ОХУ эх хэлийг дэмжих сан байгуулна

© РИА Новости / Алексей Филиппов

Д.ЭНХЭЭ

ОХУ-ын олон үндэстэн, ястны эх хэлийг хадгалж үлдэх, судлах явдлыг дэмжих санг үүсгэн байгуулахаар төлөвлөж байна хэмээн Үндэстний хэрэг эрхэлсэн холбооны агентлагийн тэргүүн Игорь Баринов Дорнын эдийн засгийн форум дээр мэдэгдсэнийг “Риа Новости” уламжлав. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын эхээр эх хэлийг судлах тухай хуульд гарын үсэг зурсан билээ. Үндэстэн, ястны эх хэлний салбар дахь шинжлэх ухааны асуудал, боловсролын холбогдох арга зүйг боловсруулах асуудлыг эрхлэх чиг үүрэг бүхий эх хэлийг дэмжих сан байгуулах саналыг тусгасан агуулга бүхий хуулийн төслийг Төрийн дум эхний хэлэлцүүлгээр баталсан. Гэхдээ уг асуудал боловсролын тухай хуулиар зохицуулах асуудал биш учир сан байгуулах асуудал хуулийн төслийн хүрээнээс хальж гарсан ажээ.

“Манай орны үндэстэн, ястнуудын эх хэлийг хадгалах, судлах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ санг байгуулж болно. Үндэстэн, ястнуудын эх хэл бол манай үндэсний бахархал, түүх соёлын өв юм. Сангийн үүсгэн байгуулагчид нь Гэгээрлийн яам, Үндэстний хэрэг эрхэлсэн холбооны агентлаг байна” хэмээн Баринов тодотгов. Түүний хэлснээр “Русский мир” сангийн ивээн тэтгэх зөвлөлийн дарга Людмила Вербицкая, Төрийн думын боловсрол, шинжлэх ухааны хорооны тэргүүн Вячеслав Никонов нарын гаргасан сан байгуулах саналыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дэмжсэн байна.

Хэлний бодлого, үндэстэн хоорондын харилцааг найрсаг болгох хүрээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд уг сан тус нэмэр болохыг Баринов онцлов. Дорнын эдийн засгийн дөрөвдүгээр форум “Русский” арал дээрх Алс Дорнодын холбооны их сургуулийн хотхонд  сарын 11-13-нд болж байна. Мэдээллийн олон улсын “Россия сегодня” агентлаг Дорнын эдийн засгийн форумын мэдээллийн ерөнхий түншээр ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж www.polit.mn