Энэ хичээлийн жилд 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана

Ч.ЗОТОЛ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Эмээлт, 61-ийн гарам, Жаргалант тосгон зэрэг алслагдсан хороо, тосгоны сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсан бол өнөөдөр өглөө  тус дүүргийн 210, 228 дугаар цэцэрлэг, 12, 62 дугаар сургууль  дээр ажиллажээ.

Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, цэцэрлэгүүд үндсэн сургалтаас гадна гэр бүлэг байгуулан ажилладаг аж. Энэ мэтээр хувилбар сургалт явуулж, сургуулийн өмнөх боловсролын хамрах хүрээг нэмэгдүүлэх боломжийг ашиглаж  идэвх, санаачилга гаргаж  байгааг салбарын сайд дэмжиж буйгаа илэрхийллээ.

Мөн сургууль, цэцэрлэгүүд  өвөлжилт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлаа чанартай хийж гүйцэтгэх, хөрөнгө оруулалтын ажлын чанарт хяналт тавьж, сурах орчны стандартыг чанд мөрдүүлэн ажиллах нь чухал гэдгийг салбарын сайд онцолсон байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт 47 цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг юм байна. Тус дүүргийн цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлуудын явц хангалттай сайн байгаа. Мөн шинээр баригдсан цэцэрлэг, сургуулийн барилга, өргөтгөл зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, чанар сайн байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийнхэн хэлж байв.

Үүний зэрэгцээ зарим боловсролын байгууллагад хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын чанар  дутагдалтай, стандарт хангаагүй байгааг ч тухайн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт анхааруулж, зөрчлийг арилгах чиглэл өгчээ. Тухайлбал, 2017 онд ашиглалтад орсон Сонгинохайрхан дүүргийн 244 дүгээр цэцэрлэгийн барилгын дээврээс ус гоожиж байгаа нь барилгын чанар хангалтгүй, холбогдох стандартыг мөрдөөгүйтэй холбоотой аж. Энэ жил ашиглалтад орж буй 228 дугаар цэцэрлэгийн хувьд мөн л борооны ус зайлуулах суваггүй, хүүхдийн гар угаах угаалтуур сургалтын орчны стандарт хангахааргүй хэт жижиг байгаа зэрэг дутагдал илэрчээ. Эдгээр зөрчил, дутагдлыг яаралтай арилгах, гүйцэтгэгч байгууллагуудтай хамтарч ажиллаж, стандартыг хангуулах чиглэлийг ажлын хэсгээс өгсөн байна

Сургууль, цэцэрлэгийг өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнтэй танилцах ажлын хэсэг энэ долоо хоногийг дуустал ажиллаж дүнгээ гаргах юм.

Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь 81.5 хувьтай байсан бол энэ жил 82 хувьд хүргэхээр зорьж байгаа ажээ. БСШУСЯ-наас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 2-5 насны 312611 хүүхэд байгаа бөгөөд үүний 82 хувь буюу 256 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах юм байна. Үндсэн сургалтын зэрэгцээ хүүхэд харах үйлчилгээ, хувилбарт сургалт, гэр сургалт зэрэг бүхий л боломжийг ашиглан хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар зорьж байгаа.  2018-2019 оны хичээлийн жилд 70 орчим мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах ажээ.

Эх сурвалж: www.polit.mn