Гонжа Эрим: Нүд юу харсныг би урладаг

Д.ЖАРГАЛАН

Энэ удаагийн “Урлан” буланд Туркийн Улудаг их сургуулийн Дүрслэх урлагийн боловсролын тэнхимийн захирал, дэд профессор, хатагтай Гонжа Эримийг урилаа. Тэрээр график чиглэлээр өөрийн дотоод ертөнцийг илэрхийлдэг Туркийн цөөхөн эмэгтэй зураачдын нэг юм. Гонжа Эрим Урчуудын эвлэлийн хороонд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээгээд байхад нь ярилцсан юм.

 

Монголд ирж уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүр­гэе. Уран бүтээлийнхээ та­лаар танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Би Монголд анх удаа ирж, дө­рөв дэх бие даасан үзэс­гэлэнгээ гаргаж байна. Миний хувьд гурван хэм­жээст бүтээл хийхийг хичээдэг. Мод, металл юм уу гантиг чулуун дээр ажиллаад түүнийгээ цаа­сан дээр зурсан зурган дээр  буулгахдаа давхар дав­харгаар буулгана. Тухайл­бал, 10 давхар хэв­лэ­мэл мод, металлыг ашиг­лаж хэлбэр дүрсээ өөрөө гаргадаг. Металл, модон бэлдэцээ бэлт­гэхэд хугацаа шаарддаг. Үүнийгээ цаасан дээр буулгасны дараа давхар бүтээлээ гаргана. Мод юм уу сонгосон гадаргуун дээр өөрийнхөө ажил­барыг хийсний дараа түүнийгээ цаасан дээр буулгадаг.

Таны бүтээлүүдийг хара­хад нүд шиг харагдах юм. Яагаад заавал нүд гэж?

-Үзэсгэлэнд тавь­сан бүтээлүүддээ нү­дийг дүрсэлсэн. Нүд бидний ертөнцийг ха­рах цонх, гадаад ертөнц, юмс үзэгдэлтэй шууд харилцах эрхтэн. Тухайлбал, бид хоёр хэлээрээ ойлголцохгүй ч нүд нүдээ хараад ойлголцдог. Миний хувьд таарч, учирч байсан амьд бүхний нүднээс олж харсан зүйлээ уран бүтээлдээ тусгахыг хи­чээ­сэн. Ялангуяа, эрдмийн хичээл ордог байсан багш нарын маань нүд олон зүйлийг илэрхийлдэг. Үүнийг бүтээлдээ тусгаж болох юм гэдгийг оюутан байхдаа олж харсан. Үзэсгэлэнд 56 бүтээлтэй оролцож байна.

Нүдээр дамжуулж хүмүүст юуг илэрхийлэхийг хүссэн юм бэ?

-Энд олон төрлийн нүд байгаа. Тухайн нүд юу харж байснаа өгүүлнэ. Нүд болгон өөр түүх, өөр өгүүлэмжийг илэрхийлдэг. Нийтэд нь тэр бүхнийг илэр­хийлж байгаа өөр өгүү­лэм­жүү­дийн цогцолбор гэх юм уу даа.

Хүүхдийн нүдээр зур­сан зураг байгаа юу. Тэдний нүднээс юуг олж харав?

-Хүүхдийн нүд бол дэлхийг илүү сайхнаар, илүү тайван, сэвгүй, ца­гаа­наар хар­даг. Тий­мээс олон уран бүтээлч хүүх­дийн нүдээр ертөнцийг харах гэж хи­чээж ирсэн. Одоог хүртэл би хүүхдийн нүдээр харж, зурж чадаагүй байна. Би уран бүтээлээ хийхдээ хүүхэд шиг аз жаргалтай байдаг. Үүнийг чухал санаа гэж хүлээн авч байна.

Та энэ бүтээлүүдээ хэдэн насны хүмүүсээс олж харсан бэ?

-Миний хувьд залуучуудтай их ойрхон ажилладаг. Ялангуяа, их сургуулийн орчинд залуу бүтээлч их байдаг. Тиймээс залуу хүмүүс түлхүү байгаа.

Нэг уран бүтээлийг ямар хугацаанд хийдэг вэ?

-Хэр олон давхарлах вэ гэдгээс шалтгаалдаг. 3-4 давхартай модон бартай нэг бүтээлийг дунджаар нэг сар, сар хагасын хугацаанд хийдэг. Гэхдээ сар хагасын хугацаанд 1-2 бүтээл дээр зэрэг ажиллаж болно. Сайн бүтээл хийхийн тулд илүү удаан хугацаанд ажиллах хэрэгтэй болдог.

Монотип төрлийн хувьд өдөрт 1-2 бүтээл миний гараас гардаг. Монотип дээр бараа урласны дараагаар шууд цаасан дээр хэвлэх шаард­­лагатай. Яагаад гэ­­вэл будаг хатахгүй байх магадлалтай. Сийлбэрийн ажил орж байгаа болохоор илүү удаан хугацаанд хийдэг. Хүн гэдэг төгс бүтээл. Хүүхэд эхийн хэвлийд есөн сар 10 хоног бүрэл­дэж байна гэхээр сайн бүтээл үүнтэй адилхан.

 –Зураачид ихэвчлэн зурахынхаа хажуугаар баримал хийдэг. Таны хувьд яагаад сийлбэрийг сонгосон юм бэ?

-Би 1990 онд Улудаг их сургуулийн Боловсролын сургуулийн урлагийн боловс­ролын тэн­химийг график дизайны мэр­гэж­лээр төгссөн. Тий­мээс хэвлэмэл уран бү­тээл суурь эрдмийн хичээ­лүүдийн нэгд тооцогддог. Үүнээс шалгаалж энэ төрөл рүү орсон. Ер нь хялбар ажил гэж байхгүй.

Та Монголоос өөр хаана үзэсгэлэн гаргаж байсан бэ?

-Үндэсний болон олон улсын уралдаан, “Биеннале” олон улсын уран зургийн үзэсгэлэнд оролцсон. Мөн 60 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцож байлаа. Миний бүтээлүүд 2007-2016 онд Румын, Хятад, Итали, Испани, Японд олон улсын “Биеннале”, “Триеннале” үзэсгэлэнд оролцсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин