К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн,  гавьяат тамирчин Б.Гангаамаагийн талаарх баримтууд

Т.САЙХАН

Уулчин Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо.  Түүний талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.

 -Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Эрдэнэт, Улаанбаатарын суугуул. 11 хүүхэдтэй өнөр өтгөн айлын долоо дахь хүүхэд болж төрсөн. Аав минь аж ахуйн ажилтныг насаараа хийсэн. 2006 онд өөд болсон. Ээж бас ажилчин хүн. Багаасаа эмээтэйгээ цуг бригадын төвд суурин амьдралаар амьдарч байсан. Бригадын төвийн сургуулийн хөвгүүд цэнхэр дээлтэй, охид нь ногоон дээлтэй байдаг байлаа. Гангаамаа ганцаараа орос пальтотой, их ганган сурагч байсан юм.

-Анагаахын коллежийг 1994 онд микробиологич мэргэжлээр төгсөөд Эрдэнэтийн мэргэжлийн хяналтад долоон жил ажилласан.

-Гангаамаа гэх нэр маань Ганга эх гэсэн утгатай төвд нэр. Эмнэлгээс өгсөн нэр гэдэг юм билээ. Олон хүүхэдтэй айл хүүхдийнхээ нэрийг сугалж өгөх юм уу, эмнэлгээс өгдөг байсан юм шиг байгаа юм.

-Тэрээр урьд нь уулчин болно гэж зүүдэлж ч байгаагүй гэнэ.  Анх Завханы спортын хорооны арга зүйч Мишигбат гудамжинд санаандгүй таараад “Отгонтэнгэрт уулчид авирах гэж байна. Чи явах уу?” гэхээр нь “Тэгье” гээд анхны авиралтаа хийж байсан. Энэ бол 1989 он.

-Түүнээс хойш унтахаараа эрээн алаг майхан зүүдлээд эхэлсэн дээ. Одоо бодоход ууланд орж байсан нь тэр юм байлгүй. Тэгэхэд хүүхэд байсан болохоор юун тэр олон юм бодох. Уулчдын урд нь гарч гүйгээд л, ахмадууддаа загнуулж голд нь ороод явж байлаа.

 

-Б.Гангаамаа 2006 онд анх Эверестэд эмэгтэй уулчидтайгаа багаараа гарах оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн. Тиймээс тэрээр 2011 онд бэлтгэлээ базаан ганцаараа дахин Эверестийг зорьж, дэлхийн зулайд гарсан анхны монгол эмэгтэй уулчин болсон юм.

– Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисдэг онгоц хамгийн өндөртөө гэхэд л 6900, олон улсын онгоц 8000-10000 метрт нисдэг. Гэтэл хүн өөрийнхөө хөлөөр үүлнээс дээш 8800 метрт хүрнэ гэдэг ямар байх нь ойлгомжтой. Өндөр болох тусмаа эрсдэл ихтэй. Хүчилтөрөгч багасна, хүйтэн нэмэгдэнэ тиймээс уулын спорт бол эр  зоригийн илэрхийлэл гэжээ.

-Тэр хотод удаан хугацаагаар байдаггүй. Жилийн ихэнх цагийг ууланд өнгөрүүлдэг. Бараг 12 сарын зургааг нь ууланд өнгөрүүлж байна. Ууланд авирах нь түүний амьдралын салшгүй хэсэг болжээ.

-Б.Гангаамаа нэгэнтээ “Уул бол нүдтэй, чихтэй, сонсч, мэдэрдэг амьтай зүйл. Зөвхөн манай уулчид сүсэг бишрэлтэй биш юм билээ. Гадны уулчид ч гэсэн сүсэг бишрэлтэй. Уул хайрханууд гаргах хүнээ гаргадаг, гаргахгүй хүнээ бол гаргадаггүй гэдэгт тэр итгэдэг.

 

Эх сурвалж:www.polit.mn