Улстөрч худ ургийн тоо нэгээр нэмэгдлээ

П.МАНДАХ

Намрын тэргүүн сарын билэгт сайн өдрүүдээр Монголын маань олон хос хуримаа хийж, гал голомтоо бадрааж буй.

Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын ууган хүү Баттүшиг, “МАК” Б.Нямтайширын ууган охин Цэлмүүн нар болж, хуримаа хийжээ.

Б.Баттүшиг Чикагогийн Их Сургууль, Харвардын Бизнесийн Сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, “Морган Стэнли”, “Голдман Сакс” зэрэг том корпорациудад ажиллаж байсан. Тэрээр 2014 онд Монголдоо эргэж ирээд, өдгөө “Emart” их дэлгүүр, “Скайтел Групп”-ийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, “Монголд Та Хэрэгтэй” ТББ-ын үүсгэн байгуулагчаар ажиллаж байгаа юм

Харин Н.Цэлмүүний хувьд АНУ-ын Индиана мужийн Valparaiso Их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Мөн Хонгконг дахь Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженерийн хөтөлбөрт хамрагдсан. Ажлын гараагаа “Худалдаа хөгжлийн банк”-ны Хөрөнгө зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр эхэлж байжээ.  Одоо тэрээр “МАК” групп дэд ерөнхийлөгчийн алба хашдаг. Мөн тэрээр 2013 оноос “Хас банк”-ны ТУЗ-ийн гишүүн болсон гэх зэрэг мэдээлэл бий.

Б.Баттүшигийн хувьд улс төрд орвол хаа ч хүрч мэднэ гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Улстөрч, бас бизнесмэн аавын нөлөө түүнийг газардуулахгүй. Үүний зэрэгцээ Б.Баттүшигийн хүмүүжил, хандлага, сурсан мэдсэн нь аавын нөмөр нөөлгөөс дутахгүй өөрт нь хэрэг болно гэж үнэлдэг хүн олон байдаг аж.

Харин Н.Цэлмүүний аав Б.Нямтайширыг бизнесмэн хэдий ч Монголын улс төрд тодорхой нөлөөтэй гэдгийг хэн хүнгүй ярьдаг. Мөн ааваасаа илүү ах Н.Номтойбаяр нь  улс төрд орж, идэвхтэй ажиллаж яваа.

Юутай ч Б.Баттүшиг, Н.Цэлмүүн хоёр гэрлэснээр Монголын улстөрч худ ургийн тоо нэгээр нэмэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn