“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууны онцлох 8 эшлэл

“Зууны мэдээ” сонины есдүгээр сарын 10-ны дугаарт нийтлэгдсэн “Leaderships forum” булангийн зочин “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууны онцлох найман эшлэлийг хүргэж байна.

  1. Ашигт малтмалыг үр ашигтай зарцуулах, улс орны хөгжил, эдийн засагт оруулах хувь нэмэр, өгөөжийг нь өндөр төвшинд хүргэхийн тулд салбарын эрдэмтэн, судлаачдын оролцоо чухал. Эрдэмтэн судлаачидтай хамтарснаар улс орны хөгжлийн суурь бодлого, эдийн засгийн чадавхийг сайжруулахад тэдний оюуны бүтээлд түшиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг гаргаж олон улсын зах зээлд нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй.

  2. Ер нь улсыг хөгжүүлэхэд олон талын ургальч үзлээс гадна талуудын оролцоотой бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

  3. Хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гарц гаргалгааг олж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төрийн бодлогын дэмжлэг авах учиртай.

  4. Хэрэв бид илүү орлого олъё гэвэл боловсруулсан нүүрсийг экспортод гаргаж болно шүү дээ. Үүний тулд техник технологи, шинэ санаачлага шаардагдана. Хувийн хэвшил техникийн асуудлаа шийдвэрлэлээ гэхэд эрдэмтэн судлаачид эцсийн бүтээгдэхүүн хийх шинэ санааг дэвшүүлдэг байх учиртай.

  5. Судалгааны институтийг байгуулан түүндээ түшиглэн ямар чиглэлийн үйлдвэрлэл явуулах, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Химийн институтийг түшиглэн үйлдвэрлэл явуулах нөөц бололцоо бий. Жишээлбэл, нүүрснээс нефть болон хулдаас гаргаж авах боломжтой. Тэгэхээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр тухайн салбар хөгжихийн зэрэгцээ эдийн засагт ч дорвитой өсөлт гарч ирнэ.

  6. Улсын эдийн засгийг чадавхижуулж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд судалгааг сайн хийх нь чухал. Үүний дараагаар аль салбарт, ямар төсөл хэрэгжүүлбэл илүү өгөөжтэй вэ гэдгээ тодорхойлон эрэмбэлэх нь зүйтэй.

  7. Төслийг хэрэгжүүлэхийн тулд техник технологи, хөрөнгө оруулалтын асуудал тулгарна. Үүнтэй зэрэгцэн боловсон хүчний асуудал ч гарч ирнэ. Тэгэхээр аль ч салбарт дутагдаж буй мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талд төрийн бодлогоор зохицуулалт хийж, дэмжих нь зүйтэй.

  8. Дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чадвартай мэргэжилтэн чухал байдаг. Мэргэжлийн ажилтныг бэлтгэхийн тулд онол заахаас гадна дадлага туршлага хуримтлуулахад анхаарах ёстой.

Эх сурвалж: www.polit.mn