Энэтхэг элч Рави Шанкер Гоел

Р.ОЮУН, Ч.ГАНТУЛГА

Тэрээр Монголын тухай сайн мэднэ. Үзэсгэлэнт байгаль, өргөн уудам тал нутгийн минь сайханд дурлаж, монгол нөхдөөр өөрийгөө хүрээлүүлж, энэ л эх оронд минь элэгтэй болсон нэгэн. Түүнийг “Амьдралын тойрог” буландаа урилаа. Энэтхэгийн Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга, Улс төр, худалдаа хариуцсан төлөөлөгч, Тамгын газрын дарга Рави Шанкер Гоел манай улсад ирээд гурван жил болж байна. Монголоор “Сайн байна уу” хэмээн цэвэрхэн мэндэлж, монгол хүний амьдралын ухаан, нөхөрлөлийн үнэ цэнийг ярьж суугаа энэ эрхэм хүмүүний амьдралын түүх баялаг байх нь дамжиггүй.

Гарал угсаа, ёс заншил, цаг агаарын хувьд эрс ялгаатай Энэтхэг хэмээх их улсаас манай орныг зорьж, төрийн хэргийг гүйцэлдүүлж яваа нийтлэлийн баатар маань их энгийн хүн аж.

Энэтхэг улсыг иоггүйгээр төсөөлөхийн аргагүй. Найман настай балчираас 80 настай буурлууд хүртэл өдөр тутмынхаа амьдралд иогийг хэвшүүлж, эрүүл мэнд болоод хувь хүний төлөвшил, сэтгэлзүйгээ анагаадаг ажээ. Ноён Гоел ч иог хийж, энэ соёлыг Монгол Улсад түгээж, дэлгэрүүлэхийн төлөө зүтгэж яваа нэгэн. Түүний амьдралыг ч иоггүйгээр төсөөлөхийн аргагүй. Жил бүрийн зургадугаар сарын 21-нийг “Олон улсын иогийн өдөр” болгон тэмдэглэдэг. Харин манай оронд энэ сарын 17-нд тэмдэглэхээр бэлт­гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Энэтхэгийн Элчин сайдын яам олон ажил хийхээр төлөвлөж байгаа аж.

 

МОНГОЛЫН ХҮЙТЭН ЦАГ АГААРААС ЭМЭЭЖ БАЙСАН

Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд айлчлах үеэр.

Нийтлэлийн баатрын маань амьдралын нэгээхэн хэсэг болсон иогийн тухай бид ийнхүү хөөрөлдсөн юм. Үүнээс цааш бидний яриа түүний хүүхэд нас, хувийн амьдралын тухай өрнөлөө. Рави Шанкер Гоел Энэтхэгийн хойд хэсгийн Харияна мужид төрсөн ч Дели хотод амьдардаг байжээ. Аав нь төрийн албан хаагч байсан бөгөөд одоо тэтгэвэртээ суужээ. Харин ээж нь гэрийн эзэгтэй. Гоел гурван эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй айлын том хүү юм байна. Тосгонд анхан шатны боловсрол эзэмшиж, Дели хотод дээд боловсролын сургууль төгссөн аж. Худалдааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Түүх судлалаар магистрын зэрэг хамгаалсан нэгэн. Түүний бага нас тосгонд өнгөрсөн болохоор багадаа гадаад ертөнцийн талаар мэдээлэлгүй байжээ. Харин нийслэлд ирснээр их зүйлийг мэдэж, танилцсан гэнэ. Тэрээр бүх энэтхэгийн шалгалтад бүртгүүлж, тэнцсэнээр Гадаад яаманд ажилд орсондоо талархаж явдаг гэсэн. Учир нь төрийн хүн болсноор дэлхий ертөнцтэй танилцаж, олон оронд ажиллаж, амьдрах боломжийг олгосон ажээ. Тэрээр Монголд ирэхээсээ өмнө Алжир, Швейцарь, Афганистан, Шриланк, Саудын Арабт ажиллаж байсан туршлагатай. Харин эдгээр орноос хамгийн ихээр гүн сэтгэгдэл төрүүлж байгаа улс нь Монгол улс аж. Рави Шанкер Гоел “Монголд ажиллаж байгаадаа таатай байна. Монголчууд их нээлттэй хүмүүс. Манай хоёр орны хамтын ажиллагаа, харилцаа олон жилийн түүхтэй. Бид буддын шашнаар холбогдсон байдаг. Соёлын хэмжээнд ижил төстэй зүйл их бий” гэсэн юм. Тэрээр манай улсад 2015 оны гуравдугаар сард томилогдож ирсэн. Ирэхээсээ өмнө Монголын талаар мэдлэг багатай байжээ. Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс, жилийн дөрвөн улиралтай гэж бодохоор халуун орны хүн анх эмээж байсан гэдэг.

 

ИОГ ЭВ НЭГДЭЛ, ЭНХТАЙВНЫ БЭЛГЭДЭЛ

Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор 60 гаруй иогийн төв ажиллаж байгаа юм. Энэ нь хүмүүс иогийг сонирхож, үр дүнгээ өгч байгаагийн нэг илрэл хэмээн нийтлэлийн баатар маань онцолсон. Энэ боломжийг ашиглаад “Зууны мэдээ” сонины нийт уншигч болон ард иргэдийг 17-нд болох Олон улсын иогийн өдөрт хүрэлцэн ирэхийг урьж буйгаа уламжилсан юм. Иог бүх насныханд зориулагдсан гэдгээрээ онцлог. Хэн ч хичээллэх боломжтой. Хичээллэснээр богино хугацаанд үр дүнг нь мэдэрдэг. Иог нь шашин биш, олон мянган жилийн түүхтэй шинжлэх ухаан юм байна. Зөв, үндсэн иогийг сурч, өөрөө болон гэр бүлийнхэнтэйгээ хичээллэснээр эрүүл байхаас гадна, эв нэгдэл, энхтайвныг мэдэрдэг тухай нийтлэлийн баатар маань ярьж байв. Гэр бүлээрээ хичээллэснээр өрх гэрийнхэн эв нэгдэлтэй, тайван байдаг аж. Монголд урт, хатуу өвөл болдог учир биеийн тамир, иогоор хичээллэхэд хэцүү байдаг гэнэ. Гэхдээ бэрхшээлийг давж, энэ шинжлэх ухааныг судалснаар олон өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл амьдрах түлхүүр болно гэж эрхэм Гоел зөвлөж байсан юм.

 

ЭНЭТХЭГ ХҮҮХДҮҮД ТАВАН НАСТАЙГААСАА ИОГООР ХИЧЭЭЛЛЭДЭГ

Энэтхэг хүүхдүүд сургуульд орсон цагаасаа иогоор хичээллэдэг. Таван настайдаа сургуульд ордог ч сургуулийн өмнөх насанд буюу цэцэрлэгт иог сурах боломжтой. Гоел сургуульд орсон цагаасаа өглөөний дасгал, залбирал хийж эхэлсэн бөгөөд үндсэн иогийг 13 жилийн өмнөөс тогтмол хийдэг болсон гэж байв. Тэрээр анх 10 өдрийн богино хэмжээний дасгал хийхэд 3-4 кг турж, эрч хүчтэй болсон мэт мэдрэмж төржээ. Гоел “Иогоор хичээллэснээр хүн бүр өөр мэдрэмж авч, өөр үр дүнд хүрдэг. Тухайн хүн ямар бие болоод оюун санаа, бодолтой вэ гэдгээс хамаарна. Мөн хэр их хичээл зүтгэл гаргаж байгаа нь чухал. Гэхдээ та иогоор хичээллэсэн л бол ач тусыг нь мэдрэх болно гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна” гэсэн юм. Тэрээр цааш нь “Иог бол нэг зам юм. Энэ замаар хэр тууштай алхаж чадах вэ гэдгээс бүх зүйл хамаардаг. Бурхан багш би зөвхөн замыг чинь зааж чадна. Энэ замаар алхаад гэгээрэлд хүрэх нь таны өөрийн чинь зүтгэл гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил иогоор хичээллэж байгаа хүн бүр энэ замаар тууштай явж, хичээллэвэл ач тусыг нь мэдэрч, эрч хүч авах болно. Иогийг биеийн хүчний болон биеийн дасгал гэж ойлгож болохгүй. Бясалгалтай хамт байдаг” гэв.

 

20 МИНУТЫН ДАСГАЛ ҮР ДҮНГЭЭ ӨГДӨГ

 

Иогоор хичээллэхийн тулд эхлээд биеэ бэлдэх шаардлагагүй. Бүх хүн иог хийхэд бэлэн байдаг. Харин анхааруулах зүйл бий. Тухайлбал, хоол идсэний дараа 2-3 цагийн дараа дасгал хийх хэрэгтэй. Үүнээс хамгийн сонгомол арга нь өглөө боссоныхоо дараа дасгал хийх. Мөн иог хийх цагаа зохицуулах нь чухал аж. 20 минутын дасгал илүү үр дүнгээ өгдөг гэнэ. Хэрэв цаг зав ихтэй бол цагаа сунгахад буруутахгүй гэсэн. Иогийн дасгалууд их энгийн хүн бүр хийж чадна. Иог хийснээр үе мөч уян хатан болдог. Анх сурч байгаа хүмүүст энгийн дасгалуудыг санал болгодог юм байна. Хэрэв энэ дасгалуудаа хийгээд сурчихвал дараагийн ахисан төвшний дасгал руу орох боломжтой. Иогийн дасгалыг хийхдээ хамгийн чухал нь амьсгалын дасгал юм. Дасгалын үеэр амьсгаагаа хэрхэн авч, гаргах вэ. Амьсгалын дасгалыг зөв дагаж хийх ёстой байдаг. Тухайлбал, урагшаа тонгойгоод мөргөх үед амьсгаагаа гаргана. Цээжээ өргөхдөө амьсгаагаа авах ёстой. Энэ нь иогийн дасгал хийх хамгийн чухал үндсэн хэсэг нь. Эдгээр дасгалыг ноён Гоел өөрийн биеэр бидэнд хийж, сонирхуулсан юм. Нэгэнт л иогоор хичээллэж эхэлсэн бол өдөр бүр хичээллэх хэрэгтэй. 20 минут уу, нэг цагийн дасгал хийх үү гэдэг нь таны амьдралын хэв маягаас шалтгаална. Гэхдээ цаг, зав муутай бол 10 минутад ч дасгал хийж болно. Хэрэв 10 минутын зав гарахгүй бол ажлын байран дээрээ хийх богино хэмжээний дасгалууд байдаг юм байна. Дасгал хийж байхдаа амьсгаагаа зөв хувиарлаж чадвал илүү үр дүнд хүрдэг юм байна.

 

ЦАГААН ХООЛТОН

 

Нийтлэлийн баатар маань цагаан хоолтон. Тиймээс Монголд очоод цагаан хоол олдох болов уу гэж сандарч байсан тухайгаа ярьсан юм. Харин энд ирээд санаагаа зовоох ямар ч шаардлагагүй байж гэж боджээ. Учир нь Улаанбаатарт цагаан хоолны ресторан, дэлгүүр олон бий. Тиймээс ямар нэгэн хүндрэл гараагүй гэнэ. Тэрээр манай улсад гэр бүлтэйгээ ирсэн. Хүү нь Улаанбаатар олон улсын сургуульд сурч байна. Харин гэргий нь багш мэргэжилтэй ч одоогоор гэрийн эзэгтэйн үүргийг биелүүлж байгаа гэнэ. Тэрээр гэргийнхээ тухай “Гэрийн эзэгтэйн ажил бол ямар ч амралтгүй хүнд хөдөлмөр. 24 цагийн турш ажиллаж, ар гэрийн амьдралыг минь авч яваа ханиараа бахархдаг” гэж байсан юм. Түүний гэргий болон хүү нь иогоор хичээллэдэг. Тэд дасгалаа тус, тусдаа өрөөнд хийдэг аж. Ноён Гоел нөхөрлөлд их нухацтай ханддаг нэгэн. Тэрээр энэ хугацаанд олон монгол найзтай болжээ. “Монгол хүн нөхөрлөлдөө тууштай, үнэнч, чин сэтгэлээсээ ханддаг нь сэтгэлд нь их хүрсэн” гэж байв. Амралтын өдрүүдэд монгол найзуудынхаараа зочлох дуртай гэсэн. Тэдэнтэй Монголын түүх соёлын тухай ярилцаж, мэдлэгээ тэлэх сайхан байдаг аж. Найзууд нь ч энэтхэг андаа ногоотой бууз, хуушуураар дайлж, ярилцаж суух хүсэлтэй байдаг гэнэ лээ.

 

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА УЛААНБААТАРТАЙ ТАНИЛЦДАГ

Шриланк улсад. Рави Шанкер Гоел нь Монголд ирэхээсээ өмнө Алжир, Швейцарь, Афганистан, Шриланк, Саудын Арабт ажиллаж байсан туршлагатай дипломатч юм.

Гоел чөлөөт цагаа Улаанбаатар хоттой танилцаж, аялж өнгөрүүлдэг гэнэ. Өөрөө түүхийн хүн учир зав гарвал ном унших дуртай. Тэрээр оюутан байхдаа Энэтхэгийн анхны ерөнхий сайдын бичсэн “Түүхийг тольдохуй” гэсэн номыг уншжээ. Номонд “Чингис хаан дэлхийн талыг нэгтгэж чадсан агуу төрийн хүн” гэж бичсэн байсан нь одоо ч сэтгэлд нь тод байдаг гэнэ.

Дэлхийн талыг эзэлж явсан энэ хүний байгуулсан Монгол оронд ажиллаж, амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдгаа ч дурьдсан юм.Тэрээр “Миний хувьд тухайн улсынхаа соёлоос суралцах сонирхолтой. Энэ нь дараагийн оронд дасан зохицож, суурьшихад хэрэгтэй. Шинэ соёлд суралцах нь тухайн оронд амьдарч, соёлыг нь хүндэтгэхэд дөхөм болдог” гэсэн юм. Ноён Гоелийн гэр бүл Монголын уламжлалт баяр болох Цагаан сар болон наадмыг үзэх дуртай гэнэ. Ялангуяа, эрийн гурван наадмыг үзэж, цэнгэлдэхэд наадахад сайхан байдаг гэсэн. Үүнээс гадна тэрээр Дархан, Эрдэнэт, Хустайн нуруугаар аяласан. Мөн Оюутолгойгоор зочлох боломж олджээ. Хөдөө явахдаа уул, ус, толгод, монгол гэрийг малтай нь харж, морь унасан нь сэтгэлд нь сайхан дурсамжийг үлдээжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин