Халуун кофе ба ном

Р.МӨНХЗАЯА

Сүүлийн жилүүдэд номын клуб гэх ойлголт бий болж хүмүүс сайн дураараа нэгдэн ном уншиж, уулзалт хийж, номоо солилцдог болсон. Номтой холбоотой олон аян өрнөж тэр хэрээр хүмүүсийн ном унших идэвхи сэргэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ чимээ аниргүй мөртлөө тохилог орчинд халуун кофе уунгаа номын ертөнцөд аялах нь нэг ёсны кайф болж. Тиймээс ч Улаанбаатар хотод номын сантай кафе олон болжээ. 

 

ШИДТЭНИЙ ЕРТӨНЦӨӨР АЯЛУУЛАХ “ХАРРИ ПОТЕР”-ЫН БУЛАН

Эх хотод минь цэцэг ногоо дэлгэрч, намрын улирлыг урин дуудсан намуухан салхи сэвэлзээд нэг л сайхан. Хичээл, сургуульдаа орохоор яаран тэмүүлсэн хүүхдүүдээс гадна зуны улирлыг зугаатай өнгөрөөх нэгээхэн хэсэг байхад оюундаа хөрөнгө оруулж, номын ертөнцөд аялах хүсэлтэй залуус ч байна. Тиймээс төрөлх хотын минь төвд байрлах номын сантай кафенуудыг сонирхлоо. Миний эхний зогсоол “Циферблат” кафе. “Залуучуудын холбоо”-ны гурван давхарт байрлах энэ кафед ороход тавиур дүүрэн ном угтсан юм. Ширээн дээрээ хүртэл ном байрлуулжээ. Нийт 700 гаруй номтой гэж байв. Үүнээс гадна өөр нэгэн шийдэл нь сонирхол татсан юм. Учир нь Ж.К.Роулингийн “Харри Потер”-ын  тухай цуврал номонд дуртай уншигчдад энэ кафе маш гүн сэтгэгдэл төрүүлэхээр юм. Кафед “Харри Потер” цуврал зохиолоос сэдэвлэн тохижуулсан булан байдаг юм байна. Таазнаас нь “Хогвартес”-ын дардас бүхий ил захидлууд унжиж, шидэт саваа, зурагт хуудас гээд зохиол дээр гардаг олон зүйлийг дуурайлган хийжээ. Яг л  энэ хэсэгт суугаад ид шид, уран төсөөллөөр дүүрэн зөгнөлт ном уншвал ямар сайхан бэ. Харин нөгөө хэсэгт  нь ил галын дэргэд  зөөлөн буйдан дээр сууж халуун кофе уунгаа ном унших боломжийг бүрдүүлжээ. Энэ кафед зочилсноор хүссэн номоо шууд авч уншихаас гадна зураг зурж, шатар тоглож болно. “Циферблат” кафед оюутан нэг минут суухад 80 төгрөг. Бусад үйлчлүүлэгч 100 төгрөг.  Ингэхээр нэг цагийн 4800-6000 төгрөг гэсэн үг. Цагийн мөнгөө төлсөн л бол дөрвөн төрлийн кофеноос сонгож, ундаа жигнэмэг үнэгүй авах боломжтой гэнэ. Энэ кафегаар зочлоод гарахад “Харри Потер ба гүн ухааны чулуу” кинонд гардаг шидтэний хар захаар  хэссэн мэт сэтгэгдэл төрүүлсэн юм.  Ийм сонирхолтой кафед ажиллах ямар байдаг тухай бристагаас нь асуухад  “Зарим хүмүүс  ажил дээрээ ядардаг бол би огт ядардаггүй. Жаахан бухимдсан үедээ ажил дээрээ ирээд бүхнийг мартчихдаг” гэсэн юм.

 

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЗОЧИЛЖ ҮЛГЭР УНШААРАЙ

Харин дараагийн содон зогсоол бол  “Азхур” номын дэлгүүрийн дээд давхарт байрлах номын сантай кафе  “Каффейн”.  Үүдээр нь ороход эмх цэгцтэй, саруулхан орчноос гадна нүдэнд дулаахан бриста угтсан юм. Мөн л 700 гаруй номтой гэж байв. Энэ кафед  Франц Кафкагийн “Ху­ви­рал тэргүүт тууж, өгүүллэгүүд”-ээс авахуулаад гурван тавиур дүүрэн ном бий. Агуу зохиолчдын сор бүтээлүүдийг эгнүүлэн тавьсныг нь хараад л баймаар. Магадгүй энэ бол Улаанбаатар хотын хамгийн гоё номын сантай кафе байх. Нэг тавиураа бяцхан уншигчиддаа зориулжээ. Хартал миний багадаа унших дуртай байсан Астрид Линдгренийн  “Расмус тэнүүлч хоёр” хэ­мээх ном байсан нь олон дурсамжийг сануулсан юм.  Тиймээс ун­шиг­чид маань тус кафед хүүхэдтэйгээ ирээд халуун кофе уунгаа  үлгэр уншиж өгч болох юм.  Кафед уулзалт зохиож, яриа өрнүүлэхэд  бусад үйлч­­лүү­лэгчдийн ая тухыг алдагдуудах явдал байдаг.  Харин “Каффейн”-д  ажил хэр­гийн уулзалт зохиоход тохиромжтой аж.  Учир нь 10-13 хүний багтаамжтай, шилэн тасалгаатай уул­залтын өрөөтэй юм билээ. Ийнхүү  өглөө эрт­л­эн хаалгаа нээдэг “Каффейн” кафед амттай кофе­гоор дайлуулаад цааш явлаа.

Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх, зөв эрүүл орчныг бүрдүүлэх зорилготойгоор 2014 онд “Book Cafе” төсөл хэрэгжиж байсныг санаж байгаа байх. Энэ төслийн хүрээнд номын сантай болсон “Татука” кафед саатлаа. Тус кафе олон улсын шаардлага хангасан   нээлттэй номын сан програмаар номоо бүртгэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “DCC” программаар номоо ангилдаг юм байна. Кафе хэрнээ яг л номын сангийн жишгээр ном бүр нь шифр, бар кодтой. Нэг жилийн эрхтэй уншигчийн үнэм­лэхийг  10 мянган төг­­­рөгөөр худалдан авч, тав хоногийн хуга­цаатай гэрээр ном авах боломжтой гэнэ. “Татука” кафегаар байнгын  үйлчлүүлэгч С.Заяа  “Би энд ирэх дуртай. Ном унших зуураа кофе уухад шинэ санаа төрж, олон зүйл эргэ­цүүлэн бодоход тусалдаг юм. Хэрэв энгийн кафед суу­вал кофе уунгаа утсаа л оролдоно шүү дээ” гэсэн юм. Харин Ч.Ган­жавхлангийн “Боорцог ба Сарнай” номыг уншиж суусан  Б.Нарангарав “Би энд ирэх болгондоо богино өгүүллэг уншдаг. Номын санд суух сайхан ч энд илүү тухтай байж, хүссэн амттанаа ч иддэг. Мөн миний худалдан авалтаас гурван мянган төгрөгийг “Ид шидийн орон” төсөлд хандивладаг юм билээ” гэв.

Одоогийн залуус ном уншихаа больчихсон гэх яриаг та сонсож л байсан байх. Гэвч номын сантай кафегаар өдөржин явахад огт тэгж санагдаагүй юм. Учир нь эдгээр кафед ном барьж суусан хүмүүсийн ихэнх нь залуус байсан юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин