хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхаг”-ийг үзэглэсэн юм. Түүнчлэн Монголын өдөр тутмын сонинууд, үзэгт нэгтнүүд  анх удаагаа ёс зүйн тунхгаа албажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хууль зүйт шударга нийгмийн төлөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих өдөр тутмын сонинуудын тунхгийг Өдөр тутмын сонинуудын ёс зүйн тунхагтай хамтатган баталснаар сонины салбар дахь цэвэр, шударга, мэргэжлийн сэтгүүл зүйг уншигчдын өмнө дахин баталгаажуулсан гэж хэлж болно.

Тэгвэл өнөөдөр /2018.09.13/ Монголын өдөр тутмын сонинууд хоёр дахь форумаа зохион байгуулж байна. Энэ удаа нийгмийн анхаарлын төвд зүй ёсоор байх ёстой 10 чухал асуудлыг хөндөж байгаа юм. Нийгэмд хамгийн их тулгамдаж, эрсдэл дагуулж буй арван чухал сэдвийг өдөр тутмын сонинууд нийтлэлийн бодлогоороо нэгэн зэрэг хөндөж,  форумын үеэр онцлох сэдэв тус бүрээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.  Өдөр тутмын сонинууд Монголын сэтгүүлзүйн нэрт зүтгэлтэн, сонины түүхийн салшгүй эрхэм, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойд хүндэтгэл үзүүлэн энэ удаагийн форумаа энэ эрхэм хүний нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Өдөр тутмын сонинууд хоёр дахь форумаараа нийгмийн анхаарлын төвд зүй ёсоор байх ёстой дараах 10 чухал сэдвийг онцолж байна.

  1. ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
  2. ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
  3. МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ МЭНД
  4. ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫ БОХИРДОЛ /ЦЭВЭР АГААР
  5. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ: ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЭЛ
  6. МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ
  7. МОНГОЛ ИРГЭДИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ /Үнэн сонин/
  8. ХҮРТЭЭМЖИЙН СЭДЭВ: СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БОЛОН ОРОН СУУЦНЫ ХҮРТЭЭМЖ
  9. НИЙГЭМД НҮҮРЛЭСЭН ХАР ТАМХИНЫ ЭРСДЭЛ
  10. БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Эх сурвалж: www.polit.mn