Д.Мөнх-Эрдэнэ: Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдвал эрх зүйт төрийн зарчмаас ухарна

Б.САРАНГЭРЭЛ

Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловс­руулж УИХ-д өргөн мэдүүлсэн нь хуульчдын дунд маргаан дагуулж байна. Энэ асуудлаар хуульч Д.Мөнх-Эрдэнийн байр суурийг хүргэе.

 

Хуулийн төслийг хүний эрх, эрх чөлөөг хангах талаар ухралт хийсэн төсөл гэж ярьж байна. Та хуулийн төсөлтэй танилцсан уу. Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газрын шийдвэр шүүхийн хяналтаас гарах уу?

– Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй танилцсан. Үндсэн зорилго нь Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргах юм болов уу гэж харлаа. Ер нь манайд захиргааны хэргийн шүүх буюу дагнасан шүүх 2004 онд байгуулагдсан. Үүнээс өмнө Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гадна ердийн шүүх буюу иргэний хэргийн шүүх хянадаг байсан. Монгол Улсын иргэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй шүү дээ. Энэ бол Үндсэн хуульд заасны дагуу иргэний баталгаатай эдлэх эрх. Нөгөө талаас, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх учиртай. Тэгэхээр уг хуулийн төсөл батлагдсан ч Засгийн газрын шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэх нь гарцаагүй юм.

Засгийн газрын ямар шийдвэрийг Үндсэн хуулийн цэц харьяалан шийдвэрлэх талаар тодруулж өгнө үү?

– Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх хэргийг Үндсэн хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Хуулийн дагуу Үндсэн хуулийн цэц нь Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргах бөгөөд Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг цэц харьяалан шийдвэрлэхгүй юм. Гэхдээ хуульд яг ямар маргааныг цэц, ямар асуудлыг шүүх хянах талаар тодруулах зүйл олон бий. Тухайлбал, манай Үндсэн хуульд ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх гээд зургаан зарчмыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн тодорхойлсон бөгөөд иргэний эрх, эрх чөлөөг 18 бүлэглэж хуульчилсан байгаа. Эдгээр заалтыг зөрчсөн үндэслэлээр Засгийн газрын гаргасан бараг бүх шийдвэрийн талаар цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах эрх иргэний хувьд нээлттэй. Нөгөө талаас, иргэн нэхэмжлэл гаргасан тохиолдолд тухайн маргааныг шүүхээр ч шийдвэрлэх боломжтой. Үүний жишээ нь зарим аймгийн Засаг дарга, яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоотой холбогдсон, агуулгын хувьд бараг адилхан шахуу маргааныг нэг болохоор цэц, нөгөө болохоор шүүхээр хянан хэлэлцсэн явдал болно.

Хэдийгээр энэ асуудлыг тодруулахаар Захиргааны ерөнхий хуульд улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа тус хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэж заасан боловч хэт ерөнхий ойлголт учраас улс төрийн албан тушаалтнуудаас бүрдсэн Засгийн газрын шийдвэрийн хувьд нэг мөр ойлгож, ялгаатай хэрэглэхэд төвөгтэй байдал үүсдэг. Иймд цаашид хэргийн харьяаллын зааг ялгааг нарийвчлан тогтоож, хуульчлах нь зөв гэж бодож байна.

Уг хуулийн төсөл Үндсэн хуульд нийцэж байгаа юу?

– Үндсэн хуульд нийцэх, нийцэхгүйг холбогдох газар нь тогтоох биз. Гэхдээ хуульчийн хувьд, тэр тусмаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт нилээн хэдэн жил ажилласны хувьд байр сууриа илэрхийлье. Хуулийн төслийн зохицуулалт, үзэл баримтлалаас харахад Засгийн газрын бүх шийдвэрийг цаашид зөвхөн Үндсэн хуулийн цэц харьяалан шийдвэрлэх юм байна.  Гэтэл дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн цэц нь Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянах учиртай. Гэтэл цаана нь 670 гаруй хууль байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Тэгэхээр эдгээр хуульд нийцээгүй Засгийн газрын шийдвэрийн улмаас эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд иргэн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхийг хязгаарлаж болохгүй юм. Дахин хэлэхэд энэ эрх нь Үндсэн хуульд заасанчлан иргэний баталгаатай эдлэх учиртай эрх. Нөгөө талаас, хуулийн төслийн энэ өөрчлөлтөөр Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны болон нутаг захиргааны байгууллагын шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй болохоор байгаа нь эрх зүйт төрийн зарчмаас ухарч буй том ухралт. Ийм хуулийн төсөл өргөн мэдүүлэх шийдвэр гаргаснаараа л Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт болон 47 дугаар зүйл, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүсээд байна. Уул нь Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заагаад Мэдэгтүн, сахигтун хэмээн төгссөн байдаг даа.

Дийлэнх хуульчид уг хуулийн төслийн талаар сөрөг байр суурьтай байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

– Эрх зүйт төрийг байгуулахаар бид олон жил ярьж, хуулиар засаглах төрийн нилээн том байшинг барьж эхэлсэн. Гэтэл дөнгөж барьж буй байшингийнхаа суурийг нурааж болохгүй. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хуулийн гадуур, дур зоргоор авирлахаас хамгаалах ганц хэрэгсэл бол judicial review буюу шүүхийн хяналт юм. Шүүх эрх мэдэл нь Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийн гурван тулгуур баганын нэг. Хэрвээ шүүхийн хяналтаас гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг гаргахаар ярьж байгаа бол энэ нь Үндсэн хуульт ёсны эсрэг үйл ажиллагаа гэж үзэж байна.  Төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг алдагдуулж, шүүхийн хараат бус, бие даасан байдалд халдах нь ямар аюултай болох талаар зарим жишээ хэлье. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг байсан Аргентин улсад 1946 онд Хуан Пэрон сонгуулиар төрийн эрхэнд гарч ерөнхийлөгч болсон. Удалгүй ерөнхийлөгчийг дэмжигчид шүүх эрх мэдлийг өөрийн талын хүмүүсээр бүрдүүлэх зорилгоор Дээд шүүхийн шүүгчдийг огцруулах санал гаргасныг тус улсын парламент дэмжиж гурван шүүгчийг огцруулсан байдаг. Үүнээс хойш ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрүүд Дээд шүүх дээр ямагт зөвдөж, бүр түүний өрсөлдөгч, сөрөг хүчний удирдагчийг хүртэл шүүхээр яллаж чадсан. Үр дүн нь хэсэг хугацааны дараа тус улсад дарангуйлагч дэглэм тогтож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах шүүхгүй болсон. Дарангуйлагчийн дур зоргын дор зовсон Аргентин улсын хөгжил хэдэн арван жилээр хойш ухарч, одоо ч асуудалтай байна.  Дээрх үйл явдлын яг эсрэг зүйл Америкийн Нэгдсэн Улсад болсон байдаг. Америкийн 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт 1930-аад онд гаргасан зарим томоохон шийдвэрүүд нь Үндсэн хуульд нийцээгүй үндэслэлээр Дээд шүүх дээр унасны дараа шүүхийн шинэчлэл нэрийн дор Дээд шүүхийн шүүгчдийн тэтгэвэрт гарах насны босгыг 70 насаар хатуу тогтоож, шүүгчдийн тоог нэмэгдүүлэх саналыг Конгресст оруулсан боловч уг саналыг нь Конгресс дэмжээгүй байдаг юм.

Хэрэв дэмжигдсэн тохиолдолд тэрээр Дээд шүүхийн 9 шүүгчийн зургааг нь сольж, цаашид шүүгчийн тоог 15 хүртэл нэмэгдүүлэх боломжтой болох байсан. Хэдийгээр тус улсын конгресст олонхийг Франклин Рузвельтийг нэр дэвшүүлсэн Ардчилсан намынхан бүрдүүлж байсан боловч төрийн эрх мэдлийн тэнцвэртэй байдал болон шүүхийн хараат бус, бие даасан байдал эх орных нь цаашдын ирээдүйд хичнээн чухал болохыг хууль тогтоогчид ойлгож байсан байна. Үүнийг хэлдэгийн учир нь хууль тогтоогчид маань долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар асуудалд хандаасай гэсэн хүсэл юм. Ер нь улстөрчид гаргасан шийдвэрээ шүүхээр хянуулахгүй гэж бодож байгаа бол эрх зүйт төрийн зарчмаас ухарч байгаа маш том ухралт, эндүүрэл шүү. Тэгэхээр шүүхийн шийдвэр таалагдахгүй байгаа бол шүүхийг байхгүй болгохын оронд шүүхийг хэрхэн улстөржилтөөс ангид байлгаж, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр ажиллах нь зүйтэй дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин