“Тал нутгийн марафон”-д 1200 тамирчин оролцоно

П.ОТГОНДАЛАЙ

“Тал нутгийн марафон” тэмцээн энэ сарын 19-нд Шавартын аманд болно. 22 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж буй тэмцээнд дотоодын 1000, гадаадын 200 гаруй тамирчин оролцохоор болжээ. Үүнд Японоос 100, Тайланд, Малайз, Хятад, Непал зэрэг орноос 50 гаруй, Европ, Америк тивээс нийлээд 50 тамирчин оролцоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан аж. Тамирчид уламжлал ёсоор 3, 5, 10, 21 километрийн зайд уралдах юм. Энэ жилийн тэмцээн анх удаа “Ултра Трайл” төрлийн уул ус, тал, нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн төрлийн оруулж ирснээрээ онцлог юм. Тус төрөл нь Богдхан уулын Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээтээс Зайсан толгой хүртэл 50 километрийн зайд болох юм байна. Энэ төрөлд түрүүлсэн Монгол Улсын тамирчинд олон улсын “Ултра трайл” тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардуулах аж. Үүнээс гадна шаардлагатай бүх зардлыг нь хариуцана гэж тэмцээнийг хамтран зохион байгуулагч “Шёова Холдингс” компанийн монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Э. Тамир онцоллоо. Уралдаан нийт 2. 9 сая төгрөгийн шагналын сантай юм байна. Оролцохыг хүссэн тамирчид msut.run” цахим хаяг болон Спортын төв ордон, Монголын үндэсний олимпын хороонд дээр биечлэн очиж наймдугаар сарын 18-ныг хүртэл бүртгүүлэх боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn