Бодит тоон мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах нь

Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ

Өмнөх дугаарын нийтлэлээ үргэлжлүүлж, тэтгэврийн системтэй холбоотой бодлого бо­ловс­руулахад “бодит ста­­тис­тик мэдээлэл” -ийг үндэс болгох нь яагаад чухал болохыг тайлбарлая.

Өнөөдөр Монгол Улсад тогтмол орлоготой иргэний сарын дундаж цалин 800 мянга орчим төгрөг байна. Гучин жилийн өмнө буюу 1990-ээд онд энгийн ажил мэргэжил эрхэлдэг ажилтны жишиг цалин 300 төгрөг, одоогийнхоос бараг 2700 дахин бага байсан гэдгээс харвал тухайн үеийн бараа бүтээгдэхүүний үнэ ч тэр хэрээр хямд байсан болов уу. Тэтгэврийн даатгалын тогтолцоонд, цаг хуга­цаанаас хамааран өөрч­­лөгддөг дундаж цалин­­гийн үзүүлэлт ирээ­­дүйд тэтгэвэр тогтоолгох үед чухал нөлөө үзүүлдэг. Жи­шээл­бэл, 1990 онд тэтгэвэрт гарсан ажилтны тэр үеийн сарын цалин дунджаар 300 төгрөг байлаа гэж бодъё. Гэтэл тэр мөнгөн дүнгээр тэтгэвэр тооцвол, өнөөдрийн амьжиргааны түвшинээс хамаагүй доогуур дүнгээр тэтгэвэр тогтоно.

Үүнээс сэргийлэхийн тулд, цалингийн “дахин үнэлгээний хувь” буюу итгэлцүүр ашиглан, тухайн үеийн цалинг өнөөгийн амжиргааны түвшинтэй уялдуулан өсгөж тооцдог. Дээрх жишээгээр хэлбэл 300 төгрөгийн жишиг цалинг одоогийн 800 мянган төгрөгийн дундаж цалинтай “ижилтгэж”, 1990 онд тэтгэвэрт гарсан ажилтан одоогийн дундаж цалинтай дүйцэх цалинг авч байсан болгож тэтгэврийг тогтооно гэсэн үг юм.

Дахин үнэлгээний хувь (дээрх жишээгээр хэлбэл 800,000/300=2,666.7)-ийг тооцохын тулд жил бүрийн дундаж цалингийн хэмжээг зөв гаргах шаардлагатай ба өмнөх жилүүдийн цалинг одоогийн цалинтай харьцуулж, жил бүрийн зөрүү хувийг тооцож гаргадаг. Жил бүр төлж буй шимтгэлийн хэмжээг тухайн жилийн зөрүүний хувиар үржүүлж, өмнө нь төлсөн шимтгэлийг өнөөгийн үнэ цэнэд уялдуулах юм. Өөрөөр хэлбэл, дахин үнэлгээний хувийг жил бүр шинэчлэх ёстой. Төвөгтэй хэдий ч, тэтгэвэр авч эхлэх жилээс хамааран тэтгэврийн хэм­жээнд ялгаа гара­хаас сэргийлэхийн тулд цалингийн дахин үнэл­гээний хувь (цалингийн итгэлцүүр) гэдэг индекс маш чухал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин