Таарамжгүй харилцаанаас болж нэгнийхээ амийг хөнөөжээ

Ч.ТУЛГА

Өчигдөр буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед Зам тээвэр, хөгжлийн яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурсаны улмаас маргалдаж нэгнийхээ аминд хүрсэн тухай бид өмнө нь мэдээллэсэн. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм.  Хэргийн тухай Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Тэрээр “Цагдаагийн 102 утсанд өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн яамны байрны гадаа хүн нас барлаа гэдэг дуудлага ирсэн. Хэргийн газарт цагдаагийн нэгдүгээр бүрэлдэхүүн очиж, үзлэг шалгалт хийсэн. Шалгалтын явцад Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-гийн амь насанд тус яамны Төрийн тусгай  удирдлагын газрын дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.  Хохирогч Г-гийн үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтооно” гэв.Үүнээс гадна цахим орчинд албан тушаал булаацалдаж нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл цацагдаж буйг үгүйсгээд энэ хэрэг хувийн таарамжгүй байдлаас болж гарсан гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn