Г.Балгансүрэн: Нэгдэн нийлж хорших нь өнөөгийн эдийн засгийн хөгжлийн зөв гарц нь болно

Б.ТӨГС

Уул уурхай шүтсэн ядруухан эдийн засаг, улам л доройтож байна. Улсын төсөв бүрдүүлэх гэж олон мянган ой мод устаж, гол горхи ширгэн хатажбилчээр ургамал хагдранулаан шороо боссон тал томрон тэлсээр. Энэ хир зөв зам бэ? Ийм байдлаар хир удаан явах вэ? Тэгвэл бидэнд гарц байгааг мэргэжилтэнүүд ийнхүү тодорхойлж байна. Тэр хүн бол  Завхан аймгийн ИхУул сумын мал зүйч, аймгийн аварга мэргэжилтэн Г.Балгансүрэн юм. Түүнийг өнөөдрийн ярилцлагын зочноор урилаа.

 

УЛСЫН САНГИЙН АЖ АХУЙНУУД СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙВ

 

Нэгдэлжих хөдөлгөөн нь  төрөөс татаас авахгүйгээр, гишүүдийн хувь нийлүүлсэн хөрөнгөнөөс бүрдэхээс гадна улсаас зээл авсан тохиолдолд  нэгдлийн орлого эсвэл малын мах зэрэг бүтээгдэхүүнээрээ төлж, өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлж, улсад татаас өгдөг бие даасан салбар байв. 

 

Энэ жил манай  улсын малын тоо 66 сая толгой давж, 19 сая толгой төл хүлээн авлаа. Гэтэл МАА-н салбарын эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөө төдийлөн сайн нэмэгдэхгүй байгаад юу нөлөөлөөд байна вэ?

-Яг үнэн. Өнөөдрийн эдийн засагт хөрвөх чадвартай салбар болох ХАА болон МАА-н салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Хорь гаран жилийн өмнө Монгол Улс 40  сая толгой малтай,  МАА, ХАА-н салбар ДНБ-ий  30 гаран хувийг дангаараа хангаж, экспортын бүтээгдэхүүний 70 хүртлэх хувийг бүрдүүлж байсан. Тухайн үед улсын хэмжээнд 300 гаруй нэгдэл, 30 гаран САА, 20 гаруй тэжээлийн аж ахуй нэгдсэн бодлого зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж байлаа. Хэн нь малаа маллах, хэн нь тэжээлээ тариалж бэлтгэх, хэн нь хаана үр тариагаа тарьж хурааж авахыг  нь тооцсон, хэзээ юу хийх нь тодорхой байсан. Тиймдээ ч өндөр үр бүтээлтэй ажиллаж, бүх зүйл төлөвлөгөөгөөр явагддаг байсан. Энэ тогтолцоо өнөөдөр алга. Мал жалгын нэг тарчихсан. Малчид мал маллах арга туршлага багатай, эрсдэлээ бодоод эр голдуу мал өсгөж томруулж байгаагаас сүргийн бүтэц алдагдсан гээд маш олон зүйлүүд нөлөөлж байна.

Гэтэл өмнө нь газар нутгийг хангайн, говийн, төвийн, баруун бүс  гэх мэтээр хувааж малчдад өсгөж чадах зохимжтой хэмжээгээр нь малыг хуваарилж өгдөг байсан. Энэ нь өөрөө хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж өгдөг зохион байгуулалт юм. Ийм зохицуулалт бүрэн алдагдаж бүр байхгүй болчихжээ. Одоо малтай хүмүүс малчин болчихоод байгаа болохоос малын тоо толгой, хүйсийн харьцаа туйлын чухал. Дээрээс нь мал олон болох нь чухал биш юм. Чанартай байх ёстой, эрүүл байх ёстой, малчин нь мэдлэгтэй ур чадвартай, өнөөгийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг хангаж ажиллах ёстой юм.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед би Завхан аймгийн Их-Уул сумын нэгдлийн даргаар ажиллаж байлаа. 100 гаруй мянган толгой малтай. Жилдээ 300 тонн масло үйлдвэрлэнэ. 10 гаруй тонн байгалийн жимс хураадаг, экспортонд гаргадаг маш үнэтэй казин гэж бүтээгдэхүүн малын сүүнээс үйлдвэрлэдэг байлаа. Энэ бол ганцхан сумын хэмжээнд шүү дээ.

Нэгдэлжих хөдөлгөөн тарах шалтгаан нь юу байсан юм бэ?

-Төрд мал мэддэггүй хүмүүс орж эхэлснээс хойш “Нэгдэл нэг л биш” гэсэн уур амьсгалыг ард түмний дунд оруулсан шүү дээ. Мал бол малчны өмч гэж хөөргөдөж, нэгдэлжих хөдөлгөөний эсрэг үзэл суртлыг тарааж байсан. Хэдийгээр үүнээс болж нэгдэл тарсан ч ард түмэндээ үйлчлэх хоршоолол хэлбэрээр үлдэх л ёстой байлаа. Харамсалтай нь тийм нэгж үлдээгүй. Хүн бүр малаа хувааж аваад ганцаараа аж ахуй эрхэлдэг болсон. Ганц мод гал болдоггүйн адилаар малчид маань малаа өсгөх, тэжээх өдөр тутмынхаа ажилд дарагдаад малынхаа бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэж чадахгүй байдалд хүрсэн. Одоогийн ийм нөхцөлд нэгдэлжих хөдөлгөөний үеийн зохион байгуулалт яалт ч үгүй үгүйлэгдэж байна.

 

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ БҮС НУТГИЙН ХӨГЖИЛТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

МАА салбарын хөгжлийн  чиг хандлагыг та хэрхэн харж байна вэ? 

-Малтай айл өрхүүд өрх гэрийн төвшинд боломжоороо сүү цагаан идээ боловсруулж, мал мах бэлтгэж байна. Гэхдээ  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн удаан хадгалах боломж хомс байгаа нь хол орших зах зээлд шууд нийлүүлэхэд учир дутагдалтай.  Түүхий эд, бэлтгэлийн тогтолцоо гэж асар чухал үүрэгтэй систем байсан. Тууврын малын экспидиц гэж байлаа. Малчдаас ноос авах, угаах, жигнэх бүх ажлыг системчилж зохион байгуулалттай хийдэг байсан. Харин одоо энэ зохион байгуулалт нь байхгүй болчихсон. Үүнийг дагаад малын гаралтай дайвар бүтээгдэхүүн үнэгүйдэж байна. Уг нь малаас хаях юм байдаггүй.

Өнөөдөр олон улсын зах зээл дээр боловсруулсан хонины нэхий 500 ам.доллар хүрч байхад манай дотоодын зах зээл дээр мянга хүрэхгүй төгрөгний үнэтэй байх жишээний. Гэтэл манай улс жилдээ 12-13 сая толгой мал бэлтгэдэг. Ийм хэмжээний нэхий хаягдаж байна гэхээр үнэхээр хайран.

Нөгөө талаас зах зээл байхгүй юм уу гэхээр үгүй юм.  Хоёр том гүрний хооронд байгаа бидэнд асар том зах зээл бий. Монгол Улсын бүтээгдэхүүн тэр зах зээлд дусал төдий, өөрөөр хэлбэл зөвхөн нэг мужийг нь хангах хэмжээний бүтээгдэхүүн  үйлдвэрлэж чадна. Гол нь үүнийг зохион байгуулах системгүй болохоор л өрхийн аж ахуй нь уначихаад байгаа юм.

Завхан аймгийн Их-Уул сум гэхэд бие даасан үйлдвэрлэл явуулдаг.  Хэд хэдэн гол  цэгүүдэд сарлаг үхрээ байрлуулж, мал эмнэлэг үржлийн ажлыг эмх цэгцтэй явуулж. Тэр хэмжээгээрээ үр дүнд хүрч байсан. Харин өнөөдөр нэг ч тонн масло зах зээлд гаргаж чадахгүй байна. Гэтэл импортоор  жилдээ 60 сая литр сүүтэй тэнцэх хэмжээний хуурай сүүг 26 сая ам.доллароор худалдан авч байна. Дээрээс ОХУ-аас малаас гаргаж аваагүй, үйлдвэрийн аргаар боловсруулсан, баталгаагүй маргарин гэж нэрлээд байгаа импортын масло хэрэглэсээр байна. Нэг ч малгүй Сингапур улс гэхэд манай улс руу маш их хэмжээний шар тос импортолж байна. Ийм байдлаар явах юм бол 60 сая толгой мал байх хэрэг байна уу? Хүнээсээ 20 дахин олон малтай байж хамгий чанаргүй муу бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд оруулж байгаа нь маш буруу байна.

 

30 АЙЛЫГ ЗАНГИДААД ЯВАХ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БЭЛТГЭМЭЭР БАЙНА

Тэгэхээр малын тоо толгой өссөн, мал хувьд шилжсэн энэ нийгэмд ямар зохион байгуулалт хийх ёстой вэ. Гарц шийдлийг та хэрхэн харж байна?

– Малчид өөрсдөө нэгдээд хоршоо байгуулах хэрэгтэй. Заавал хэн нэгнээр албан журмаар биш сайн дураараа нэгдэж байж зах зээлд гарах нь нэн чухал гэдгийг ухамсарлах цаг болсон. Харин зохион байгуулах хүмүүсийг  нь төр дэмжээд бэлдээд өгмөөр байна. Нэг сумын 30 айлыг нийлүүлээд менежмент хийчих  чадвартай хүнээ дундаасаа гаргаж ирээд, төр тэр хүнийг нь сургаад өгмөөр байна. Татвар, бодлого, ажиллах нөхцлөөр нь дэмжээд өгмөөр байна. 1990-ээд оны үед Хөдөө аж ахуйн их сургууль дээр гурав, зургаан сарын хугацаатай богино курсууд байдаг байлаа.  Яг үүн шиг зохион байгуулаад 330 суманд эхлээд нэг нэг зохион байгуулагчийг нь үнэгүйгээр бэлтгээд өгчихье л дөө. Цаашдаа улам боловсроод тэлээд хөгжчихнө. Албан журмаар бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан бол одоо зах зээлийн жамаараа бүтээгдэхүүнээ нийлүүлмээр, борлуулмаар байгаа нь хуучин нийгмээс ялгаатай. Харин тэр үеийн арга туршлагыг эргэн судалж зохион байгуулалт хийх хүмүүсээ бэлтгэмээр байна. Бэлчээр ашигласны татвар авдаг болох гэж байна. Тэр татварын 90 хувь нь орон нутагтаа үлдэнэ. Тэгвэл хоршоод нэгдчихсэн малчид тэр мөнгөөрөө энд худаг гаргачихья, хадлангийн талбайгаа хашчихья гээд өөрсдийнхөө төлөө дуугарч чадна гэсэн үг. Нэг хүн дуугарснаас 30 хүн зэрэг дуугарвал өөр биз дээ.

Танай сумын хувьд ийм зохион байгуулалтаар явбал ямар боломжууд байна. Малчид хэр ойлгож байна?

-Манай сумын хувьд дэд бүтэц сайн хөгжсөн, 24 цагийн гэрэлтэй. Сүүнээсээ масло гаргаж болж байна. Дээр үед импортыг орлох гол бүтээгдэхүүн казин гэгчийг маш өндөр үнээр гадаадад гаргадаг байсан. Одоо мэс засалд өргөн ашиглагддаг хайлдаг утасны түүхий эд шүү дээ. Түүнийг хийх боломж байна. Зөвхөн байгалийн баялгаа ашиглавал жилдээ 100-гаад тонн жимс, цайны ургамал бэлтгэж чадна. Айл бүр монгол гутал үйлдвэрлэж байна.  Зөвхөн аргалаа зарахад л үр дүнд хүрнэ. Нян устгадаг гээд хотынхон их хэмжээгээр аргал авч байна.  Сарлагийн хөөвөр ноолуурын хэмжээнд бүтээгдэхүүн болж чадаж байна. Хэмжээлшгүй баялагтай сум л даа. Уг нь зах зээлийг тийм томоор харах хэрэг байхгүй. Гэрийн бүрээс, өмсөх дээлээ Улаанбаатараас, Нарантуулаас худалдаж авч байна шүү дээ. Гэтэл суманд хийчих чадалтай олон оёдолчин байна. Хятадаас хэдэн оёдлын машин авчраад эндээ оёулаад ядаж сумынхаа хэрэгцээг хангачихья.  Дээр хэлсэнчлэн ердөө л зохион байгуулалтын асуудал. Нэг жишээ би сонссон. Баруун аймагт гэсэн байх. Сумаараа нэгдээд Улаанбаатарт байгаа сумынхаа нутгийн зөвлөлийнхөө хүмүүсийг өвлийн идэш, цагаан идээгээр нь хангаж байна гэнэ.  Хотынхон нутгийн идээ гээд худалдаад авчихаж байна. Гадагшаа зах зээл хайх биш дотоодод хангалттай зах зээл байгааг харах хэрэгтэй. Гол нь нэгдэх хэрэгтэй. Бас тухайн хоршооноос үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн эрүүл, чанартай, баталгаатай, гэдгийг ойлгуулж зах зээ­лээ өргөжүүлэх ёстой юм.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин