Cургуулийнхаа тоог мэддэггүй сайд

Л.ХЭРЛЭН

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа саяхан TV-5 телевизээр ярихдаа  “Манай улсын хэмжээнд ерөнхий боловсролын нийт   270  сургуультай”  гээд аваад хаяжээ. Монгол Улс жижигхэн нь үнэн, хүн ам  нь ч цөөхөн. Гэхдээ яаж ч андуурсан,  хэчнээн цээжний бангаар ярьдаг  салбарын сайд  байсан ч  энэ нь  харамсалтай бөгөөд  эмгэнэлтэй юм. Захаас аван Монгол Улс 21 аймаг, 331 сумтай гээд  бодоход л 270 гэсэн тоо гарахгүй шүү дээ. Тоо ярихаа байя, зүгээр   хар ухаанаар багцаалдахад аймаг, сум, дүүргийн сургууль  дээр төр, хувийн хэвшлийн, дээр нь тусгай дунд сургуулиудаа нэмчихэд 700 дөхнө. Гэтэл бүхэнл бүтэн салбарын сайд  зөвхөн ЕБС-ийнхаа тоог гаргаж чадахгүй төөрөлдөж,  телевизээр буруу мэдээлэл хийж бусдыг ч бас төөрөлдүүлээд явж байна. Түүгээр зогсохгүй  бодолгүй ярьдаг эхнэрээ  өмөөрч нөхөр нь сошиал орчинд  бусдыг хэл амаар доромжилж, сүрдүүлээстэй. “Манай улсын ЕБС-ийн тоо 270 биш” гэж шүүмжилсэн иргэний постын дор Ц.Цогзолмаа сайдын нөхөр    Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав өөрийн цахим хаягаас “Тэгээд та нар хэдэн сургуультайг мэдэх юм уу” хэмээгээд ёс бус үгсээр доромжилжээ. Хэдий сошиал орчин чөлөөтэй ч гэлээ төрийн сайдын нөхөр, төрийн албан хаагч хүн ийм авир гаргаж боломгүй. Ер нь тэгээд “Ямар ноён байна, тийм түшмэл байна” гэгчээр Засгийн газар нь ажлаа мэдэхгүй, тогтоол шийдвэрүүд нь  байнга шахам буруу гардаг бол салбарын сайд нь ч бодолгүй, бодлогогүй ярьж элэг доог болоод явж байна. Тэгэхээр энэ байдал цаашаа  улс орны гадаад нэр хүнд, өнөөдөр үүсээд буй  дотоод байдалд ч сайн зүйл авчрахгүй нь ойлгомжтой юм.

Эх сурвалж:www.polit.mn