Л.Цэцэгжаргал: ELSELT.MN-нд элсэлтийн бүх зар нэгдлээ

 

Х.ҮҮРИЙНТУЯА

Орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж байгаа  энэ өдрүүдэд их, дээд сургуулийн мэдээ мэдээллийг нэг дор  төвлөрүүлсөн “Еlselt.mn” сайтын ерөнхий менежер Л.Цэцэгжаргалтай ярилцлаа.

 

Боловсролын онлайн экспо “Elselt.mn” сайт ямар зорилготой сайт болох талаар яриагаа эхэлье?

-“Elselt.mn” сайт маань жилийн өмнөөс төлөвлөгдөж,  албан ёсоор үйл ажиллагаагаа  эхлүүлээд зургаан сар болж байна.  “Үнэт зүйлтэй, өрсөлдөх чадвартай боловсролтой монгол хүнийг төлөвшүүлэхэд мэдээллээр хангах” гэсэн эрхэм зорилготойгоор бид үйл ажиллагаагаа  явуулж байна. Хүн амьдралынхаа туршид олон сонголттой  нүүр тулж байдаг. Тэдгээр сонголтын хамгийн чухал нь мэргэжлээ сонгох юм. Тиймээс залуусын мэргэжил сонголтод бодитойгоор нөлөөлж  хувь хүний хөгжилд нөлөөлөх нь бидний ажлын гол зорилго. Үнэндээ монголчууд маань хүүхдийнхээ мэргэжил сонголтод анхаарч урьдчилан төлөвлөдөггүй. Үүнээс улбаалаад диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн тоо жил бүр нэмэгдсээр байна. Гэтэл нөгөө талдаа байгууллагууд хүний нөөцийн хомсдолд орсон байна. Энэ асуудлыг л шийдэхийн тулд өөрсдийн хувь нэмрээ оруулж ажилтай, орлоготой өрсөлдөх чадвартай боловсролтой монгол хүнийг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Боловсролын сайт хийх анхны сэдэл хэрхэн  төрсөн бэ?

-“Зууны мэдээ” сонинд ажиллаж байхдаа “Жайка” ОУБ-тай хамтран ажиллах боломж гарсан.  Японы сайн дурын гишүүд Монгол Улсын өнцөг булан бүрт бизнес, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэсэн чухал салбарт ажиллаж өөрсдийн туршлага ур чадвараа тухайн байгууллагуудад суулгаж, ганц хүн гэлтгүй маш их өөрчлөлтүүдийг нэвтрүүлсэн байсан. Тэдэнтэй уулзаад миний хамгийн их ойлгосон зүйл гэвэл япон хүмүүс маш их төлөвлөдөг урьдчилан бэлддэг юм байна. Япон улсын хөгжлийн гол нууц нь хувь хүнээ сайн хөгжүүлсэн юм байна гэж ойлгосон. Хамтрагч  маань боловсролын салбарт ажилладаг байсан болохоор хүмүүст хэрэгтэй сайт хийхээр болсон.  Монголд мэдээллийн сайт хангалттай их байхад бид бас нэг мэдээллийн сайт хийгээд ач холбогдолтой болж чадахгүй. Тиймээс нийгмийн хөгжлөө дагаад төрөлжих нь хамгийн зөв сонголт байсан.

Үнэт зүйлтэй өрсөлдөх чадвартай боловсролтой монгол хүнийг төлөвшүүлэхийн төлөө бид ажиллана

-“Elselt.mn” сайт уншигчдад яг ямар үйлчилгээг санал болгож байгаа вэ?

-Аливаа юманд нэр маш чухал байдаг. Элсэлт гэдэг нэр өөрөө их утга учиртай. Элсэлт авч байна, элсэлтийн шалгалтад тэнцлээ, элсэн орлоо гэх зэргээр агуулгын хувьд хамгийн тохиромжтой нэр байсан. Сайт маань боловсролын байгууллагуудын зар сурталчилгааны талбар буюу Онлайн экспо, Мэдээллийн хэсэг гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Гол хэсэг болох онлайн экспо хэсэгт:

-Их дээд сургууль

-Олон улсын сургуулиудад зуучилдаг компаниуд

-Сургалтын төв

-Ерөнхий боловсролын сургууль,

-Цэцэрлэг

гэсэн байгууллагын элсэлтийн зар байршина. Ерөөсөө л балчир наснаас өгсүүлээд бүх насныхны боловсролын хэрэгцээнд зориулагдсанаараа манай сайт онцлог болж чадсан. Аливаа экспо тодорхой байршилд хэдхэн  хоног болоод өнгөрдөг. Тэгвэл манай сайтын онлайн экспо бүтэн жилийн турш хоногийн 24 цаг нээлттэй байна. Интернэт орчинд  хил хязгааргүй орон зайд дэлхийн хаанаас ч орох боломжтой юм. Орон нутгийн иргэд улсын, хувийн их сургуулиудаа ялгадаггүй. Түүнээсээ болоод буруу сонголт хийн цаг хугацаа, мөнгө санхүүгээр хохирох тохиолдол их байдаг юм байна. Тиймээс бид улсын болон, хувийн их сургуулиудыг тус тусад нь  маш ойлгомжтойгоор санал болгож байна. Их, дээд сургуулиудын  элсэлтийн зар бүтэн жилийн турш байрших учраас хүүхдийнхээ мэргэжил сонголтыг 1-2 жилийн өмнөөс төлөвлөж бэлдэх хэрэгтэй.

Боловсролтой холбоотой мэдээллийг бүгдийг нэг дороос авч болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Elselt.mn сайт маань зөвхөн их, дээд сургуулиар хязгаарлагдахгүй.  Хүн насан туршдаа аливаад суралцаж өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдаг. Тиймээс бид сургалтын төв хэсэгтээ бизнес англи хэл, хүний нөөц, иог бассейн, жолооны курс гээд сургалт явуулдаг байгууллагуудын элсэлтийн зарыг  санал болгож байгаа. Тогооч, үсчин гоо сайхны зэрэг мэргэжил олгох сургалтуудаас гадна хүүхдийн  хичээлийн хоцрогдол, оюун ухаан, хөгжим, балет гэсэн сургалтын хэрэгцээ айл болгонд  гардаг. Тэр болгонд google-ээс хайн цаг үрэхийн оронд нэг дороос elselt.mn – ээс орж харах судлах боломжийг бид бүрдүүлж  өгсөн.

Давхар цаг үеийн мэдээ мэдээлэл, онцлох ярилцлагууд, тэтгэлгийн зар зэрэг боловсролтой холбоотой мэдээллүүд манай сайтад байршина. Бид багаараа бүтэн жил гаруй судалж төлөвлөж хийсэн учраас сайтын маань булан бүр утга учиртай, боловсролын хэрэгцээг бүрэн хангахуйц боловсронгуй болж чадсан. Тиймээс боловсролын байгууллагууд болон боловсролд ач холбогдол өгч нийгэмд сайн сайхныг түгээх хүсэлтэй хувь хүн албан байгууллагуудтай бид хамтран ажиллахдаа нээлттэй байх болно.

Бидний зорьж байгаа ажил маань боловсролын байгууллагуудын дэмжлэгтэйгээр биелэлээ  олж байгаа учраас хамтран ажиллаж байгаа улсын болон хувийн их, дээд сургуулиуд, Эмпати хөтөлбөртэй сургуулиуд, япон хэлний сургуулиуд, сургалтын  төвүүддээ баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг I хороо, UBH 10 давхар 1015 тоот

Утас: 96670909 89122056