Б.Батгэрэл: Брэндийг судалж, Монголын хөгжлийг  тодорхойлсон

Ц.МЯГМАРБАЯР

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг билээ. Энэ удаа “Монгол Улсын брэндингийн хөгжил” ТББ-ын тэргүүн, Үндэсний брэндийн эксперт Б.Батгэрэлийг урьж ярилцлаа.

 

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН НЭГ ТҮЛХҮҮР НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ 

Сүүлийн үед Монголын эдийн засаг тогтворгүй, хүнд байдалд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Ер нь ямарваа нэгэн асуудал тулгарахад хэн нэгнийг буруутгах гэхээс илүүтэй нөхцөл байдлыг зөв ойлгон дүгнээд гарах гарцаа тооцдог Монгол хүний язгуур мөн чанар эерэг ухаанаар шийдэх нь юунаас ч илүү чухал болоод байна. Иймд  ашигт малтмалаас гадна хөдөө аж, ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэх мэт тэргүүлэх салбаруудын бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулан хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, хүнд байдлаас богино хугацаанд гарах үндэсний хэмжээний цогц хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.

Дэлхий даяарчлагдах ту­сам брэнд гэдэг ойлголт нь ту­хайн улсын үндэсний үйлд­­­вэр­лэгч­дийн үйлд­вэр­­лэ­­сэн бараа бүтээгдэхүүний хүрээнд бус нийгэм, улс төр, эдийн засгийн тогтвортой  байдлыг хангасан Засгийн газрын бодлого, түү­нийг хэрэгжүүлж буй тө­рийн түшээд, салбарын төлөөллүүдийн  үйл ажиллагааны үр дүнгээр тодорхойлогдох болсон. Монголын хөгж­лийн түлхүүр бол аялал жуулчлал эсвэл хөдөө аж ахуй гэх мэтээр салбараар нь жижиглэн харах бо­ломж­гүй юм. Хөгжил гэдэг өөрөө амьд зүйл яг л хүний сэтгэл, мэдрэмж шиг. Хүн аз жаргалтай байхдаа л хамгийн сайхан зүйл буюу брэндийг бү­тээ­дэг. Сэтгэл зүйн дарамт­тай бол юу ч бүтээж чадахгүй, хэдийгээр хүчлэн хийсэн ч тэр нь сэтгэлд хүрэхүйц чанартай болохгүй. Тэгэхээр юуны түрүүнд брэндийн талаар нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй болов уу. Хөгжсөн орны нэг хүнд өдөрт 5000 гаруй сурталчилгаа, мессежүүд харагддаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Хүн аливаа зүйлийг төсөөлөн бодохоос илүү бодитоор хараад илүү ойлгож, тогтоодог. Компаниуд төдийгүй улс орнуудын дунд ч аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэргийг татах зорилгоор өөрийн улсад эерэг дүр төрх (имиж) бүрдүүлэх өрсөлдөөн ид өрнөж байна.

 

ҮНДЭСНИЙ БРЭНДЭЭР ДЭЛХИЙД ТАНИГДАХ НЬ ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАНА

БЛИЦ

Боловсрол:

  • 1995-1999 он: Монгол Улсын Их Сургуулийн, Олон Улсын Харилцааны Сургууль, бакалавр
  • 2007-2010 он: БНСУ-ын Ивагийн Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Олон Улсын Захиргааны Удирдлага Хүний нөөцийн хөгжлийн магистр /MBA/

Ажилласан байдал:

  • 2017 он: “Монголын үндэсний брэндийн хөгжил” ТББ-ийн тэргүүн
  • 2017-2018 он: Mонгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монголын үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албаны дарга
  • 2015 он: Монголын Хүний Нөөцийн Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн үүсгэн байгуулагч, УЗ-ийн гишүүн
  • 2014он: Монголын Шингэн Хүнс Үйлдвэрлэгчдийн Мэргэжлийн Холбооны гүйцэтгэх захирал
  • 2012 он: Олон Улсын Мэргэжлийн Хөгжлийн Институтын ерөнхий захирал
  • 2011он: БНСУ Хөдөлмөрийн Яамны харьяа Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Агентлагийн “Өргөмжит Элч”
  • 2004 он: Далайн Салхи Нийгэмлэгийн тэргүүн
  • 2004-2015 он: БНСУ дахь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөгч

-Үндэсний брэнд буюу “Nation brand” гэсэн нэр томьёог 1990-ээд онд судалж эхэлсэн бөгөөд хамгийн анх Английн PR-ын судлаач Саймон Аннхолт /Simon Anholt/ өөрийн судалгаанд тусгаснаар ийнхүү хэрэглэгдэж эхэлжээ. Тэрээр “Үндэсний брэнд нь аливаа улс оронд жуулчид, гадаад хөрөнгө оруулалтыг татах, бараа бүтээгдэхүүний борлуулах, улс төрийн холбоо сүлбээг бий болгох зэрэг зүйлд үр нөлөөгөө үзүүлдэг” гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл үндэсний брэнд нь өөрийн улс орны ололт, амжилтад анхаарал хандуулж түүний чанарт итгэх иргэдийн итгэл, үнэмшлийг төрүүлдэг зүйл тул түүнийг удирдан чиглүүлж буй төр засаг, улс төрчдийн анхаарал, дэмжлэг туслалцаа юу юунаас ч илүү чухал бөгөөд энэ нь амжилтанд хүрэх гол түлхэц болдог байна.Бид өнөөдрийг хүртэл хэн нэгэн зохиогчийн бүтээл гэдгийг илтгэсэн нэр эсвэл барааны тэмдэгтийг л Брэнд гэж ойлгосоор ирсэн байдаг. Үндэсний брэнд гэдэг нь улс үндэстний талаарх ерөнхий мөртлөө онцгой сэтгэгдэл, итгэл үнэмшил юм. Үүнд байгаль, цаг уур, үндэсний түүх, өв уламжлал, зан заншил, урлаг соёл, төр нийгмийн харилцаа, эдийн засгийн байдал, бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг маш өргөн хүрээний биет болон биет бус хүчин зүйлсүүд орно.Тэгвэл гадаадын улс орнууд улс үндэстнийхээ үнэлэмжийг нэмэгдүүлэх, олон улс дахь өөрсдийн сөрөг имижийг эерэг болгох,  үндэсний брэндээ хөгжүүлж дэлхийд танигдах бодлого, стратегиараа ширүүн өрсөлдөж байна. Гадаадын улс орнууд ард иргэдийнхээ сэтгэл зүйг тогтвортой байлгах, өөрийн улсын соёлын давтагдашгүй чанар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний брэнд болгож дэлхийд таниулан жуулчид болон хөрөнгө оруулагчдыг татдаг. Энэ нь улс үндэстний үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, тухайн улсын үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжүүлэх  үндэс суурь нь болдог байна. Нэгэн цагт дэлхийн талыг эзлэж байсан хүчирхэг гүрэн, эзэн Чингис хаан…бахархам түүхтэй Монгол улс минь…Тусгаар тогтнол, эрх чөлөө, газар шорооныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдсийнхээ өвлүүлж өгсөн газар нутаг, эд баялагийн эзэд, үр хойч нь өнөөдрийн Та бид шүү дээ. Гэтэл өнөөдөр Монгол улсын үнэлэмж, байр суурь, Монгол хүний үнэ цэнэ ямар байгаа билээ дээ. Ийм эрсдэлийг бид харсаар л суух уу? Энэ хэвээрээ байсаар л байх уу? Энэ үед төрсөн бид нэг л олдох насандаа хамтдаа сайхан бүхнийг бүтээж, бүтээсэн бүхнээ амжиж харах эрхтэй биз дээ. Үр минь л үлдэх хорвоод тэр дундаа Монгол хүний үр хойч тусгаар тогтносон эх орондоо аз жаргалтай амьдрах эрхтэй гэж би боддог. Бидэнд өөрчлөх цаг хугацаа, боломж байна. Дэлхийн хөгжингүй орнуудын хөгжлийн гол түлхүүр нь өөрийн орны хөгжлийн түвшинг дотооддоо үнэлэх биш харин бусад улс орнуудад яаж үнэлдэгийг судалгааны үндсэн дээр тогтоож,  дотоод нөөц бололцоогоо тооцон харьцуулсаны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг  боловс­руулан хэрэгжүүлдэгт оршдог юм.

 

 22 УЛС, 14 ХОТЫН БРЭНДИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙГ СУДАЛСАНЫ ЭЦЭСТ МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖЛИЙН ГАРЦЫГ ТОДОРХОЙЛСОН

-2016 онд манай байгууллага дэлхийн алдартай судалгааны байгууллагатай хамтран Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн суурь судалгааг хийсэн. Энэхүү судалгаанд бидний язгуур мөн чанар юу вэ ? Дэлхийн анхаарлыг Монгол юугаараа татах вэ? Монгол улс яаж хөгжих вэ? гэх мэтчилэн асуултууд орсон. Гэтэл бид ердөө л Чингис хаан, өргөн уудам тал нутаг, байгалийн баялаг ихтэй улс орон гэснээс өөр дэлхийд танигдсан зүйлгүй, Монголын тухай тодорхой имиж байхгүй, өнгөрсөндөө оршиж байгаа улс гэсэн үр дүн гарсан нь тун харамсалтай байсан. Тэгвэл Гадаадын улс орнуудад “Монгол” гэх үндэсний брэндийг хараад Монгол Улс, Монгол хүн, үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг үнэлж, дүгнэх хэмжүүр нь болдог. Өнөөгийн бидний амьдарч буй XXI зуунд хамгийн их хомсдож байгаа нөөц юу вэ? Энэ бол “анхаарал” юм. Тэгвэл бид Дэлхий дахины анхаарлыг юугаараа татаж эерэг сэтгэгдэл, итгэл үнэмшлийг төрүүлэх вэ гэдэгт эхлээд анхаарах нь зүйтэй. Дэлхийн анхаарлыг татахад олон зүйлс тайлбарлах боломжгүй тул бидний  бусдаас ялгарах онцлог, зан заншил, өв соёл нэвт шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, контентуудыг шат дараалсан байдлаар зохион байгуулж гаргах  хэрэгтэй. Тэд биднийг нэг түлхүүр үг, нэг имижээр таниж зорих болно. “Amazing Thailang”, “Great Britain”, “Imagine your Korea” гэх мэт уриа үгнүүдээс харахад хорвоо ертөнцийн хүмүүс гайхамшигтай мэдрэмжийг Тайландаас, Агуу бүхнийг Англиас, өөрийн төсөөлсөн бүхнийг Солонгосоос мэдэрч, ташаал ав гэсэн утгатай байгааг харж болно. Харин бид өөрсдийгөө Чингисийн Монгол, нүүдэлчин Монгол гэж тодорхойлдог. Тэгвэл энэ бүхэн зөвхөн бидний л бодол, бидний өнцөг гэдгийг өнөө хүртэл харж чадаагүй учраас бид нэг л газраа зогсоод байж. Бид бусдыг хүлээн зөвшөөрч, ойлгож, хүндэтгэж байж гэмээн урагшаа алхана. Бид судалгааны ажлаараа Европоор явж байхад Германчууд  “бид Гитлерийн үр сад”  гэх юм уу Францчууд “бид Бонапард Наполеоны үр сад”  гээд цээжээ дэлддэгүй юм билээ. Тэгэхээр бид өөрсдийгөө гаднаас нь харах, судлах хэрэгтэй болсон гэдгийг харуулж байна. Ингээд бид зорилтот улсуудад судалгаагаа эхлүүлсэн. Нүүдэлчин буюу “Nomadic” гэдэг англи үгийг гадныхнаас мэддэг үү? юу гэж ойлгодог вэ? гэсэн асуултанд Их Британид 64, АНУ-д 75, Японд 7, БНСУ-д 1 , БНХАУ-д 24, ОХУ-д 16 хувь нь мэддэг гэж хариулсан байна. Харин ‘нүүдэлчин’ гэдэг утгаар нь БНСУ, БНХАУ, Япон, ОХУ-д  илүү мэддэг гэсэн бөгөөд англи хэл эх хэл нь болох Их Британи, АНУ-д ‘тэнүүлчин’, ‘амьдран суух газраа сольж нүүн амьдардаг’ гэсэн утгаар  илүү мэддэг гэж хариулсан байдаг. Дараа нь Монгол Улсыг мэддэг үү? гэсэн асуултад 80 хувь нь мэдэхгүй, 20 хувь  нь мэддэг гэж хариулсан. 20 дотроо хоёрны гурав нь  China Mongolia, гуравны нэг нь “ Ар монгол” гэж мэдэх жишээний. Ялангуяа XII-XIII зуунд Чингис хаантай Монгол гэж улс оршиж байгаад устсан гэж бөглөсөн байхыг хараад өөрийн эрхгүй дотор минь харанхуйлсан. Бид Манж Чин улс гэж байж байгаад үндсээрээ устсан гэж ярьдаг. Гэтэл энэ судалгааны хариу яг энэ үгийг бидэнд эргүүлээд хэлэх шиг болсон. Энэ тоо бол харанга дэлдэж байна. Ухамсарын шанаа авмаар тоо.

 

УГ НЬ САЯ ЖУУЛЧИН АВЧРАХ АМАРХАН

 

-Монголчууд бидэнд өөрсдийгөө харах толь бас оюуны ташуур хэрэгтэй гэж би боддог.

2016 оны есдүгээр сард Үндэсний Брэндийн Зөвлөлийг байгуулах санаачлагыг би Засгийн газарт тавьж байсан юм. Харин энэхүү санаачлагыг тухайн үеийн ерөнхий сайд дэмжиж өөрийн дэргэд байгуулан ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн жил би тус зөвлөлийн ажлын албыг ахалж ажиллаж байхдаа дээрх бүх судалгааг баг хамт олноороо хийж гүйцэтгэсэн. Судал­гааг үндэслэн хийх гурван жилийн ажлын төлөв­лөгөө, төсөв хөрөнгө, үр дүнгийг бас тооцож гаргасан. Монгол улсыг бүхэлд нь илэрхийлэх язгуур үгийг тодорхойлж, стратеги төлөвлөгөөний хамт одоогийн Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Тухайн үед манай ажлын албаны дэргэд бүх салбарын эрдэмтэд маань оюунаа дайчлан бидэнтэй хамтран ажиллаж байсан. Тэдэндээ маш их талархаж явдгаа үүгээр илэрхийлмээр байна.

Манай улсад хамгийн их орлого оруулж болох дөрвөн улсыг сонгож сурталчилгаагаа бүтэн жилээр нь хийхээр төлөвлөж байсан. Улс орныг гадаадад таниулж, эерэгээр хоногшуулахад урт хугацааны ажил хийгдэх ёстой. Ер нь улсаа сурталчилахдаа төр, хувийн хэвшил болон урлагийнхан айлчилж очоод хоёр гурван өдөр цаашлаад долоо хоног монголын өдөрлөг хийдэг. Гэтэл энэ нь хамгийн үр бүтээмжгүй сурталчилан таниулах аргуудын нэг юм. Бүр тус улсад байгаа Элчин сайдын яамдаар хийлгэх ч бүр үр дүнгүй. Ингэж ярихаар Орос, Хятад хоёр хөрш орнууд манайхыг мэдэж байгаа. Манай тамирчид сүүлийн үед дэлхийд олимпын аварга болж байна, урлагийнхан ч амжилт гаргаж байна гэж хэлэх байх л даа. Тамирчид спортын салбарынхан  “Монголия” гэж мэддэг байж болно. Орос Монголын, Монгол- Хятадын болон бусад улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагддаг хэдий ч Элчин сайдын яамаар дамжин өмнө харилцаж байсан, монголыг мэддэг бас элэгтэй хэдхэн хүмүүсийн хүрээнд явагддаг гэдгээ олж харах нь чухал. Нөгөө өмнө нь ирдэг хэд нь л ирнэ. Тэгвэл бидэнд мөнгөтэй, аялаж зугаалдаг, өөртөө гоё мэдрэмж авахыг хүсдэг жуулчид, хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Сая жуулчин авчрах маш амархан. Энэ тооцооллыг би ганцаараа хийгээгүй. Дэлхийн брэндингийг гаргаж ирдэг 30 улсад сүлжээтэй дэлхийн номер нэг PR-ийн компанитай хамтарч хийсэн. Өөрийнхөө улсыг хэрхэн бага зардлаар, үр ашигтайгаар дэлхийд таниулах вэ, Монгол улсын хөгжлийн гарц юу вэ гэдгийг 22 улс, 14 хотын брэндийн үүсэл хөгжлийг судалсаны эцэст гаргаж авсан.Монголчууд бидэнд бусдын анхаарлыг татах, Монгол Улсаа дэлхийд эерэгээр сурталчлах, ард иргэдийнхээ эв нэгдэл болж чадах үнэт зүйлс маш олон бий. Дэлхийн улс орнууд өөрс­дийн үндэсний брэндээ судалгаан дээр тулгуурлан гарган авч шат дараатайгаар хөтөлбөрүүдээ тууштай хэрэгжүүлсэний үр дүнд амжилтанд хүрсэн байдаг. Мэдээж энэхүү хөтөлбөрүүд нь тухайн улс орны нийгмийн өөрчлөлт, хөгжлөөс үүдэн олон саад бэрхшээлийг даван туулж байж л үр дүнд хүрсэн байдаг ба амжилтанд хүрчихлээ гээд орхигдуулж хаялгүй харин ч эцэс төгсгөлгүй шинэ санаа, хүсэл мөрөөдөл, үнэ цэнийн аялалд хөтлөгдөн урагшилах нь дамжиггүй биз ээ.Хүн төрөлхөтний өвөг дээдэс дэлхийдээр оршин тогтноходоо өөр өөрийн онцлог бүхий дахин давтагдашгүй түүх, соёлыг бүтээж дэлхийн түүхэнд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэгвэл ирээдүйн хүн төрөлхтөний түүх өнгөрсөн үеийн түүхийг холбогч “алтан гүүр” нь XXI зуунд амьдарч буй бид билээ. Ямар ч агуу түүхийг хүн бүтээнэ, ямар ч агуу түүхийг хүн л устгана. Монгол улсын ирээдүй ямар байх нь өнөөгийн ухамсарт  Монгол хүн таны гарт байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин