ЗТХЯ-ны газрын даргыг яллагдагчаар татаж, хорилоо

С.САРУУЛ

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М нь тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ын амь насыг хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Урьдчилсан байдлаар тэднийг хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж, улмаар нэгнийхээ амь насанд хүрснийг цагдаагийн байгууллагаас тогтоогоод байгаа аж.

Тэгвэл СБД-ийн Прокурорын газраас  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэжигтэн М-г цагдан хорих санал ирүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар сэжигтэн М-ыг  яллагдагчаар татаж нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

ХУУЛИЙН ЗААЛТ:

14.9 дүгээр зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

14.10 дугаар зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа

1.Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.

Эх сурвалж: www.polit.mn