Бага насны хүүхдийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлагджээ

Б.ЭНХЖАРГАЛ                               

Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр батлагджээ. Ингэснээр цэцэрлэгт хамрагдах боломжгүй 4-5 настай хүүхэд эцэг, эхийн тусламжтайгаар сургуульд бэлтгэгдэх боломж бий болсон байна.

“Хүүхдийг ивээх сан”, Дэлхийн банкны санхүүжилтээр “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах” нь төслийг 2012-2017 онд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд анх удаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй малчдын хүүхдүүдэд болон эцэг эхэд нь зориулсан сургалтын хөтөлбөр бий болсон аж. Алслагдсан орон нутагт хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон байна.

Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх гарын авлага болгон 100 ширхэг ном, 30 төрлийн тоглоомыг ашигладаг хэмээн “Хүүхдийг ивээх сан”-гийн боловсролын хөтөлбөрийн менежер Ц.Гэрэлтуяа хэллээ. Тэрээр олон нийтийн боловсролын  зөвлөл байгуулсан ба 7-11  гишүүнтэй бөгөөд сургагч, чиглүүлэгч багш нар ажилладаг. Хөтөлбөрт 8500 гаруй хүүхдэд хамрагдаж амжилттай хэрэгжүүлсэн үзүүлэлт гарсан хэмээн онцлон тэмдэглэсэн.

Дашрамд дурдахад, бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр нь эцэг эхэд зорилусан “Та өөрөө багш” гарын авлага, хүүхдэд зориулсан “Би чадна” гарын авлага, нэмэлт цахим хэрэглэгдэхүүн, эцэг эхийн сонсдог ном, сургуулийг түшиглэн байгуулсан “Миний номын өргөө” зөөврийн ном, тоглоомын багцаас бүрддэг ажээ.

Эх сурвалж: www.polit.mn