Б.Лхагважав: Ямар ч тооцоо судалгаагүйгээр цалин нэмэхийг шаардах нь зохисгүй

М.ЗҮЙР

Хавар эхлэхтэй зэрэгцэн Сүхбаатарын талбай тэмцэгчдийн хөлд дарагдсан. Өдгөө булан бүрт нь тэмцэгчид майхантай, майхангүй суулт хийж, хажуугаар нь хонхны баяр, хурим найр зэрэгцэн оршиж байна. Сувилагчид цалингаа нэмүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялтын өмнөх суултыг зохион байгуулаад хэд хонов. Өчигдөр зарим нэг нь үсээ хусуулж, тэмцлийн хэлбэрээ өөрчилж байгаагаа мэдэгдсэн. Эл үйл явдалтай холбогдуулан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважаваас зарим зүйлийг тодрууллаа.

 

-МҮЭХ-оос төрийн албан хаагчдын цалин хөлсийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж байна. Ингэхдээ 2018 оны тавдугаар сарын 21-ны өдрийн дотор МҮЭХ-нд хариу ирүүлж, саналыг хэлэлцээгүй тохиолдолд хуульд зааснаар Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэснийг Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн тухайгаа мэдэгдлээ. Таны хувьд ажил олгогчдын нэгдсэн холбоонд харьяалагддаг байх аа?

-Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны талаас хэлэлцээрт ордог. Орохдоо компаниа төлөөлж байр сууриа илэрхийлдэг.

-Цалин, тэтгэврийн нэмэгдлийн асуудал сүүлийн 10 гаруй жилд жагсаал цуглаанаар гоёдог болж. Шулуухан хэлэхэд төрийг шантаажлах хэлбэр илүү давамгайлж, хүссэндээ хүрдэг боллоо. Үүнтэй та санал нийлэх үү?

-Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хэдэн нөхөд, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Засгийн газар гэсэн гурван талт хэлэлцээрээр цалингийн нэмэгдлийг хэлэлцдэг. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хувьд сүүлийн 10 жилд тогтмол хүмүүс хэлэлцээрт орж байна. Харин Монголын улс төр хувьсан өөрчлөгдөж байдаг тул тэр хэрээр Засгийн газраас өөр өөр төлөөлөл хэлэлцээрийн ширээний ард суудаг гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг гурван талт хэлэлцээр, гэрээгээр шийдвэрлэж өнөөг хүрсэн. Товчхондоо, зөвшилцлийн үр дүнд хийгддэг ажил байгаа юм.

-Өнөөгийн нөхцөлд цалинг нэмэгдүүлэхэд хэд хэдэн бэрхшээлтэй асуудал байгааг Сангийн сайд хэлж байсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хүлээсэн үүрэг байгааг ч хэлж байна?

-Цалин нэмэх бол амархан. Мөнгө хэвлээд гаргах шиг амархан зүйл байхгүй. Үүний дараа мөнгөний уналт аж ахуйн нэгжийн нуруун дээр ачаа болж ирдэг. Бид нийтээрээ улс орондоо баялаг бүтээгчид. Эмч, цагдаа, малчин тариаланч гээд бүгд оролцож байгаа. Тийм атал хэсэг нөхөд нь ямар ч тооцоо судалгаагүйгээр цалин нэмэхийг шаардах нь зохисгүй л дээ.

-Тооцоо, судалгаа хийгээгүй байж шаардлага хүргүүлсэн гэж үү. МҮЭХ-ны тэргүүн Ерөнхий сайдад хандаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шийдлийг гаргахыг хүсч байгаагаа мэдэгдсэн?

-Онолгүй, цаасгүй, тооцоогүйгээр цалин, тэтгэврийг нэмээд ямар үр дүн гардгийг бид ойлгож байгаа. Хэдийгээр өнөөдөр эдийн засгийн макро дүн гайгүй гарч байгаа боловч Монгол Улс жил болгон 2.3 их наяд төгрөгийн өр буюу өрийн хүү төлж байна.

-Хүүнд төлж байгаа энэ мөнгө цалингийн нэмэгдэлд зарцуулагдсан бол..?

-1.9 их наяд төгрөгийг нийт 187 мянган төрийн албан хаагчид зарцуулж байгаа. Гэтэл энэ мөнгөнөөс илүүг өр төлбөрт зарцуулж байна. 2012-2016 онд 3 тэрбум ам.доллар буюу тухайн үед 6 их наяд төгрөгөөр авто зам тавьсан шүү дээ. Одоо үүнийхээ төлбөрийг хийж байгаа юм. Тийм учраас нөхцөл байдлаа мэдэрч, өнөөгийн хүнд байдлаас гарах үйл явцад нийтээрээ жаахан ухаантай хандмаар байгаа юм.

-АОЭНХ, МҮЭХ энэ удаагийн жагсаалд нэгдмэл байр суурьтай орж ирээгүй гэж ойлгож болох уу?

-МҮЭХ ямар тооцоо судалгаан дээр үндэслэж хэдэн хувь нэмэхийг шаардаж байгаа цаасаа оруулж ирэхийг АОЭНХ-ны зүгээс хүссэн. Гэтэл МҮЭХ ямар ч цаасгүй орж ирсэн. Энэ нь надад таалагдаагүй. Асуудлыг тавихын тулд эхлээд цаасан дээр ийм хэмжээний цалин хөлсийг ийм, ийм шатлалтайгаар ингэж нэмье гэж оруулж ирэх учиртай. Тэгж байж гурван талт хэлэлцээрт орно. Хэлэлцээрт нэг нь саналаа тавина. Мэдээж Засгийн газар байгаа боломж бололцоогоо зохицуулах байлгүй. Гэтэл тооцоо судалгаагүйгээр муйхараар ингэж давшилж болохгүй л дээ.

-Цалин хөлсний нэмэгдэл ярих бүрт татварын орлогыг бүрдүүлэгч хувийн хэвшлийнхэн гээгддэг. Та ч мөн хувийн хэвшилтэй, ажил олгогч шүү дээ. Төрийн албан хаагчид бол татвар төлөгч та бидэнд үйлчилж, бидний төлсөн татвараар санхүүжигчид. Гэтэл тэд жагсаж, цуглаж, лоозон барьсанаар цалингаа нэмэгдүүлж, татварыг бүрдүүлэгчид хөлд нь үрэгддэг гажуудлыг хэрхэн засах учиртай юм бол?

-Татвар төлөгч бид үнэхээр гомдлолгүй сайн ажиллаж байгаа шүү. Хоёр жилийн хугацаанд  татварын орлогыг давуулан биелүүлж байна. Энэ оны нэгдүгээр улиралд ч гэсэн 300 тэрбум төгрөгөөр татварын орлого биелчихсэн. Гэхдээ энэ бүх мөнгө өнөөдөр өр ширэнд зарцуулагдаж байна. Үүнийг бас ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас зөвшилцлийн механизм бол хуулиар олгогдсон гурван тал гурвуулаа асуудлыг хүлээн зөвшөөрч байж явагддаг зүйл. Гэтэл нэг тал нь цаасаа үзүүлж, тооцоогоо нягтлаагүй мөртлөө нийгмийн бухимдлыг бий болгож, хүчээр асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа нь зохисгүй юм. Аливааг уураар, хашгирч байж дийлнэ гэвэл уучлаарай би лав татвар төлөгчийн хувьд эвлэрч чадахгүй.

-Ирэх онд цалин тэтгэврийг инфляцитай уялдуулан найман хувиар нэмэгдүүлэх боломжийг Сангийн сайд хэлж байна. Эдийн засагчийн хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сангийн яамныханд хэрэв Засгийн газар энэ удаагийн цалингийн нэмэгдлийн асуудалд орж ирж байвал МҮЭХ-ныхантай тооцоо судалгаа хийж ярьчихаад асуудлыг авч хэлэлцээрэй гэдгийг миний зүгээс хэлсэн. Хэрэв тооцоо судалгаа яриагүй бол энэ чинь асуудал шүү. АОЭНХ-нд ч хүсэлт тавьж бид татвар төлж хамаг ажлыг хийчихээд дуугүй байж болохгүй. Нэг төгрөгийн татвар болгон үнэ цэнэтэй гэдгийг сануулсан.

-МҮЭХ хэт улстөржиж байна гэх шүүмжлэл бий. Өчигдөр л гэхэд үсээ хусуулсан хүмүүсийн дунд сөрөг хүчний батлахтай хүмүүст харагдаж байх жишээтэй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-МҮЭХ сүүлийн 10 гаруй жил багш, эмч нарын далбаан дор ажил хийж байна. Үүнийг нь ч би өөрсдөд нь хэлдэг. Гэтэл чөлөөт зах зээл дээр нэг сая гаруй иргэн чөлөөт хөдөлмөр эрхэлж байна. Яг үйлчилгээний салбарт буюу төрд 110 мянган иргэн ажилладаг. Тийм атал өнөөх 110 мянган хүний асуудлыг л барьж орж ирдэг. Яагаад нэг сая хүний асуудлыг барьж орж ирдэггүй юм. Өнгөрөгч дөрвөн жилийн эдийн засгийн хямралаар энэ олон компаниуд ажлын байраа алдахгүй, цалинг нь багасгахгүйн төлөө бүгд чардайлаа. ТҮЦ-нээс эхлээд уул уурхай компаниуд ч хүндхэн байдалтай байлаа. Энэ зовлонтой үед яагаад МҮЭХ дуугардаггүй юм. Нэг сая хүн тийм жаргалтай ажил хийгээд байгаа юм уу. Хөдөлмөрийн хамт олон гэдэг ажил хийж байгаа хүнийг ч, хөрөнгө оруулагчийг ч, удирдагчийг ч хэлдэг. Тэд тулгын гурван чулуу шиг зогсож байж Монгол Улсад үндэсний баялаг бий болгодог юм. Түүнээс биш ганцаараа хийж байгаа юм шиг өнөөдрийнхөөрөө аяглах хэрэггүй л дээ. МҮЭХ коммунист сэтгэлгээгээрээ аливаад хандаж байгаа шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин