Б.Баярсайхан Дээд шүүх дээр ялсан ч Т.Ням-Очирыг томилжээ

Т.САЙХАН

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудал утгаа алдаад удаж байна.  Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ албан тушаалд хэдэн ч хүн томилогдов.  Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 6-ны өдөр БСШУС-ын сайд Ж.Цогзолмаа тушаал гаргаж, Ерөнхий боловс­ролын бодлогын газрын дарга Т.Ням-Очирыг ТНБД-ын түр орлон гүйцэтгэгчээр томилоод байна.  Үүнээс өмнө Т.Ган-Эрдэнэ, Ж.Болормаа нар энэ суудалд хэсэгхэн хугацаанд тухлаад авсан.   Ер нь  энэ асуудал 2017 оны долдугаар сараас эхэлсэн байдаг. Одоо яг нэг жил болох гэж байна.  Тус яамны ТНБД-аар ажиллаж байсан  Б.Баярсайханг  Ж.Эрдэнэбатын Засгийн газар гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзсэн Б.Баярсайхан хуулийн байгууллагад хандсан байдаг.   Өнгөрсөн хугацаанд түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг бүх шатны шүүх тогтоож, Засгийн газрын 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Баярсайханыг өмнө нь эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргаад байна.  Ингэсээр байтал  Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй. Харин ч өөр хүн тохоон томилж, асуудлыг улам хурцатгаж байгаа юм. Ийнхүү Төрийн нарийн бичгийн дарга байхгүйгээс болж тус яаманд харъяалагддаг дөрвөн том салбарын ажил цалгардаж байгаад салбарынхан төдийгүй УИХ-ын гишүүд бухимдаж эхлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин