“МУИС ХАКАТОН-2018” 48 цагийн турш үргэлжилнэ

О.ХАЛИУН

МУИС-ийн оюутны хөгжил, үйлчилгээний газраас МУИС-ийн оюутан залуусын дунд  шинэ санаа, санаачилгыг шалгаруулах “МУИС ХАКАТОН-2018” уралдааныг өчигдрөөс эхлэн 48 цагийн турш зохион байгуулахаар болжээ. Энэ уралдаанд тус сургуулийн соёлыг төлөвшүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх, чанарыг сайжруулах шинэлэг шийдэл, шинэ санаачилгын нийгмийн инновацийн төслүүдийг хэлэлцэх юм. “МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриатай тус уралдаанд 16 багийн 70 орчим оюутан оролцож байна. МУИС ХАКАТОН-2018 төслийн уралдаан нь хоёр үе шаттайгаар явагдана.

Нэгдүгээр шат: МУИС ХАКАТОН (MUIS Hackathon)

“МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриатай “МУИС ХАКАТОН-2018” уралдаан 2018 оны энэ сарын 11-13-нд 48 цагийн турш МУИС-ийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сайжруулах, МУИС-ийн соёлыг төлөвшүүлэх шинэлэг санаагаа дэвшүүлж хөгжүүлнэ. ХАКАТОН-ы туршид багаа бүрдүүлэх, хэрэгцээгээ зөв тодорхойлох, төсөл боловсруулах, найрааны урлагт чиглүүлэх сургалт явуулж, менторууд зөвлөнө.

ХАКАТОН-д хамгийн олон оролцогч дэмжсэн 10 хүртэл санааны санаачлагчид багаа бүрдүүлэн 48 цагийн турш төсөл болгон хөгжүүлнэ. Багууд 48 цагийн төгсгөлд танилцуулах өдөр(Demo Day)-өөр төслөө танилцуулна. Танилцуулах өдрийн шалгаруулалтаар гурван багийг шалгаруулж, дараагийн шатанд хамрагдах эрх олгоно.

Хоёрдугаар шат: ХӨГЖҮҮЛЭЛТ         

Шалгарсан багууд энэ сарын 13-наас есдүгээр сарын 1-ний хооронд төслийн бизнес төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Төслийн тайланг есдүгээр сарын 10-нд Оюутны хөгжил, үйлчилгээний газар /ОХҮГ/-т хүлээн авч, шаардлага хангасан төслийг хэрэгжүүлэх зардлын санхүүжилт олгоно.

“МУИС ХАКАТОН-2018 ТӨСЛИЙН ТӨСӨВ:  есөн сая төгрөг

Эх сурвалж: www.polit.mn