Эдийн засгийн чуулган: Хэн юу хэлэв?

Д.ОЮУНЧИМЭГ

Эдийн засгийн чуулган өчигдөр “Монгол Улсын хөгжлийн загвар” нэгдсэн хуралдаанаар үргэлжлэн “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого”, “Хүний хөгжил, халамжаас бүтээмж рүү”, “Монгол Улсын брэндинг”, “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт”, “Цахим шилжилт ба блокчейн”, “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” салбар хуралдаан боллоо. Түүнчлэн “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ийнхүү эдийн засгийн чуулганы төгсгөлд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа. Чуулганыг хааж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монгол Улсын хөгжлийн асуудлаар хамтдаа хэлэлцэн, ярилцаж, зөвшилцлөө. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит биелэл бол бодлого, шийдвэр гаргахдаа олон нийтийг оролцуулах явдал юм. Үр дүнтэй хуралдаж болдгийг хамтран ажиллах чиглэлээр гэрээ зурснаас харж болно. Төр, засаг бодлогоо тодорхойлохдоо, шийдвэр гаргахдаа хувийн хэвшил, олон нийттэйгээ зөвлөлддөг байх, оновчтой санал, зөвлөмж, шүүмжлэлийг тогтмол сонсдог байх зарчмыг бид бэхжүүлэхийг зорьж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад илүү таатай боломжийг бүрдүүлэхээр тусгасан” гэв. Түүнчлэн чуулганы нэгдсэн болон салбар хуралдаануудаар ярьсан ажил хэрэгч, үнэтэй санал зөвлөмжүүдийг Засгийн газар, төр, засгийн байгууллагууд ажилдаа хэрхэн тусгаж хэрэгжүүлэх вэ. Гаргаж байгаа алдаа, дутагдлаа хэрхэн засч сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг цаашид хэрхэн улам тогтвортой болгох зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, холбогдох яамд, агентлаг, Засаг дарга нарт үүрэг өгч, хэрэгжилтийг нь хангуулах болно гэдгээ илэрхийлэв.

 

Арнауд Суарат

“Зэс, Очир эрдэнийн групп”-ийн гүйцэтгэх захирал

-Аливаа улсын эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжихөд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм нь нягт түншлэх шаардлагатай. Энэ бол цорын ганц бодит арга зам. Монгол Улсын төр, засгийн зарим лидерүүд зоригтой шийдвэр гаргаснаар улсынхаа хөгжлийг зөв замд нь хөтөлсөн. 2010 оноос хойш “Оюутолгой” компани 7.5 тэрбум ам.долларыг дотоодын ханган нийлүүлэгчид, ажилчдын цалин хөлс, татвар хураамжид зарцуулсан. Хэрэв бид хамтарч чадвал Монгол Улс түншүүдийнхээ хамтаар хөгжлөө түргэвчилж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжтой. Дэлхийд ховор зэс, алтны уурхайг ажиллуулж байгаадаа бид бахархалтай байдаг. Зэсийн ирээдүй 2020 он, түүнээс цаашх хугацаанд эерэг харагдаж байна. Олон талаараа Монголын зэс шинэ технологи, олон нээлтийн нэг хэсэг байх болно. Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах асуудал хүнд. Ямар ч том хөрөнгө оруулагч тогтвортой байдлыг чухалчилдаг. Тиймээс Монгол Улс хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлаа харуулах, гадны хөрөнгө оруулалтыг хамгаалах хэрэгтэй. Олон салбарт солонгорсон хөрөнгө оруулалтыг татах нь зөвхөн Монголд төдийгүй гадны хөрөнгө оруулагчдад ч  чухал байгаа. Өнөөгийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улс 50 жилийн өмнө цөөн хүн амтай, жижигхэн улс байсан. Ганцхан том зэс үйлдвэрлэгчтэй тус улс эдийн засгийн олон талт бодлогыг хэрэгжүүлж чадсан. Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

Баабар

Нийтлэлч

-Улс орон байтугай айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюултай. Буруу шийдвэр гаргаж болно. Энэ нь түүнийг засах боломжийг олгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн тохиромжтой дардан зам. Оюутолгойгоос сар бүр 110-120 сая ам.доллар банкуудаар дамжиж байгаа нь валютын ханшийг тогтоож байна. Эмч, багш нар цалингаа нэмэхийг шаардаж байгаа. Гэтэл Оюутолгой зогсвол цалин нэмэх нь бүү хэл цалингүй болно. Буруу гэрээ болсныг хэн уншиж аль гэрээ ашиггүй болсныг нотолсон юм бэ. Өрөнд орсон нь хэний буруу вэ. 2008 онд орд ашиглах компанитай гэрээ хийхээр томилогдсон хүмүүс 34 хувь гэсэн тоотой очиж байсан. Дубайд ямар ч нууц гэрээ байгаагүй. Гацааж зогсоосон ажлыг сэргээн илрүүлэх явдал байсан. Нууц байсан бол дэлхийн санхүү бизнесийн хамгийн нээлттэй хотод биш нийслэлийн орон сууцны хонгилд хийх байсан. Худал мэдэгдэл төрөөс гардаг.

 

С.Чинзориг

ХНХ-ын сайд

Ядуурлыг олон жил ярьж байгаа. Энэ нь олон жилийн уршигтай, архагшсан хэлбэртэй болсон. 1995 онд ядуурлын төвшин 35 хувьтай байсан боловч өдгөө 16 хувьтай байгаа нь төдийлөн буураагүйг харуулна. Ядуурал буурах эсэх нь эдийн засгийн өсөлтөөс хамаардаг. Халамж байх ёстой. Амьжиргааны төвшинг харгалзан төрийн халамжид байх ёстой хүмүүс бий. Хүн амын өсөлт, хөгжлийг ялгаж ойлгох ёстой. Өрх гэр бүл, хүний хөгжлийг дэмжсэн бодлого хэрэгтэй. Үнэн хэрэгтээ амьжиргааны төвшнөөс доогуур хэмжээнд тэтгэвэр, тэтгэмж өгчихөөд түүнийгээ халамж үзүүлсэн гэж хэлэхэд ичгэвтэр. Тиймээс халамжлах хэрэгтэй иргэдийнхээ тэтгэмжийн хэмжээг амьжиргааны төвшинд хүргэхээр ажиллаж байна. Халамжийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, хамрах хүрээгээ зааглая. Хөдөлмөрийн насны иргэд орлого олох замаар амьдралаа авч явах бодлого руу шилжих ёстой. Энэ ондоо багтаан Халамжийн тухай хуулийг өргөн барина. Энэ оны I улирлын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй иргэдээс гадна огт бүртгүүлдэггүй 100 гаруй мянган иргэнийг ажлын байраар хангах хэрэгтэй байгаа.

 

Л.Энх-Амгалан

УИХ-ын дэд дарга

-Хөгжлийн бодлого, загвар бий. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хөгжихөөр хийсэн зүйлс огт хэрэгжихгүй байгаа юм. Хүссэн хэмжээгээр хөгжиж чадаагүйд улстөрчид буруутай. Манлайлагч улстөрч алга байгаа нь үүний гол буруутан. Хөгжлийн загвар, зорилтыг олон нийтэд ойлгуулж, соён гэгээрүүлж чадаагүй. Хэрэв бодлогын баримт бичгээ хэрэгжүүлсэн бол өдгөө алдагдсан боломжийн тухай ярихгүй л байсан. Төлөвлөсөн хэмжээгээр хөгжсөн бол нэг хүнд ногдох ДНБ 10000 ам.долларт хүрэх байсан. Улс төрийн тогтворгүй байдал нөлөөлж байна. 22 жилийн хугацаанд 12 Засгийн газартай ажиллажээ. Залгамж чанаргүй байгаа учраас хугацаа алдаж байна. Хүний хөгжлийн индекс, засаглал, өрсөлдөх чадвар гээд үзүүлэлтийг бусад оронтой харьцуулахад 200 гаруй орны дунд хавьцаа явж байгаа нь хөгжихгүй байгаагийн илрэл. Хөгжихийн тулд эрх зүйн орчныг баталгаажуулах ёстой.

 

А.Бакей

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн

-Монгол Улсын онцлогийг авч үзэх ёстой. Байгалийн асар их баялагтай, оюуны чадамж бүхий хүний нөөцтэй хоёр том гүрний дунд оршдог байршлын онцлогтой. Тиймээс дотоод нөөц бололцоог бүрэн ашиглаж хоёр гүрний хөгжлөөс давж гарсан ухаалаг, алсыг харсан, үндэсний аюулгүй байдлыг харсан чиглэл нь хөгжлийн гол загвар. Бодлогын залгамж чанар, уялдаа холбоог хангах, шинжлэх ухааны үндэслэлийг хангахад нэгдмэл байдалтай байж чадахгүй байгаа нь үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс хамгийн гол нь хууль тогтоомжийн уялдаа холбоо болон залгамж чанарыг хангах хэрэгтэй.

 

Д.Жаргалсайхан

“Де факто” институтийн гүйцэтгэх захирал, нийтлэлч, эдийн засагч

-Чуулганаар олон зүйл ярьж байгаа ч асуудлын гаргалгааг гаргахгүй тарах гэж байна. Авлига, хээл хахуулиа яах гэж байгаагаа огт ярихгүй байна. Улс төрийн намын санхүүжилтээс улбаалсан авлига, мафижсан намын тогтолцоог хэрхэх талаар ярилцахгүй байна. Гэтэл бизнес эрхлэгчдэд зааж зааварлахыг оролдох нь боломжгүй зүйл. Ингэж цэцэрхэх эрх улс төрийнхөнд байгаа юу. Намын санхүүжилтийнхээ эх үүсвэрийн тухай эхлээд ярь. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлын суурь хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй мөнгөнөөс үүдэлтэй шүү.

 

Р.Амаржаргал

СЭЗДС-ийн Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал

-Зүг чигээ алдахгүй явахсан. Хар заан байгаа бол түүнийг хэлчихдэг тогтолцоо гарцаагүй чухал болоод байна. Түүнийг хэрэгжүүлэх механизм нь төрийн институци. Тэнд ажиллах боловсон хүчний асуудал гарцаагүй хөгжлийн загварыг тодорхойлж байна. Монголын хөгжлийн загварын үндсэн зөрчил нь зах зээлийн механизм гэж ойлгуулахыг хичээдэг. Энэ нь богино хугацаанд сайн боловч дунд, урт хугацаандаа гацдаг гэдгийг анхаар. Манай улсад гацаа үүссэн учраас үүнийг ярих хэрэгтэй. Эхлэхгүй бол оройтлоо шүү. Хэрэглэгчийг бүтээдэг загвараар нэлээд хэдэн жил явсан. Одоо үйлдвэрлэгчийг бүтээдэг загвартай болох ёстой. Улс төрийн намын санхүүжилтийг өөрчлөх зэрэг тулгамдсан олон асуудлаа ярих систем үгүйлэгдэж байна.

 

Т.Дорж

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн

-Төр, засгаас урт хугацааны төлөвлөлтийн баримт бичиг гаргасан ч хэрэгждэггүй. Энэ нь төрийн тогтворгүй байдал, хоорондын уялдаагүй байгаагаас шалтгаалж байна. Олон жилийн судалгааны дүнг ашиглахгүй байгаа нь бодлогын баримт бичиг хэрэгжихгүй байх нэг шалтгаан. Өөрөөр хэлбэл, үндэслэл муутай учраас бодит хөрсөнд буухгүй гэсэн үг. Манай улсын хувьд нүүдлийн соёл иргэншлийн шилдэг өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг хослуулан хөгжих боломжтой. Бүсчилсэн хөгжлийн асуудлаар томоохон бичиг баримт гаргасан ч хэрэгжээгүй. Цаас үйлдвэрлэхийн оронд бодит ажил бол­го­ход анхаарах ёстой­. Сонгуулийн дараа Засгийн газар бай­гуулагдах бүрт хөгжлийг тодорхойлох байгууллага байнга солигдож ирсэн. Тэгэхээр уламжлалаа хадгалж, уялдаатай ажил­лахын тулд хуульчилж өгөх хэрэгтэй. Стратеги боловс­руулахад төлөв­лөгөө гаргах байгууллага манайд байхгүй. Тиймээс шинжлэх ухааны байгууллагаа түшиглэн ажиллах ёстой.

 

С.Дэмбэрэл

Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал

-Хоёр толгойтой, гурван тулгууртай хөгжлийн загварыг тунхаглаж байна. Бидэнд загвар байгаа хэдий ч хэрэгжихгүй байгаа нь тулгамдсан асуудал. Хэдийгээр олон зүйлийг гаргаж баримт бичиг болгож байгаа ч олдвол өлддөг. Шинэчлэл хийхгүйгээр хөгжихгүй, тэргүүлэх чиглэлийг нэг бүрчлэн тодорхойл. Хөгжихийн тулд нэн тэргүүнд засаглал болон институцийн чанарыг сайжруулах ёстой. Төрийн алба, уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн оронд царцаах хандлага бий. “Толгой”-нуудыг хэрүүлийн алим болгож царцаах нь эдийн засагт хор хөнөөлтэй. Түүнчлэн хуулийн засаглал болон шүүхийн бие даасан байдлыг сэргээхийн тулд хэд хэдэн хуулийг санаачилж батлуулах нь гурван тулгуурын эхний алхам болох учиртай. Үүний үр дүнд эдийн засаг сэргэнэ. Эдийн засагт мөнгө зарцуулахгүйгээр хийдэг төрийн зохицуулалтын шинэтгэлийг хийхгүй бол хүнд суртал “ургаад” байдаг. Энэ тохиолдолд өрсөлдөх чадвар өсөх боломжгүй.

 

Б.Алтанцэцэг

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор

-Бэлэн мөнгөний бодлого ажил эрхлэлтэд сөрөг нөлөө үзүүлсээр байгааг судалгаанаас харж болно. Хавтгайруулсан халамжийн бодлого хүмүүсийн ажил хийх идэвх буурахад нөлөөлж байна. Цөөн хүн амтай хэрнээ хүмүүс нь хэт идэвхгүй байгаа нь хөдөлмөрийн нөөцөд сөргөөр нөлөөлдөг. Энэ нь эдийн засагт хор хөнөөлтэй. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилт тавих хэрэгтэй.

 

Х.Ганбаатар

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч

-Мэргэжлийн 2-3 дипломтой ч ажилгүй байгаа нь ядуурлын шалтгаан. Гэхдээ оюуны болон эдийн засгийн ядуурал гэж бий. Манай улсын хувьд оюуны ядуурал давамгайлж байна. Эдийн засгийн ядуурлыг бууруулахын тулд хүчээ нэгтгэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ажилтай ядуучуудыг бууруулахын тулд ажлын үнэлэмжийг өсгөх хэрэгтэй. Үүний тулд эдийн засаг тэнхээтэй байх ёстой. Ядуу гэдэг үгнээс монголчууд ичих цаг болсон. Халамжаар хүний амьдрал өөдөлсөн тохиолдол огт байхгүй. 90 мянган ажлын байр байсаар атал 30 мянган ажилгүй хүн байгаа нь харамсалтай дүр зураг. Үүнд ажил олгогчид ч буруутай.

 

Жеймс Андерсон

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч

-Манайхаас гаргасан судалгаанд хүмүүсийн хэрэглээг хэмжихдээ өргөн хэрэглээний сагсанд тулгуурласан. Монгол Улсын хувьд нийгмийн хамгаалалд нэлээдгүй хөрөнгө зарцуулсан нь харагддаг. Хүмүүсийг ажилтай болгохын тулд шаардагдах ур чадварыг богино, дунд хугацааны сургалт өгч байгаа эсэхийг харах хэрэгтэй. Ядуу хүмүүст ямар боломж байна вэ. Хүн бүр ижил байр сууринаас амьдралаа эхлүүлдэггүй. Гэхдээ ядуу айлын хүүхдүүдэд сул тал нэлээд анзаарагддаг. Тиймээс боловсролоор дамжуулан өөрчлөлтийг хийж болно. Тэгэхээр боловсрол болон орчны нөлөөгөөр хүүхэд өөрчлөгддөг.

 

Ц.Сүхбаатар

Олон улсын Улаанбаатар их сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал, эдийн засгийн салбарын эрхлэгч

-Бүсчилсэн хөгжлийг 20 гаруй жил судалж байна. Бүсчилсэн хөгжлийг манай улс буруу хийдэг. Хэрэв 2030 он хүртэл хөгжих гэж байгаа бол суурьгүй байшин барьж болохгүй. Зах зээлийн эдийн засагт орсон л бол энэ хуулийг дагах ёстой. Зах зээлийн шаардлага, багтаамжаар бүсчилсэн хөгжил хөгждөг зүй тогтолтой. Тухайлбал, Завханы малчин ноос ноолуураа Ховд аймагт борлуулан тэндээс барилгын материал авах нь зөв зүй тогтол. Тэгэхээр бүсчилж хөгжүүлэх төлөвлөгөө зохиох гэж байгаа бол байршлын асуудал чухал гэдгийг анхаар. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн завхарсан тогтолцоог засах хэрэгтэй. Энэ нь хөгжихийн оронд талцлыг үүсгэж байна. Бүсчилж хөгжинө гэдэг зөвхөн жижиг, дунд үйлдвэрийн тухай яриад өнгөрөх асуудал биш. Нөгөөтэйгүүр аймгуудыг цомхотгож зардлыг бууруулах арга бий. Зарим томоохон сумын хүн амтай дүйцэхүйц аймаг бий.

 

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн “Хүчээ нэгтгэе” уриатай эдийн засгийн чуулган өндөрлөв. Чуулганд оролцогчид “Хөдөөгийнхөн чадамжтай, нийслэлийнхэн ядууралтай байна. Татварын тогтолцоог шударга болгож хот хөдөөгүй татвар төлдөг бол. Тэгвэл хот, хөдөө гэж ялгарахгүй болно. Нийслэлийн иргэд байнга татвар төлж хөдөөгийнхөн тэтгэмж тусламж авдаг тогтолцоог хал. Малчид эзэнгүй, нийгмийн амьдралд оролцдоггүй. Улстөрчдийг харахаар нийгмийн халамж, хандив л нэхдэг. Тиймээс нийгмийн харилцаанд малчдыг хамруулах хэрэгтэй гэв. Мөн эдийн засгаа чадавхижуулахын тулд дотоод зах зээлээ хамгаалахыг эдийн засагчид санууллаа. Түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж, хотын төвлөрлийг сааруулахын тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг орон нутаг руу гаргах саналыг оролцогчид хэлж байв. Харин нийслэлд өндөр технологийн үйлдвэрлэлийг бий болгосноор бүтээмж өсч, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах болно хэмээн бизнесийнхэн онцолсон юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин