Серхио Рамос хүүхдүүдийнхээ ээжтэй гэрлэнэ

Х.ОЮУНБОЛД

Испанийн хөлбөмбөгчин Серхио Рамос телевизийн хөтлөгч,загвар өмсөгч Пилар Рубиотой хуримаа хийхэд бэлэн байна гэв.  Тэрээр дуучин бүсгүйтэй сайхан амьдрал зохиосныхоо дараа түүнд хосын сүйн бөгж өгч хуримаа хийх санал тавьсан байна. Серхио Рамос инстаграммдаа тэдний тагтан дээрээ хамтдаа инээж байгаа болон өөр олон зураг оруулаад доор нь “Тэр надад за гэж хэллээ. Би чамайг үргэлж хайрлана” гэж Реал Мадрид багийн төвийн хамгаалагч бичжээ. Мөн цахим хуудастаа Пилар Рубиогийн  том цэцгийн баглаа барьж,үнэт чулуун зүүлт зүүсэн зургийг тавьсан байв. Тэд зургаан жил хамт амьдарч дөрвөн настай Серхио Жр, хоёр настай Марко болон өнгөрсөн гуравдугаар сард төрсөн Александр гэсэн гурван хүүхэдтэй болсныхоо дараа хуримаа хийхээр шийдсэн байна. 32 настай Серхио Рамос, 40 настай Пилар Рубио нар олон удаа хэзээ хуримаа хийх вэ гэсэн асуулттай тулгарч байсан. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард хөтлөгч бүсгүй  үүнийг  хүлээх хэрэгтэй. Учир нь хийх зав байсангүй гэж хариулж байжээ. Эцэст нь хөлбөмбөгийн ДАШТ дуусч Серхио Рамос амарч  байх үеэр сүй тавьснаа зарлалаа. Харин хурим хэзээ болохыг зарлаагүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин