Цунамигаас амьд үлдсэн бяцхан зүрх буюу ТОТО

С.УЯНГА

Цунамигийн талаар өөрөөсөө хэд дахин асууж үзэв. Гэвч далайн шуурга гэхээс өөр тодорхой төсөөлөл буусангүй. Далайн хүчтэй давалгаа, газар хөдлөлтийн аюул гэх хэт “албаны” маягтай бүдэг бадагхан зураглал л тодрох. Харин гадаад ертөнцийг гадарладаг хүнээс сонжиж үзвэл “Замдаа таарсан хамаг юмыг аваад явчихдаг хүчтэй шуурга” гэж байна. Үнэндээ тайван оронд амьдардаг монголчуудын цунамигийн талаарх нийтлэг төсөөлөл “аймшигтай”-аас хэтрэхгүй байх гэсэн зах хязгааргүй бодол хэд хоног хөвөрсөөр л байлаа. Бангкокоос 700 гаруй км алс буюу тус улсын өмнөд хэсгийн Загасчдын тосгонд очсоноос хойш яагаад ч юм энэ бодол огт салахгүй, ээрсээр байсан юм. Магадгүй бидний төсөөлж ч чадахгүй аймшигт цунамигийн аюулаас амьд үлдсэн бяцхан “зүрх” надад хэт гүнзгий сэтгэгдэл төрүүлснийх юм болов уу. Эсвэл түүний оронд өөрийгөө тавьж үзэх гэснийх ч байж мэдэх юм.

14 жилийн өмнө Индонезийн Суматра аралд 9.1 баллын хүчтэй газар хөдөлснөөс Тайландын далайд цунами үүсч 5000 гаруй хүн амь үрэгдэж, 3000 гаруй хүн сураггүй алга болж хот, тосгон тэр аяараа сүйдэж эдийн засгийн их хэмжээний хохирол учирчээ. Тосгон бүхлээрээ гамшигт өртөж гадны иргэд ч олноор амь насаа алдсан байна. Хормын төдийд нөмөрсөн цунамигийн аюулд бидний очсон далайн эргийн Панг на мужийн оршин суугчид олноор өртсөн харамсалтай явдал болжээ. Гэтэл өнөөдөр далайн эрэг дээр дахин шинэ тосгон буйраа засч гамшгийн үед үндэс мөчрөөрөө булгаран унаж байсан сүрлэг дал модны ёроолд багачуудын жаргалтай дуу хуур, инээд цангинаж байна. Гагцүү шинээр босгосон байшингууд дээр аюулаас сэрэмжлүүлэх жижигхэн пайз байрлуулсан нь цунамигаас үлдсэн ул мөр гэлтэй. Үүнээс өөрөөр юу ч болоогүй мэт анир чимээгүй, амар амгалан. Мөн цаанаа л бүгчим халуун, хэт чийглэг агаарт амьсгал давчдах шиг. Харин хөгшин залуу, хүйсийн ялгаваргүйгээр гудамжаар мотоцикль унан давхиж, хаа сайгүй задгай хоолны худалдаа хийх нь оршин суугчдын нийтлэг төрх аж.

 

ТОСГОН БҮХЛЭЭРЭЭ НУРСНААС 4-5 САР ХОРГОДОХ БАЙРАНД АМЬДАРЧ ЖИЛ ГАРУЙН ДАРАА ХЭВИЙН АМЬДАРЧ ЭХЭЛЖЭЭ

Далайн эргээс 20 алхам зайд 16 настай ТОТО-гийн амьдардаг байшин бий. Хүү цунами болох үед хоёр настай байжээ. Тухайн үед ээж нь гурван хүүхдээ мотоциклиор авч зугатсанаар аюулаас  мултарсан аж. Харин аав нь мотоцикльд багтаагүй учраас гэр бүлээ хамгаалаад аюултай нүүр тулахаас аргагүйд хүрсэн байна. Мөн том ах нь далайд загасчилж байсан учраас нөхөр, хүү хоёртоо хэчнээн санаа зовж байсан ч аюулын өөдөөс дахин ирж зүрхлээгүй гэдгийг ТОТО-гийн ээж ярьсан юм. Тэрээр цунамигийн талаар ярихдаа үл мэдэг айдаст автсан аястай, байсхийгээд дуу нь тодорч далай руу хуруугаараа заана. Түүнчлэн тосгон бүхлээрээ нурсан учраас иргэд 4-5 сар хоргодох байранд амьдарч жил гаруйн дараа хэвийн амьдралдаа орсон байна. ТОТО-гийн гэр бүл удаан хугацаанд нэгнээ хайсан ч эсэн мэнд уулзацгаажээ. Цунамигийн талаар түүний ээж Соавафа “Зурагт үзээд гэртээ байж байтал Индонезид 8.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж байна гэж мэдээлж байсан ч ийм хүчтэй цунами үүснэ гэж мэдээгүй. Тухайн үед далайн ойролцоо тоглож байсан 14 настай охин маань далайд ямар нэг өөрчлөлт болж байна гэж дуудсан. Гараад хартал нэлээд өндөр давалгаа үүсч байсан. Цунами болох үед далайн ус татарч их хэмжээний хуурай газар гарч ирдэг юм билээ. Тэр үед ус татарч, энд тэнд том хөөс гарч завинууд живж байсан. Тэгээд хоёр охин, хүүгээ сундлаад ухаангүй давхиж байснаа санадаг. Хэдийгээр далайд загасчилж байсан хүүдээ санаа зовж байсан ч бага хүүхдүүдээ аваад зугтахаас өөр арга байгаагүй. Замдаа хөршүүддээ сануулж, анхааруулж явж байсан. Зугтаад хоёр минут болоогүй байхад далайн түрлэг хүчтэй орж ирсэн. Тосгон нэлэнхүйдээ усанд автаж өндөр далдуу моднуудын оройгоор давж орж ирсэн. Зарим хөрш зугтаж амжаагүй нь үнэхээр харамсалтай. Тухайн үед анхааруулах систем дуут дохио хан­галтгүй байсан учраас өөрсдийгөө аврахаас өөр боломж байгаагүй. Гам­шигт бэлтгэлгүй байж таарсан учраас аврах багийн­хан ирж чадаагүй” гэсэн юм.

Харин аав нь аз таарч том модноос зуурч амьд үлдсэн ч багагүй бэртсэн байна. Харин том хүү нь далайд байх үед цунами болж байна гэх мэдээллийг дуулаад загасчдын хамт  эргээс холдож амжсан учраас энэ гэр бүл элэг бүтэн эргэн уулзалджээ.

ТОТО-гийнх гамшиг болохоос өмнө далайн эрэг дээр гэр бүлээрээ загасчилдаг байжээ. Харин гамшгийн дараа байшин нь сүйрч түр хоргодох байранд 4-5 сар амьдарсны дараа олон нийтийн байгууллага, зарим телевиз нийлж сан үүсгээд тосгоны айлуудад байшин барьж өгсөн байна. Үүнээс хойш жил гаруйн дараа төвхнөж буцаад далайдаа загас­чилж амьдарч эхэл­сэн ч найман жилийн дараа нөхөр нь нас баржээ.

Хоргодох байранд олон улсын байгууллагын тусламжийн хоол хүнсээр амьдарч байсан ч цунамигаас хагас жилийн дараа­гаас хүүхдүүд нь сур­гууль, цэцэрлэгт явж эхэлсэн байна. Хэдийгээр цунамигийн аюулыг мэдэхгүй ч амь хэлтэрсэн бяцхан зүрх тосгоны багачууд дундаа том зорилготой. ТОТО цахилгааны инже­нер болохоор хичээн сурал­цаж байгаа аж. Тэрээр “Ээжээсээ хол­дох­­гүй­гээр тосгоны ойролцоо ажил­лаж амьд­рах сонирхолтой байгаа. Эр зоригтой, бахархал болсон ээждээ үргэлж туслахыг хүсдэг. Одоо манай сургууль дээр гамш­гаас сэргийлэх сур­галт хангалттай хи­чээл­лэдэг. Дахин цунами бол­бол аль болох олон хүнд тус­лахыг хүсдэг. Тий­мээс гамшгаас сэр­гий­лэх сургалтад идэвх­тэй хам­рагддаг” гэсэн юм. Харин ТОТО-гийн ах, эгч нар тусдаа гарч бие даан амьдарч байна.

 

НҮБ-ЫН САЙН ҮЙЛСТЭН

Цунамигаас амьд үлд­сэн бас нэгэн баатар­лаг бүсгүй бол тос­гоны иргэн Ламай Кв­анзай. Гамшгийн үед олон хүнд тусалж орон гэртэй болгосон түүнийг тосгоныхон төмөр хатагтэй гэнэ. Гэр бүлийнхэн нь гамшгийн үед сандарч хэдэн тийш   салцгаажээ. Харин Ламай Кванзай үерээс зугтаж явахдаа ачааны тэрэг дээр гарч улмаар замдаа тусламж гуйж байсан 100 гаруй хүнийг машин дээр татан гаргаж хоргодох байранд хүргэсэн байна. Цунамигийн дараа гэр бүлийнхнийгээ хайх гэж тосгон руу эргэн ирж нөхөр, хүүхдүүдтэйгээ хоргодох байранд уулзаж бусдад туслах сайн дурын ажилд нэгджээ.  Хоргодох байран дахь хүүхэд эмэгтэйчүүдийг байшинтай болох хүртэл хоёр жил гаруй майханд амьдарсан байна. Энэ талаар тэрээр “Надад байшин сэргээн засварлаж өгсөн ч нялх хүүхэдтэй хүмүүст өөрийнхөө ээлжийг өгч байсан. Байшингаас гадна мөнгө, эд материалын тусламж их ирж байсан ч хүмүүст өгсөөр л байсан. Бараг 7-8 удаа ээлжээ хойшлуулсан” гэсэн юм. Түүний энэ сайхан сэтгэлийг НҮБ-аас үнэлж сайн үйлстэнээр тодруулсан байна. Харин одоо тэрээр далайн эрэг дээр хоолны газар нээн ажиллуулж байна. Тэдний хоолны газарт жуулчдаас гадна нутгийн иргэд байнга ирдэг гэв.

 

ДАЛАЙН ЭРГИЙН ХАРУУЛ БАНЛУМ

Бидний уулзсан дараагийн хүн бол далайн эргийн харуул. Зах хязгааргүй далайг  сүүлийн 11 жил дурандаж байгаа түүнд ээлж гэж үгүй. Тэрээр цунамигаас өмнө гэр бүлээрээ загасчилдаг байсан бол гамшгийн үеэр эхнэрээ алд­санаас хойш сайн дурын ажлыг хийж эхэлжээ.  Өдөр­жин далайг ду­ран­даж өөрчлөлт гарах юм бол тосгоны сайн дурын ажилтнууд руу станцаар мэдэгддэг аж. Нэг ёсондоо тэрээр тосгоны 5000 иргэнийг хамгаалж буй юм. Эргийн харуулд албан ёсны цалин байхгүй ч тосгоны иргэд хандив өгдөг учраас амьдралд хүрэл­цээтэй гэлээ. Эргийн харуул Банлум “Эхнэрээ алдсанаас хойш ажил хийх ямар ч сонир­холгүй болсон. Сайн дурын ажилтны сур­­гал­тад хамрагдаж эргийн харуулаар ажил­лах болсон. Олон улсын байгууллагаас бай­шин барьж өгсөн ч тэндээ амь­дар­даггүй. Да­лайн эрэг дээр л өнждөг. Миний зорилго бол хүмүүсийг аюулаас хамгаалж, туслах” гэж ярив.

Ийнхүү бөмбөрцгийн нэг талд амгалан тайван ноёлож байхад нөгөө хэ­сэгт нь аюул нүүр­лэж байдаг аж. Одоо ч эргийн харуул зах хяз­гааргүй далайгаа дуран­даж, сайн үйлстэн хоолны газрын эзэгтэй хэн нэгэнд тусламжийн гараа сунгасаар л байгаа. Харин цунамигаас амь хэлтэрсэн бяцхан зүрх ТОТО удахгүй том болж олон мянган иргэнийг гамшгийн аюулаас аврах зорилгоо дотроо тээж, цахилгаанчин болох мөрөөдлөө биелүүлэх нь лавтай. Түүний бяцхан зүрх том зорилго тээн буйдхан тосгоныг гэрэл­түүлж буй. Дахин уулзахад мөрөөдлөө биелүүлсэн байх биз ээ.

Цунамид өртөж амь үрэгдсэн гадаад, дотоодын иргэдийн дурсгалыг цэцэрлэгт хүрээлэнд мөнхөлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин