Б.Тулга: Цэц бүлэглэлийн халаасанд байгаа эсэх нь нөхөн сонгуулиас харагдана

С.САРУУЛ

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжаа намууд өнөөдөр /2018.08.10/  гардлаа. Ийнхүү нөхөн сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа ч нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж зарим хуульч үзэж  Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгуульд төрийн албан хаагчид нэр дэвших эрх үүсэхгүй  гэж үзжээ.

Нөхөн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн цэц дээр үүсээд байгаа маргааны талаар МАХН-ын ЕНБД Б.Тулгын байр суурийг тодруулахад “Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу явагдаж байна. Сонгуулийн хуулийн дагуу бүх зүйл явах ёстой. Үндсэн хуулийн цэц дээр сонгуультай холбоотой асуудал үүсгэх шаардлага байхгүй. Аль нэг улс төрийн хүчин, улстөрчөөс болгоомжилж буй захиалгат үйлдэл гэж харж байгаа.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц бүлэглэлийн халаасанд байгаа эсэх нь энэ удаагийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаас тодорхой харагдана. Улс төрийн хариуцлагагүй байдлыг өөгшүүлж, хамгаалж үлдэх нь цэцийн шийдвэрээс хамаарна” гэлээ.

Харин ХҮН-ын дарга Б.Найдалаа “Нөхөн сонгуулийг гацаах гэсэн оролдлого Үндсэн хуулийн цэц дээр очсон нь улс төрийн шинжтэй алхам гэж үзэж байна. Хууль журмынхаа дагуу явбал сонгууль болдгоороо болно байх” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn