Ажилгүйчүүдийн тоо буурчээ

Ц.БАЯР

Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн нийгэм, эдийн засгийн статистик мэдээлэл өгдөг билээ. Энэ удаад өнгөрсөн наймдугаар сарын үзүүлэлтийн талаар мэдээлэл хийв. Статистик судалгаанаас харахад өнгөрсөн хоёр сард ажилгүйдлийн түвшин тогтмол буурч байсан.  Өнгөрсөн зургадугаар сарын дүн мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3200 хүнээр буурч байсан бол  наймдугаар сард 2200 хүнээр буурчээ. Нийт 636.5 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Цалингийн хэмжээнээс хамаарч 47-85 мянган төгрөгийн шимтгэл төлсөн аж.  Ниймгийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмсэний дагуу 2018 онд хувь хүний төлөх шимтгэлийг нэг хувиар нэмэхэд 600 мянган төгрөгийн цалинтай хүний шимтгэл сардаа 6000 орчим төгрөгөөр нэмэгджээ.

Зарим мэдээний товчхон

  • Улсын хэмжээнд 2018 оны эхний найман сард 51360 эх амаржиж, 51677 хүүхэд мэндэлжээ.
  • Энэ онд хамгийн их хур тунадас Баянхонгор аймгийн Баянбулаг суманд оржээ.
  • Өнгөрсөн наймдугаар сард агаарын температур Баянхонгор аймгийн Эхийн голын нутгаар хамгийн халуун буюу +37.9 хэм байсан бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар хамгийн их хүйтэн буюу -0.3 хэмд хүрчээ.
  • Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2018 оны эхний найман сард 2938 болж, өмнөх оны мөн үеэс 279-өөр буурав.
  • Улсын хэмжээнд 2018 оны эхний найман сард 25354 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5858-аар өсжээ.
  • Монгол Улс 2018 оны эхний найман сард 147 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.7 тэрбум америк доллар, импорт 3.8 тэрбум америк долларт хүрлээ.
  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард 0.8 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.6 хувь, өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өссөн байна.

Эх сурвалж:www.polit.mn