Шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдаа үдэн гаргалаа

Х.ОЮУНБОЛД

Архангай аймагт энэ сарын 18-28-ны өдрүүдэд зохиогдох улсын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг үдэн гаргах ажиллагаа Монголын үндэсний олимпийн хороонд боллоо. Улсын их хурлын гишүүн Ё. Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г. Тэмүүлэн нарын ивээл дор явагдах тамирчдыг үдэх ажиллагаанд их хурлын гишүүн Г. Тэмүүлэн оролцож үг хэллээ. Мөн шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр үг хэлж,тамирчдад амжилт хүссэн юм. Энэ удаагийн эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анхан,дунд шатнаас шалгарсан шилдэг 24 тамирчин өрсөлдөнө. Энэ тэмцээнд оролцож байгаа эрэгтэй, эмэгтэй тамирчдаас шалгарсан таван тамирчин Гүрж улсын Бартуми хотод болох дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Шатрын холбооныхон тэмцээнд оролцож байгаа тамирчдад тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч алд цэнхэр хадаг,цагаан идээг тамирчдын төлөөлөлд гардуулж, хүндэтгэлийн зураг авахуулснаар үдэлтийн ажиллагаа өндөрлөсөн юм. Ийнхүү улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох тамирчид Архангай аймаг руу хөлгийн жолоо залав.

Эх сурвалж: www.polit.mn