Г.Батжаргал: Хошуу наадмаа 85 жилийн дараа сэргээлээ

Э.АРИУНЖАРГАЛ

Монголын бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны хошууны наадам Баянхонгор аймгийн Баянлиг суманд боллоо.

Эрдэнэбандида хутагт  Ламын гэгээн шавь, Ламын гэгээнийхэн гэж нэрээрээ хол ойр дуурсгаж бахархаж явдаг нутаг усныхан цуглаж, Ламын гэгээний шашин соёлын цэнгүүнийг сүсэгтэн олон, хошуу нутгийн ард түмэнд түгээн дэлгэрүүлж, танилцууллаа.

Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламлалт ёс заншлаа хойч үедээ өвлүүлэх зорилгоор Ламын гэгээний шавь хэмээн нэрлэгдэж нэгэн цагт засаг захиргааны нэг нэгжид харьяалаглаж байсан тэр үеийн Эрдэнэбандида хутагтын хошууны наадмыг Баянхонгор, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийн тээл сумдыг оролцуулан зуны адаг сарын шинийн найманд зохион байгуулж байхаар Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Энэхүү наадмыг зохион байгуулах санаачилгыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар гаргасан байна.

Ламын  гэгээн шавийн нутаг бол нэг сум, нэг багийн хүрээнд яригдах хошуу, шавь бус харин бүс нутгийн хэмжээнд яригдах засаг захиргааны томоохон бүтэц байсан. Хангайн Эрхэт, Тамчаас говийн Сэгс цагаан богд уул хүртэл 500 гаруй км, 50-100 км өргөнтэй 4620 мянган хавтгай дөрвөлжин км нутаг бөгөөд бусад тамгатай хутагттай шавь нарын нутаг дэвсгэрээс хамгийн том нь байжээ.

Ламын гэгээний шавьд харъяалагдаж байсан сумд түүх, соёл, ёс заншлын хувьд салгаж зааглахын аргагүй бөгөөд хүн ард нь хүй, элэгний бат холбоотой билээ.

XX зууны хорь, гучаад оноос өмнө төрсөн ахмадуудыг аль сумын харьяат болохыг оноож тогтооход бэрх. Нэг сумын нутагт нь төрж, нөгөө сумын нутагт нь өсч, хожим өөр нэг сумд нь ажиллаж, амьдарч, басхүү тэдний хол ойрын ахан дүүс,төрөл садан нь эдүгээ сум бүрт байдаг. Ламын гэгээний шавийн нутаг нь хангай, тал хээр, говийг дамнасан гурван бүсийг хамарсан уртрагийн дагуу хуваасан урт гонзгой хэлбэртэй байлаа. Энэ бол нутаг хошууны хилийн дээсийг тогтоохдоо эрхлэх аж ахуй, аж төрөх аргатай нь нягт уялдуулж байсан монгол уламжлалын сонгодог жишээ юм. Энэ нь малчдад цаг улирлын аяст нийцүүлэн уртрагийн дагуух уудам орон зайд нутаг бэлчээр сонгон нүүдэллэж, мал сүрэгт тарга хүч авахуулах боломж олгодог, бэлчээр талхлагдахаас найдвартай хамгаалдаг, байгальд ээлтэй шалгарсан тогтолцоо байсан юм гэж Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал баярын хуралд тавьсан илтгэлдээ онцоллоо.

Зурхайч Л.Тэрбиш: Наадам гэхээр хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уудаг юм шиг боддог. Энэ наадам тийм биш байна

Ламын гэгээнтэн Их Монголынхоо нутаг дэвсгэр дээр цаг агаарын байдал, од гаригийн орчил, үр хаялга нь ямар байх юм, үүнийг аж ахуйдаа яаж хэрэглэх тухай ном гаргасан. Энэ нь Төгсбуянтын зурхай юм гэж шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Л.Тэрбиш хэллээ. Ламын гэгээний шавийн хошуу одоогийнхийг бодвол өргөн уудам нутагтай, Нацагдорж зохиолчийн хэлснээр дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай, таван зүйлийн тарианы хөрс шороот газартай байсан. Бүсчилсэн хөгжлийн тухай ярьж буй энэ цаг үед энэ нутгаас сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар санаачилж, хошуу нутгийн наадмыг хийж байгаад талархаж байна. Монголчууд наадмыг хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уудаг юм шиг боддог улс. Энэ наадам тийм биш байна. Ажил хэрэгч болж байна. Хошууны улсуудаа цуглуулж, гэгээнтнийхээ ном эрдмийг тайлбарлаж байгаад түүх судалдаг хүний хувьд, Монгол хүний хувьд, Монгол малчин хүний хүүхдийн хувьд их баяртай байна гэлээ.

Ийм өргөн уудам нутгийн наадам хийгээд, ах дүүс хоорондоо танилцаад, удам угсаагаа мэдээд баяр хуримаа хийгээд, аж ахуйгаа хөтөлж байгаа нь их ач холбогдолтой. Бүсчилсэн, хуучин хошууныхаа нутаг дэвсгэрийн байдлыг сэргээх бол их ашигтай, нүүдэлчдийн аж ахуйд их хэрэгтэй. Нөгөө талаар данхайсан толгойтой энэ олон дарга нар цөөрөх учиртай

Говь нутагт өнгөрөгч өвөл, хавар ган зуд турхан болсон. Хошуу наадам болох зар тавьснаас хойш бороо орж газар дэвтээд сайхан болж байна. Сайн юмны үр сайн байдаг юм байна. Дэлхийд зартай хутагтын хошуу ёс уламжлалаа сэргээж байгаад баяртай байна гэлээ.

Баянлиг сумын Засаг дарга А.Бадмаадорж: Ламын гэгээний улаан тэмээгээ улсын дансанд бүртгэлтэй болгосон

-Ламын гэгээний шавийн хошуу наадам бол удам угсаа, өв соёлоо авч үлдэх, хойч үедээ танилцуулах түүхэн үйл явдал юм. Олон жилийн дараа анх удаа хийж байна.

Манай Баялиг сумыг Ламын гэгээний шавийн хошууны үүд хаалга гэж олон түмэн ярьдаг. Энэ ч учраас манай сумаас энэ наадам эхэлсэн байх. Наадмын өмнөөс буюу наймдугаар сарын эхнээс хур бороо орж, нар хуртай дэлгэр сайхан зун, урт намар ирж байна.

Манай сум Ламын гэгээний улаан тэмээгээ өнгөрсөн намар Улсын дансанд бүртгэлтэй болгож омгоор батлуулсан.

Энэхүү хошуу наадмыг хийхдээ уралдах, барилдах, харвах биш түүх уламжлал, төрөл садан,  нутаг усаа мэдэх чухал гэдэгт анхаарсан гэж Баянлиг сумын Засаг дарга А.Бадмаадорж ярилаа.

Ламын гэгээний шавийн хошуу наадмын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл бэлтгэх зэрэг сум орон нутагт тулгамдаж буй асуудлаар аймаг, сумдын Засаг дарга нартай ярилцлаа.

Тэвдсэн үед нь нэгэндээ тусалж, задарсан үед нь ташуурдаж, хамтдаа хамтарч асуудлаа шийдвэрлэж, өвөг дээдсийн уламжлалаа сэргээх тухай ярилцаж манай сум, манай баг, манай өвөлжөө гэж өмчилдөг биш хуучин уламжлалаараа зусдаг, өвөлждөг болох нь зөв гэдгийг зарим Засаг дарга хэлж байлаа.

Баянговь сумын Засаг дарга Б.Эрдэнэбилэг: Говьд дэлгэр сайхан зун, урт намар болно

Ламын гэгээний шавийн хошуу гэж түүхэнд тэмдэглэгдсэн тамгатай хутагттай, найман хутагтаа тодруулсан энэ сайхан нутагт анхны хошуу наадам болж байна. Энэхүү арга хэмжээг санаачилж зохион байгуулсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, аймаг, сумын удирдлага, хамт олонд наадамчид сэтгэл өндөр байна. Энэхүү баяр наадмыг баяр ёслол, шоу гэхээс илүүтэй Ламын гэгээний шавийн хошуу ямар түүх, ямар соёл уламжлалыг тээж ирсэн юм, найман хутагтыг тодруулахад, хутагт тодрох үед ямар онцлог үйл явдал тохиож, ийм сайхан нутаг усандаа ямар соёлыг дэлгэрүүлж бий болгосон юм гэдэг түүхээ таниулах зорилгоор хийж байгаа нь өндөр ач холбогдол, ёс жаягтай юм гэж Баянговь сумын Засаг дарга Б.Эрдэнэбилэг ярилаа.

Баянговь сумын хувьд энэ оны дөрөвдүгээр сараас хойш байгаль дэлхий хатуурхлаа. 600 гаруй малчин өрх маань бүгд хамтарч зүтгэн байгалийн ган гачиг, хаврын тарчиг цагийг давлаа. Ойрмогхоноос бороо хур орлоо, урт намар болох нь. Наймдугаар сарын бороо говийнхонд дэлгэр сайхан зун авчирлаа.

Манайх өвөл, хаврыг эрсдэл хамгийн багатай давсан сум. Хошуу нутгийнхаа ард иргэдийг ч байгалийн хатууг эрсдэл багатай туулахад хамтарч ажиллалаа. Баянговийн нутагт манай аймгийн Баянцагаан, Шинэжинст, Өлзийт сумынхан нүүдэл суудал хийж өвөлжиж, хаваржлаа. Байгалийн гамшиг болж бид хамтарч нэгдэж буй боловч нөгөө талаараа бидний энэ үйлс, эв нэгдэл маань энэ наадмын утга учиртай нийцэж байгаа юм гэлээ.

Олон сумын хүмүүс ах дүү төрөл садан, нутаг усаа мэдэлцэж, говийнхон хангайд гарч зусдаг, хангайнхан говьдоо өвөлждөг уламжлал, үүх түүхээ театрчилсан үзүүлбэрээр хуран цугласан наадамчдад танилцууллаа. Баярын хурлын үеэр эрдэмтэд нь үүх түүхээ хэлэлцэж, ярилцлаа. Сумдын театрчилсан тоглолтын шагналын сан 100 сая төгрөг байсан бөгөөд Баянлиг сум аваргалж УАЗ пургон автомашинаар шагнууллаа. Наадам зохион байгуулсан Баянлиг суманд наадмын нээлтийн үеэр түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өгсөн юм.

Хонгор нутгийнхан шатар тоглож наадамладаг

Ламын гэгээний шавийн хошууны наадмын үеэр хүчин бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болсноос гадна шатрын тэмцээн, жороо морьдын уралдаан, сайхан морьтой, сайхан хос шалгаруулах тэмцээн боллоо. Мөн Баянхонгор аймгийн төв хийдийн лам хуврагууд буян хишигийн даллага авч, хийморийн сан тавилаа.

Өв соёл, зан заншил, монгол ахуй, монгол араншин эдгээр тэмцээн, үзүүлбэрээс нэвт үнэртэж байсан нь хөдөө, сум, багт монголчуудын өв соёл, уламжлал агуулгаараа үлдсэнийх байх. Хөдөө, аймаг, сумын наадам үзнэ гэж нийслэлийнхний зүтгэдэг нь энэ л өв соёл, уламжлалдаа татагддагийнх болов уу гэмээр.

Олныг гайхшируулсан бас нэгэн үйл явдал бол наадмын нээлтийн дараа бөхөө барилдуулсангүй, шатарчид ногоон зүлгэнд тухалсан юм. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 10, дэлхийн шатрын их мастер, шинэхэн гавъяат Ц.Батчулуун 20 хүнтэй зэрэг тоглолт хийж наадам “сунжирлаа”. Наадмын хоёр дахь өдөр их мастер Ц.Батчулуун нүдээ боож байгаад 5 хүнтэй зэрэг тоглосон нь бас л сонирхолтой. Хөгшин залуу, хүүхэд шуухадгүй шатар тоглодог, шатарч юм аа, хонгор нутгийнхан.

Хошуу наадмын үеэр Баянлиг сумын сургуульд “Занданшатар” шатрын клубын нээлт болж, шатарч хүүхдүүдэд бэлэг, шагнал гардуулж, ирээдүйн их мастер болохыг ерөөлөө.

Ламын гэгээний шавийн хошууны наадам хамгийн сүүлд буюу 1933 онд болжээ. 85 жилийн дараа сэргээж хийсэн Эрдэнэбандида хутагт Ламын гэгээний хошуу наадам өргөн дэлгэр болж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, уламлалт ёс заншлаа хойч үедээ өвлүүлэх зорилгодоо хүрлээ.

Эх сурвалж: www.polit.mn