Н.Цэрэнбат: Зургаан аймагт олон улсын нисэх буудалтай болно

С.САРУУЛ

Засгийн газрын өнөөдрийн /2018.06.13/ хуралдаанаар аялал жуулчлалын бүс нутгийг тогтоов. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд цаашид баримтлах гол чиглэл болон хил дамнасан бүсийг баталлаа. Засгийн газрын тогтоол батлагдсанаар аялал жуулчлалын салбарт бий болох хөрөнгө оруулалт урт богино хугацаанд тооцогдож тухайн бүс нутагт тогтвортой аялал жуулчлал хөгжих боломж бий болж байгаа юм. Тогтоол батлагдсанаар Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, БОАЖЯ хамтарч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргана.  2020 он гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах суурь тавигдлаа.

Бид одоогийн байдлаар нэг олон улсын агаарын төвтэй аялал жуулчлалтай байгаа. Харин энэ чиглэлд орсноор зургаан олон улсын нисэх буудлыг орон нутагт бий болгоно. Энэ хүрээнд Өмнөговь, Хөвсгөл, Хархорин, Ховд, Увс гэсэн чиглэлд шууд олон улсын нислэг үйлдэх боломжийг Засгийн газар бий болгож ажиллана” гэв.

Эх сурвалж: www.polit.mn