Ким Жон Ун Сингапурт ирсэн байна

Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун маргааш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтад оролцохоор Сингапурт ирсэн байна. Тэрээр түүхэн уулзалтын үеэр олон улсын анхаарлыг татаж байгаа  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох  хэлэлцээрийг үргэлжлүүлэх юм. “The Strait Times” сонинд мэдээлснээр удирдагч Ким Жон Ун Пхеньянаас орон нутгийн цагаар өглөөний О8:30 цагт нисч дөрвөн цагийн дараа “Air China” компанийн хөлөг онгоцоор Сингапурын Чанги олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн гэжээ.  Мөн хөлөг онгоцонд удирдагч Ким Жон Уны  хоол хүнс,машин, хэрэглэхийг зөвшөөрсөн галт зэвсэг зэрэг олон хэрэгцээт зүйлсийг нь тээвэрлэж ирсэн гэсэн байна. Харин  Канадад болсон их долоогийн уулзалтад  оролцсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Сингапурын цагаар өчигдөр үдээс хойш ирнэ гэж тооцоолжээ. Сингапурын ерөнхий сайд Ли Хсиен Лүүн тэднийг Сингапурт ирмэгц нь ганцаарчлан хүлээн авч уулзана гэж  Сингапурын Гадаад яамнаас мэдээлснийг “News Asia” суваг уламжилсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин