Тойм: Шүдлэн, хязаалан, азарганы түрүү хүлгүүд

Т.САЙХАН

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоо худагт боллоо. Энэ жилийн хурдан шүдлэн насны морьдын уралдаанд 308 хүлэг шандас сорихоор бүртгүүлснээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Хаянхярваагийн Гарьдмагнайн бор үрээ түрүү магнай болж, наадамчин олноо баясгалаа. Увс аймгийн Зүүнговь сумын Бадарчийн Норовсамбуугийн халиун үрээ хоёрт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач н.Гантөмөрийн хонгор үрээ гуравт, Сэлэнгийн аймгийн Д.Очирсүрэнгийн зээрд дөрөвт, Төв аймгийн Баян сумын харъяат Ононгийн Батболдын өсгий цагаан хээр үрээ айргийн тавд хурдаллаа.

Х.Болорчулууны зээрд үрээ түрүүллээ

Мөн хязаалан насны морьдын уралдаан бариалж, түрүүлж айрагдсан хурдан хөлгийн нэрс тодорлоо.  Хязаалан насны уралдаанд 300 гаруй хурдан хүлэг уралдав. Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын тод манлай уяач Дамбын Хишигжаргалын зээрд үрээ аман хүзүүнд хурдалж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор үрээ, Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын хээр үрээ, Увс аймгийн  Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ үрээ айрагдаж, наадамчин олноо цэнгүүллээ.

Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн азарга аман хүзүүдэв

Хурдан азарганы уралдаанд 199 азарга шандасаа сорьсноос Төв аймгийн Угтаалцайдам сумын Баянжаргалын Баттөрийн халиун азарга түрүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн азарга хурдалсан байна. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, тод манлай уяач Д.Баянбатын наран хонгор , Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Н.Атарбаярын зээрд, Х.Доржпүрэвийн хүрэн азарга тус тус айрагджээ.

Эх сурвалж:www.polit.mn