“Эко тайхи” лагийг бордоо болгоно

Хольж бэлтгэсэн бактерийг хуримтлагдсан лаг руу хийж тодорхой хугацааны дараа бордоо болгоно.

Д.ОЮУНЧИМЭГ

Төв цэвэрлэх байгууламжийн үнэр нийслэлчүүдийн тав тухыг алдагдуулсаар нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. Харин бохирын үнэрийг дарах олон ажлыг зохион байгуулж байгаа ч үр дүнгүй байсаар.  Томоохон арга хэмжээний үеэр их хэмжээний хөрөнгө зарцуулан хэсэгхэн хугацаанд үнэрийг дарах ажлыг зохион байгуулдаг юм байна. Энэ нь төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж буйтай агаар нэг гэхэд хилсдэхгүй. Олон ч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эцэст нь төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг дарж устгах нь зүйтэй гэж үзсэн талаар мэргэжилтнүүд ярьж байсан. Харин судлаачид үүнийг нэг их таашаадаггүй. Сүүлийн үед “Эко тайхи” компани цэвэрлэх байгууламжийн үнэрийг дараад зогсохгүй хур лагийг бордоо болгож буй талаар эх сурвалжууд ярьж эхэлсэн. Тиймээс энэ компани хур лагийг хэрхэн бордоо болгож байгааг сурвалжилсан юм.

 

БАЙГАЛИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ БА БОРДОО

Бэлэн болсон бордоог нуруулдан бэлтгэсэн байдал.

“Эко тайхи” компани 720 мянган шоо метр бохирыг хоёр жилийн дотор бордоо болгох аж. Тус компани Засгийн газраас зарласан тендерт оролцож Төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг цэвэрлэх, үнэрийг дарах ажлыг хийхээр болжээ. Ингэхдээ Япон улсын эрдэмтэн Азечи Саданоригийн гаргаж авсан органик бактерийг модны үртэстэй хольж лагийг бордоо болгож байгаа талаар тус компанийн ерөнхий менежер Г.Нурдаулет ярив. “Эко тайхи” Японы технологиор  өдөр тутам гарч байгаа шингэн лаг, овоолго лаг, картуудад байгаа лагийг бордоо болгохоор ажлаа эхлүүлсэн байна. Ийнхүү гаргаж авсан бордоог уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой ажээ. Албаны эх сурвалж “Хэд хэдэн удаагийн туршилт судалгаа хийсэн. Мөн шингэн лаг дээр туршилт хийхэд үнэр арилсан. Тиймээс энэ технологиор үнэрийг дарахаас гадна Төв цэвэрлэх байгууламжийн лагийн картуудын ашиглалт сайжирна  гэж үзэж байгаа” хэмээн онцолсон юм. Ийнхүү төв цэвэрлэхийн эвгүй үнэрээс салахын тулд дэвшилтэт технологи ашиглан ажлаа эхлүүлсэн ч тулгамдаж буй асуудал гарсаар байгааг “Эко тайхи” компанийнхан учирлалаа. Тодруулбал, модны үртэс төдийлөн хэрэглэгддэггүй учраас хаягдал хог болох нь элбэг. Гэвч тус компанийг их хэмжээгээр авна гэдэг зар явуулж эхлэнгүүт үртэсний үнэ тооцоолсноос ч өндөр болж буй нь тэдэнд бэрхшээл болж байгаа юм байна. Одоогоор модны захууд болон зарим компаниудтай хамтарч ажиллаж буй. Гэсэн хэдий ч хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийн хүрээнд нэлээдгүй үртэс худалдаж авах шаардлагатай. Түүнчлэн өмхөрч унасан мод, модны зомгол, хаягдал ч тэдний үйлдвэрлэлд нэн шаардлагатай. Тус компанийнхан бордоонд хэрэглэгдэх түүхий эд болох үртэс болон хаягдал модыг худалдаж авдаг. Ингэхдээ нэг шоо метр үртсийг 10000, нэг шоо метр хаягдал модыг 20000 төгрөгөөр авдаг ажээ.

 

ЭКО БАКТЕР БА БОРДОО

Японы эрдэмтэн Азечи Саданори олон жилийн туршилтын үр дүнд гаргаж авсан органик бактери.

Лагийг бордоо болгохын тулд Японоос авч ирсэн бактерийг ус, үртэстэй хольж буй.

Японы эко бактери гэж чухам юу вэ. Японы эрдэмтэн Азечи Саданори “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бордоо болгож буй бактерийг олон жилийн туршилтийн үр дүнд гаргаж авсан. Фүкүшимагийн дэлбэрэлтээс болж  далайгаас ялзмаг, далайн хог хаягдал ихээр гарч тариа, будаа, ногооны талбайг бүрхсэн. Тухайн үед компаниуд ялзмаг хог хаягдалыг хуулж авна гэж байсан.  Харин манай компани хуулж авалгүйгээр байгаа чигээр нь янзлана гэсэн саналыг хүргүүлсэн. Ингээд манай компани үүнийг хийж, их хэмжээний мөнгө хэмнэсэн.  Үүний дараа миний арга технологи Япон даяар танигдаж одоог хүртэл ашиглаж байгаа” гэв. 100 шоо метр үртсийг нэг шоо метр органик бактери, 100 тонн устай хольж бордоо болгох юм байна. Бордоог аль ч талаар ашиглаж болно. Ямар нэгэн гаж нөлөө байхгүй.  Бордоогоор ой моджуулах, хөрс нөхөн сэргээх, газар тарилангийн алинд нь ч ашиглаж болно гэдгийг Японы эрдэмтэн хэлсэн. Гэхдээ манай улсын хувьд ногооны талбайд ашиглахаас илүүтэй ойжуулах, мод тарих, байгалийн нөхөн сэргээлтэд ашиглах нь илүү зохимжтой гэдгийг сануулсан юм. Учир нь Төв цэвэрлэх рүү зөвхөн ахуйн хог хаягдал, бохироос гадна үйлдвэрийн бохирдол орж хүнд метал ихээр хуримтлагдсан юм байна.

 

ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ЯАХ ВЭ?

Төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагт химийн элемент хортой бодис ихээр хуримтлагдсан байдаг аж. Тэмдэглэгдсэн хэсэг дэх картууд илүү хортой хэсэг нь юм байна.

“Эко тайхи” компанийнхан Нисэх, Төв цэвэрлэх байгууламж, Төв аймгийн цэвэрлэх байгууламжид туршилт хийжээ. Тэд органик бактерийг ашиглан лагийг бордоо болгосон байна. Энэ үед химийн элемент хортой бодис бага агуулагдсан хэсгийн бордоо нь бордуу өнгөтэй байсан бөгөөд химийн элементийн хэмжээнээс шалтгаалан саарал, хар саарал өнгөтэй бордоо гарсан байна.

“Эко тайхи” компани хоёр жилийн хугацаанд нийслэлчүүдийг бохирын үнэрээс нь салгана гэдгээ итгэл дүүрэн ярьсан. Түүнчлэн гаргаж авсан бордоогоо дотооддоо борлуулахаас гадна экспортлох ч боломж бий хэмээн тус компанийн ерөнхий менежер Г.Нурдаулет ярьсан юм. Ер нь үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлын нэг мэргэжилтэй боловсон хүчний хомсдол. Нэн ялангуяа хуримтлагдсан бохирыг бордоо болгох энэ ажлыг хийх мэргэжилтэй боловсон хүчин манай улсад дутмаг байдаг тухай зарим эх сурвалж хэлж байсан. Харин “Эко тайхи” компанийнхан шат дараатайгаар хүмүүсээ сургалтад хамруулахын зэрэгцээ Японд туршлага судлуулан, дадлагжуулж боловсон хүчнээ бэлтгэжээ. Одоогоор хүнд даацын ачааны машинаас эхлээд, үртэс, модны хаягдлаа хураах хашаагаа ч түрээсэлж буй. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлж дууссаны дараа тус компанийнхан гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулахад анхаарал хандуулна гэдгээ хэлж байсан юм. Эхний ээлжинд туршилтаар тодорхой хэсэгт “00”-д хуримтлагдсан лагийг бордоо болгох ажлыг хийхээр зэхэж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин