Утаа их ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг Нийтийн тээврийн газарт шилжүүлж байна

С.САРУУЛ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж талбайд зарим төрлийн авто тээврийн хэрэгслийг зорчихыг хязгаарлах Засаг даргын захирамж  гарч наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. Захирамжийн хүрээнд  хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа, стандартын шаардлага хангахгүй автотээврийн хэрэгслийг дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулахгүй ажлыг зохион байгуулж, тодорхой цэгүүдэд зөөврийн утаа хэмжигч төхөөрөмжтэй манай албан хаагчид болон мэргэжлийн хүмүүс хяналт шалгалт хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 100 орчим тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авсан бөгөөд стандарт хэмжээнээс утаа их ялгаруулж байгаа автобуснуудын бичиг баримтыг Нийтийн тээврийн газарт шилжүүлж байгаа аж. Манай улсад 940.327 тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 496.720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй.  Нийт автомашины 757,157 нь буюу 80 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан гэх статистик мэдээлэл бий. Нэг суудлын машин нэг км замыг туулахад 0.43 гр, 10 мин түгжрэлд зогсоход 0.59 гр NOx ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг ажээ. NOx гэх нэгдэл нь агаар мандлыг гэмтээгч, озон болон хүчиллэг бороог үүсгэдэг NO2 буюу азотын давхар ислийг агуулж байдаг гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn