Төсвийн эх үүсвэрийн төрлөөс шалтгаалах бодлогын ялгаа

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

 

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадав­хийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн дугаарт, шинээр бодлого боловсруулахад шаардагдах “төсвийн эх үүсвэр”-ийн талаар Японы туршлагаас хуваалцах болно. Нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь санхүүгийн баттай эх үүсвэр байдаг. Хэчнээн сайн бодлого байгаад төсөвгүй бол ямар ч хэрэггүй. Төсвийн эх үүсвэр хэд, хэдэн төрөлтэй байх ба төрлөөс хамаарч хэрэгжүүлэх бодлого нь өөр, өөр байдаг. Эхлээд, тогтмол бус төсвөөр зам тавих, барилга барих зэрэгт зарцуулах нь илүү үр дүнтэй. Тухайн үед л орж ирэх хөрөнгө учраас жишээ нь сургуулийн багш эсвэл халамжийн байгууллагын ажилчдын цалин гэх мэт тогтмол зардал шаардсан бодлогод тохиромжгүй.

Урт хугацааны тогтвортой бодлогын төсвийн эх үүсвэрийг орлогын албан татвар, хэрэглээний татвар зэргийг нэмэгдүүлэх замаар бүрдүүлж болно. Энэ нь улс төрийн санал авахад хэцүү ч нийгмийн хамгаалал, боловсрол гэсэн ард иргэдийг бүхэлд нь хамарсан бодлогод зарцуулж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөнөөр улс төрийн эрсдлийг бууруулж болно. Нийгмийн даатгалын шимтгэл нь эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, ажилгүйдлийн даатгалын үйл ажиллагааг явуулахад нэн чухал эх үүсвэр юм. Татвараас ялгаатай нь шимтгэлээ төлсөн иргэнд тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх тул шимтгэлийг зөвхөн олголтод зориулна гэсэн хууль тогтоомжтой байдгаараа онцлог.

Японд аж ахуйн нэгж нийт ажилчдынхаа тодорхой хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах үүрэгтэй. Тэр хэмжээнд хүрэхгүй тохиолдолд торгууль төлдөг. Энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод ашигладаг. Бас нэгэн санхүүгийн эх үүсвэр нь мөрийтэй тоглоомын орлого байдаг. Японд мөрийтэй тоглоомоос олсон ашгийн тодорхой хувийг спортыг дэмжих эсвэл халамжийг сайжруулахад зарцуулдаг. Мөрийтэй тоглоом ба спорт, халамж нь хоорондоо авцалдахгүй мэт боловч төсвийн эх үүсвэргүй бол сайн бодлого хэрэгжихгүй учир энэ арга ч гэсэн нэлээд үр дүнтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин