Л.Цог: Нэг хүний томилгооны асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй

Б.Баярцэцэг

Ерөнхийлөгч Х.Баттулга  60 тэрбумын асуудал болон авлига, албан тушаалтай холбоотой томоохон хэргүүд АТГ-т очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэж буй. Тиймээс  УИХ-ын 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээдбайгаабилээ. Энэхүү асуудлаар парламентын анхны гишүүний нэг, Хуульзүйн сайд асан, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж явсан, өдгөө Шадар сайдын зөвлөх Л.Цогийн байр суурийг сонирхлоо.

– Улс төрийн хүрээнд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах асуудал яригдаж байна.  Та парламентын гишүүн байсан хүн.  Хурал зарлах нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?

-Зарлан хуралдуулах  тухай шаардлага өөрөө зүйтэй асуудал. Ийм асуудал байж болно.  Гэхдээ энэ асуудлыг сайн судлах юм бол маргаан дагуулсан олон зүйл байна.  Хэлэлцээгүй олон асуудал байна.  Тэднийг хойш нь тавьж байна л гэнэ. Гэхдээ энэ шаардлагын ард явж явж ганцхан шалтгаан л харагдаад байна.  Энэ АТГ-ын даргыг солих тухай юм.   Энэ асуудлыг заавал ээлжит бус чуулган зарлан хуралдуулж хийх ямар ч шаардлагагүй гэж үзэж байна.  Ээлжит бус чуулган зарлан хуралдуулдаг олон шалтгаан бий.  Улс орны хэмжээнд гарсан онцгой байдал, үер усны асуудал, гамшгийн нөхцөлд ээлжит  бус чуулган зарлана.  Мөн долдугаар сарын 1-н шиг үймээн самууны үед зарлаж болно. Түүнээс биш нэг хүний томилгоотой холбоотой асуудлыг ээлжит бус зарлаж шийднэ гэдэг ямар ч утгагүй асуудал юм.  Тэгэхээр ээлжит бус чуулган зарлана гэдэг онцгой байдал үүснэ л гэсэн үг  шүү дээ.  Яг өнөөдрийн байдлаар онцгой байдал үүсээд хоолой дээр хутга тулчихсан зүйл огт харагдахгүй байна. Харин энэ асуудлаар далимдуулж улс төр хийх ийм зорилго цаана нь  байна уу гэсэн хардлага төрж байна.  Долдугаар сарын 1-тэй адилхан үйл явдал болсон уу, үгүй байна. Гал усны гашуун зовлон тулсан уу,  яаралтай төсөв хэлэлцэх шаардлага гарсан уу, үгүй байна.  Иймээс тавьж байгаа асуудал нь зүйтэй боловч заавал ээлжит бусаар шийдэх ийм асуудал биш юм.  АТГ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг дараа нь ээлжит чуулганаар хэлэлцэж болно шүү дээ.  Өнөөдөр тэр хүнтэй холбоотой ноцтой юм огт алга л гэж харагдаад байна.

-Ээлжит бус чуулган хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралддаг юм бэ?

-25 гишүүн гарын үсэг зурсан юм байна. Олонхиор л асуудлыг шийднэ шүү дээ.

-АТГ-ын даргыг солихын тулд Ерөнхийлөгчийн зүгээс ямар зарчмаар шаардлага тавьбал зүгээр гэж та харж байна вэ.  Заавал ээлжит бус чуулган зарлахгүйгээр үүнийг шийдэх ямар гаргалгаа байгаа вэ?

-Нэгдүгээрт үндэслэлээ сайн бодох хэрэгтэй.  Хууль зүйн үндэслэлтэй байж шийдэхгүй бол болохгүй асуудал.  Энэ хүн өөрөө нийгэмд маш чухал байр суурьтай, тодорхой эмзэг асуудлыг хөнддөг учраас хуулийн хамгаалалт өндөр байгаа.  Гарцаагүй хууль зөрчсөн нөхцөлд АТГ-ын даргад хариуцлага тооцох шаардлага үүснэ. Мөн энэ асуудлыг заавал ээлжит бусаар хэлэлцэх нь ямар учиртай юм бол.  Тийм онцгой тохиолдлыг би ерөөсөө олж харахгүй байна.

– АТГ-ын даргын асуудлыг улстөржүүлж байна гэж та харж байна уу?

-Тийм ээ. Би тэгж бодож байна.  АТГ-ын даргыг солих үндэслэл надад харагдахгүй байна.  Ярьдаг л юм аа ярьж байгаа байхгүй юу.  Хэрэв хуульзүйн үндэс байгаа бол, ноцтой асуудал үүссэн бол намрын чуулганаар л хэлэлцэхэд нэг их буруудахгүй.  Үндсэндээ авлигатай тэмцэх асуудал Монголын нийгэмд гал түймэр шиг болж байгаа  мөртлөө даргатай нь тэмцэх л тухай яриад байна.  Үнэхээр хууль зөрчсөн бол тодорхой байх ёстой л байна.   Энэ нь ээлжит бусыг зарлан хуралдуулах шалтгаан болж чадахгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин