Д.Мурат, Х.Бахытгүл нар шүүх хуралд оролцож байна

С.САРУУЛ

Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Муратыг бусдын биед гэмтэл учруулсан гэх хэргээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Түүнийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш шалгасан бол өнөөдөр /2018.08.8/ түүнийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэллээ. Шүүх хуралд яллагдагч Д.Мурат, хохирогч Б.Бахытгүл нар оролцож байгаа бөгөөд хаалттай үргэлжилж байгаа юм.

Прокуророос Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузагт Эрүүгийн хуулийн 11.4.1, 21.2.1  дэх зүйл заалтаар эрүү үүсгэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 6-нд шилжүүлсэн билээ.

ХУУЛИЙН ЗААЛТ:

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх

1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ

Эх сурвалж: www.polit.mn