Эрдэмтэд стрессийн сайн чанарыг нэрлэв

Д.ЭНХЭЭ

Хүн сэтгэл хямарсан үедээ муу мэдээг тайван байх үеэсээ илүү сайнаар анхаарч хүлээж авдаг гэсэн дүгнэлтийг Лондоны их сургуулийн коллежийн судлаачид гаргасныг Journal of Neuroscience-д бичжээ.

Туршилтад 35 хүн оролцсон аж. Тэднийг хоёр бүлэгт хувааж, эхний бүлэгт нь хагас минутад математикийн зургаан бодлого бодох, дараа нь урьд нь судалж байгаагүй танил биш сэдвээр илтгэл тавих даалгавар өгчээ. Хоёр дахь бүлэг энэ хугацаанд хөнгөвтөр бичгийн дасгал ажиллаж байв.

Үүний дараа оролцогчид өөрсдийн амьдралд тохиолдсон хүнд хэцүү цаг мөчийг эргэн санаж, түүнд үнэлгээ өгөх даалгавар гүйцэтгэжээ. Эдгээр туршилтын үр дүнд эргэцүүлэн бодох сэтгэлгээнд стресс хэрхэн нөлөөлдөгийг олж тогтоожээ. Тухайлбал, тайван хүмүүс сайн мэдээг сайн хүлээж авдаг бол сэтгэлийн хямралтай хүмүүс эсрэгээр ердийн үед тоомсоргүй ханддаг тааруу муу мэдээг илүү сайн анхаарч хүлээж авдаг ажээ.

Судалгааны хоёр дахь үе шатыг Колорадод 28 гал сөнөөгчийг оролцуулан явуулжээ. Тэдгээр сайн дурынхнаар мөн л ижил даалгавар гүйцэтгүүлжээ. Эцэст нь эрдэмтэд өөрсдийн дүгнэлтээ баталгаажуулсан байна.

Судлаачид өмнө нь эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн организмд стрессийн үзүүлэх нөлөөг бууруулж болохыг олж тогтоосон аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин