Ордос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас …

Б.СОЛОНГО

Өвөрмонголын Ордос хотноо “Чингис хааны онгон” хэмээх аялал жуулчлалын цогцолбор газар бий. Ордос хотоос 65 км зайд орших тус газрыг зорих жуулчдын хөл тасардаггүй ажээ. “Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жил, Нэг бүс нэг зам”-ын хүрээнд Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын аяллаар бид тус газарт очсон юм. Чингис хааны онгонтой холбоотой элдэв таамаг, яриа бүхэн маргаан дагуулдаг тул монгол сэтгүүлчдийн хувьд тус газрыг аялал жуулчлалын цогцолбор талаас нь сурвалжлахыг хичээсэн билээ. Онгоны талаар мэдээлэл хүргэхээсээ өмнө онгон гэдгийг бунхан биш ариун дагшин гэсэн утгаар нь хэрэглэдэг юм байна гэсэн ойлголтыг уншигчдадаа хүргэх нь зүйтэй болов уу. Учир нь, Ордос нутагт Чингис хааны шарил байхгүй атал онгон гэж нэрийдэж хүмүүсийг төөрөгдөлд оруулж байна гэсэн шүүмжлэл байдаг. Тус газрын үйл ажиллагааг хариуцаж байдаг дархадуудын хэлснээр энд Чингис хааны сүнсэн онгоныг тахиж, тайлга хийдэг гэнэ. Бөөгийн шашны ёсоор бурхан болж буй хүний эцсийн амьсгалыг шингээн авсныг тухайн хүний онгон гэж үздэг. 1227 онд Чингис хаан Тангууд улсыг мөхөөгөөд тэнгэр болох үед нь тэмээний магнайн ноосыг аманд нь тавьж сүнсийг нь шингээж авсныг түүний хэрэглэж байсан зүйлстэй нь хамт энэ ордонд онгон хэмээн байршуулан тахисан гэж хөтөч бүсгүй ярив. Тэрээр цааш нь “1227 онд Чингис хаан Тангад улсыг мөхөөгөөд тэр жилийнхээ долдугаар сард нь насан эцэслэсэн бөгөөд Түрэмгий сууринд дагаж явсан үр хүүхэд, жанжин сайд нь бөөгийн ёсоор цагаан тэмээний магнайн ноосыг Чингис хааны аманд тавьж сүнсийг нь шингээж аваад түүний хэрэглэж байсан эд хэрэгслийг нь цагаан ордонд оршуулан тахисан.

Цаг төрийн үймээнээс болж Чингис хааны онгоныг тайж тахиж ирсэн шар дархадууд онгоныг залан Алтай нуруу хүртэл нүүж байсан боловч эцэстээ Монь уулын энгэр Бортохойд ирж нутагласнаас хойш Ордост тахидаг болсон.

Жилд 30 гаруй төрлийн 2000 орчим тахилгыг хийдгээс жил бүрийн билгийн тооллын гуравдугаар сарын 21-ний өдөр болдог хаврын улирлын цагаан сүргийн их тайлга хамгийн алдартай.

Харин шинэ Хятад улс байгуулагдсан 1949 онд Чингис хааны онгон шүтээнийг Хөхнуурын Гүмбэн хийдэд шилжүүлэн тахиж байснаа 1954 онд Эзэн хороо хошуунд залан авчирч, тайлга хийсэн. Одоогийн энэ онгоныг 1956 онд байгуулсан” хэмээн ярилаа.

Цогцолбор газрыг Чингис хаантай холбоотой тоо баримтуудыг бодож барьжээ. Тухайлбал, дээш гарах шатны өргөн 13 метр бөгөөд энэ нь  XIII зууныг бэлгэдэх бол 27 шат байсан нь Тэмүүжин 27 насандаа хиад аймгийн ахлагч болж байсныг илтгэх аж. Шатны дунд хавьд нэгэн овоо байх бөгөөд уг газар нь Чингис хаан ташуураа унагасан газар гэнэ. Онгоны үүдээр оронгуут Чингис хааны хүрэл хөшөөтэй тойрог хэлбэртэй талбай байх аж. Талбайн диаметр нь 66, хөшөөнийх нь өндөр 6.6 метр зэрэг нь Чингис хааны насалсан насыг илтгэж буй гэв.

Аялал жуулчлалын төв болсон энэхүү газар нь 2006 онд ЮНЕСКО-д биет бус соёлын өв хэмээн бүртгүүлсэн бөгөөд Хятадын 5А зэрэглэлийн жуулчны газар болон хөгжсөн байна.

Чингис хааны онгоны гол бүтэц нь найман цагаан орд өргөө. Тодруулбал, Чингис хааны болон Бөртэ-Үжин хатны цагаан орд, Хулан хатны цагаан орд, Зүүн гэр эзний цагаан орд, Өндгөн цагаан морины шүтээн, Бор өндрийн цагаан орд, Хур саадгийн цагаан орд, Шангийн өргөөний цагаан орд зэргээс бүрддэг гэсэн үг. Эдгээр ордод Чингис хаан болон түүний хатдын сүнс, шүтээний зүйлсийг нь тайж тахидаг байна.

Гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн таван метр өндөр Чингис хааны хөргийг тахиж, араар нь том газрын зураг байрлуулж, эзэн богдын өмнө мөнхийн зул бадраатай байв. Ордуудыг холбосон хонгилын ханан дээр Чингис хааны бүх насны үйл хэрэг болон томоохон үйл явдлуудыг нь харуулсан уран зургуудыг  байрлуулжээ. Зарим судлаачийн хэлснээр энэ газарт Чингис хааны хэрэглэж байсан жинхэнэ эмээл, нум сум, айрагны сав гэсэн гурван зүйл байдаг гэдэг.

Чингис хааны онгоныг тасралтгүй 800-гаад жил үе уламжилж, тахиж ирсэн шар дархадууд одоо залуу үеийнхээ 40 дүгээр үе дээрээ яваа гэнэ. Тэднийг 1985 оноос хойш улсаас нь цалинжуулж эхэлсэн байна.

Жилд 30 гаруй төрлийн 2000 орчим тахилгыг хийдгээс жил бүрийн билгийн тооллын гуравдугаар сарын 21-ний өдөр болдог хаврын улирлын цагаан сүргийн их тайлга хамгийн алдартай. Нийт найман өдөр үргэлжлэх бөгөөд Чингис хааны тайлга дахь хамгийн ёслол төгөлдөр нь гэнэ. Энэ үеэр өдөрт 160 мянга орчим жуулчин үзэж сонирхохоор ирдэг ажээ. Тахилгыг бүгдийг жуулчдад зориулж хийдэггүй бөгөөд бүгдийг үе уламжлан ирсэн жаягийн дагуу гүйцэтгэдэг. Нууц тахилга ч байдаг тул тус онгонд монгол үндэстнээс бусад хүмүүсийг гэрэл зураг авахыг хатуу хориглож байв. Мөн тус газраар зочилж үзэхэд монгол үндэстэн төлбөр төлөхгүй. Бусад орны жуулчид 180 юанийн төлбөр төлж нэвтэрч байлаа. Тун удахгүй Ордосоос Улаанбаатар хот руу шууд нислэгтэй болох гэж байгаа мэдээллийг аяллын төгсгөлд бидэнд өгсөн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин