Хаягдал аккумляторыг дахин боловсруулж тугалгыг нь экспортлодог

Г.АРИУНЦЭЦЭГ

Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар бүтдэгийг “Market watch” булангаараа дамжуулан хүргэдэг. Энэ удаа аккумляторыг дахин боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг “Заламт гол” компанитай танилцуулж байна.

 

“Заламт гол” компани нь өнгөрсөн онд байгуулагдсан. “Аккумляторыг дахин боловсруулж тугалгыг нь экспортод гаргадаг. Харин шингэнийг нь ялгаж таван тонны ёмкост хуримтлуулан Эрдмин компанид нийлүүлдэг. Ингэхдээ аюултай хог хаягдлыг тээвэрлэдэг компанитай хамтарч ажиллан зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж байна. Аккумляторыг дахин боловсруулахад хууль дүрмийг ягштал биелүүлэхээс гадна ажлын горимыг чандлан мөрдөх шаардлагатай. Шингэнийг хуримтлуулахдаа аккумлятор задалдаг хэсгийнхээ зүүн урд ёмкост байрлуулсан. Тэнд шүүлтүүрээр шүүн хоолойгоор дамжуулж савлагаанд оруулахад бэлтгэдэг” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Даваасүрэн ярив. Одоогоор 10 орчим ажилтантай. Тус үйлдвэр аюултай хог хаягдлыг дахин боловсруулж буй учраас хуулийн хүрээнд стандартыг баримталж ажилладаг байна.

Үйлдвэрийн гол төхөөрөмж нь зуух. Тугалгыг хайлуулахын тулд сайн чанарын нүүрс ашиглах шаардлагатай. Тиймээс хүрэн нүүрсийг коксжсон нүүрстэй хольж хэрэглэдэг байна. Тус үйлдвэр түүхий эдээ хураах байр, шингэнийг ялгаж савлах ёмкост, тугалга хайлуулах хэсэгтэй. Хоёрдогч түүхий эд авдаг цэгээс аккумлятороо худалдаж авдаг. Ингэхдээ зориулалтын тээврийн хэрэгсэл ашигладаг хэмээн Б.Даваасүрэн захирал хэллээ. Хэдийгээр зардлаа нөхөж чадахгүй байгаа ч их хэмжээгээр хаягдал болж буй аккумляторыг дахин боловсруулах жишиг үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж буйгаа тэрээр онцолсон юм. Түүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрдөхийг ажилчиддаа үүрэг болгожээ. Хүхрийн хүчил нэвтрүүлэхгүй зориулалтын өмсгөлтэй бөгөөд ажиллах нөхцөл нь хүнд, хортойд тооцогддог тул ажилчдадаа хор тайлах бүтээгдэхүүнийг нормын дагуу өгдөг байна.

Мөн аккумляторын шингэнийг ялгаж авах талбайг стандартын дагуу барьсан аж. Тухайлбал, 40 см-ийн зузаан асфальт дээр 20 см-ын зузаан пилонк дэвсэн дахин асфальтаар бүржээ. Энэ нь хүхрийн хүчлийг хөрс рүү нэвчүүлэхгүй байх боломжтой юм байна. Тугалгаа хайлуулахдаа гал түлдэг хэдий ч нүүрсний утаа яндангаар гарахгүй байсан юм. Учир нь зуухнаас гарч буй утааг 105 шүүлтүүрээр шүүн хоргүйжүүлжээ. Түүнчлэн зуухнаас гарсан нүүрсний үнсэнд тодорхой хэмжээний тугалганы хольц байдаг учир ил задгай хаядаггүй. Харин дахин боловсруулж бүтээгдэхүүн хийхээр судалж байгаа хэмээн Б.Даваасүрэн захирал ярьлаа. Аккумлятороос гарсан шингэнийг аюултай хог хаягдал тээвэрлэх компанитай гэрээлэн тодорхой хугацаанд төлбөр төлж хаядаг байна.

Хүхрийн хүчлийг ялгаж хуримтлуулах хэсэг.

Тугалга хайлуулахдаа хүрэн нүүрсийг коксжсон нүүрстэй хольж хэрэглэдэг.

Хайлсан тугалгыг хэвлэх дамжлага руу шилжүүлэх үе.

Цутгах хэсэг.

Экспортод гаргахад бэлэн болгосон бүтээгдэхүүн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин