Ж.Бат-Эрдэнэ та баарны эзэн биш шүү!

Б.Дамдин-Очир

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажил дээрээ архидаж нэгнийхээ амь насыг хөнөөлөө. Энэ талаар тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ тайлбар өгчээ. Тэрээр “…Өчигдөр би 18.00 цагт хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Ажлаа хийж байсан хоёр газрын дарга дээр дахиад хоёр газрын дарга нэмэгдээд дөрвүүлээ уусан байгаа юм. Тэгээд л ийм золгүй хэрэг болж. Би 19.00 цагт фитнесст ороод 21.00 цаг өнгөрөөгөөд гарсан. Харьж явах замд 22.00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, явдлын талаар хэлсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байсан. Тэд архи ууж байгаад 21.00 цагийн үед яамнаас гарсан байгаа юм. Дөрвүүлээ үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна” гэсэн байна. Сайд Ж.Бат-Эрдэнэ мэддэг бүхнээ л ярьсан бололтой. Гэхдээ тэр өдийд баарны эзэн шиг юм яриад зогсч байх ёсгүй хүн юм. Ж.Бат-Эрдэнэ бол төрийн сайд. Хэрэг гарсан газар нь төрийн яам. Тэнд архидаж зодолдох байтугай алхаж гишгэхдээ хүртэл болгоомжтой явах ёстой юм, уг нь. Дээрээс нь Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн яамыг хариуцсан сайдын хувьд тэнд болж байгаа бүх зүйл түүнд хамаарна. Сайн муу, гавьяа гай бүгдийг үүрэх гэж салбар хариуцсан сайд болъё гэж зүтгэсэн байж таарна. Тиймээс Ж.Бат-Эрдэнэ чин сэтгэлээсээ биш юм гэхэд төрийн сайдын хувьд уучлалт гуйх ёстой байсан юм. Яагаад гэвэл тэнд ийм хэрэг байтугай илүү дутуу үгээ цэнэж явах ёстой Монгол төрийн яам юм. Дахин хэлэхэд, Ж.Бат-Эрдэнэ бол баарны эзэн биш, Зам тээврийн хөгжлийн яам бол баар цэнгээний газар биш юм.

 Эх сурвалж: www.polit.mn