Н.Ганбаатар: Шүүгч хэргийн оролцогчоос мөнгө зээлсэн гомдол ирсэн

С.УЯНГА

 Шүүхийн Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатартай ярилцлаа.

 

-Шүүхийн Ёс зүйн хороо өнгөрсөн хугацаанд шүүгчидтэй холбоотой хэдэн гомдол, мэдээлэл шалгаж шийдвэрлэв?

-Шүүхийн Ёс зүйн хороо 2013 онд багц хууль батлагдсанаас хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шүүгчийн ёс зүйн дүрэм 2014 онд батлагдаад гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа шинэ хууль дүрмийн дагуу хийгдэж байна. 2014 онд шүүгчийн ёс зүйтэй холбоотой 208 гомдол ирснээс 165-д нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 27 шүүгчид холбогдох гомдолд хэрэг үүсгэсэн бол зургаан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан. 2015 онд 213 гомдол, 2016 онд 231, өнгөрсөн онд 242 гомдол хүлээж авсан байна. Энэ утгаар нь авч үзвэл гомдлын тоо буураагүй. Дунджаар гомдлын тоо 4.5 хувиар  өссөн. Сахилгын хэрэг үүсгэсэн байдлаас харахад өмнөх жилүүдтэй ойролцоо түвшинд байна. Өөрөөр хэлбэл, 2014 онд 24, 2015 онд 27, 2016 онд 33, өнгөрсөн жил 27 шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Сахилгын хэрэг үүс­гэ­сэн шийдвэрийг нийт гишүүдийн хурал­даанаар сахилгын шийт­гэл ног­дуу­лахаас гадна хэрэг­сэхгүй болгож болно. Энэ дүрмийн дагуу 2014 онд зургаа, дараа жил нь 13, 2016 онд найм, 2017 онд 14 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан дүнтэй байна.

-Шүүгчийн ёс зүйтэй холбоотой ямар төрлийн гомдол их ирж байна вэ?

-Шүүгчидтэй холбоо­той гомдлын төрлийг ан­гилж үзвэл хэргийн хөдөл­гөөнд хяналт тавиа­гүй буюу хэрэг хянан шийд­вэрлэх ажиллагааны шийд­вэрийг хугацаанд нь гаргах, хүргүүлэх, хуралдааныг боломжит хугацаанд мэдэгдээгүй гэсэн гомдол 30 орчим хувийг эзэлж байна. Өө­рөөр хэлбэл, шүүхийн захиргааны байгууллага хяналт тавьдаг ч шүүгч үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үг юм. Мөн нийт гомдлын 80 орчим хувийг хэн нэгэн хүнд,  нөгөө талд үйл­чилсэн гэдэг гомдол эзэлдэг. Гэхдээ зөвхөн хэргийн хөдөлгөөнд хяналт тавьсангүй гэхгүй хэт нэг талд үйлчилсэн, нөлөөлсөн гэх зүйл бараг гомдол бүр дээр дурдагддаг.

Үндсэн хуульд заа­сан шударга шүүхээр шүүл­гэх, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, өөрийгөө өмгөөлүүлэх, нотлох баримт гаргуулах эрхтэй зэрэг иргэний үндсэн эрх, эрх чөлөөг эдлүүлээгүй гэх гомдол 25 орчим хувийг эзэлж байна. Шүүгч хэр­гийн оролцогчтой зан харил­цааны хувьд хүндэтгэлгүй хандсан, зохисгүй байдал гаргасан гэсэн гомдол 14 орчим хувийг эзэлдэг. Түүнчлэн хэргийн орол­цогчтой утсаар ярь­сан, ганцаарчлан уулзсан зэргээр хувийн харил­цаатай байсан гэж гом­дол гаргадаг. Хэргийг шийдвэрлэхэд шүүгчийн мэдлэг чадвар дутсан, итгэл үнэмшил төрөө­гүй, шударгаар шийд­вэр­лэсэнгүй гэсэн гомдол нийт гомдлын таван ху­вийг эзэлж байна.

-Ихэнхдээ ямар төр­лийн гомдолд сахилгын шийтгэл оногдуулсан бай­на вэ?

-Хэргийн хөдөлгөөнд тавих хяналтаа хэрэг­жүү­лээгүй, шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзсан, харилцсан гэдэг үндэслэлээр сахилгын шийт­гэл оногдуулсан. Мөн шүүгчийн хувийн зан байдалтай холбоотой буюу зохисгүй байдал гар­гасан гэх үндэслэлээр шийт­гэл оногдуулсан байдаг.

-Шүүхийн Ёс зүйн зөв­лөл шүүгчидтэй холбоотой гомдлыг шийдвэрлэхдээ ямар процессоор хянадаг. Мөн шүүгчдээс хараат бус байж чадаж байна уу?

-Шүүхийн Ёс зүйн хо­роо хараат бусаар шийд­вэр гаргах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, ямар нэг байгууллагад харьяалагддаггүй. Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгч­дийн зөвлөгөөнөөс  тус бүр нэг хүн сонгогд­дог. Хуульзүйн асуудал эрхэлсэн төрийн захир­гааны төв байгууллагаас гурван хүн байдаг. Өнөөд­рийн байдлаар хуульзүйн ухааны доктор хоёр, Хууль­­зүй дотоод хэргийн яам­ны газрын дарга байна. Мөн хуульчдын холбооноос эрдэмтдийн төлөөлөл болсон гурван хүн сонгогддог. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагын төлөөлөл буюу өмгөөлөгч, шүүгч, прокурор оролцохыг хо­риг­лодог. Шүүхийн захир­гааны ажилтныг хуулиар хориглосон. Шүү­хийн ёс зүйн хороо­ны дээрх есөн ги­шүү­нийг Монгол Улсын Ерөн­хийлөгч томил­дог. Шүүгчийн ёс зүйн асуудлыг хянан шийд­вэрлэх ажиллагаанд хэн нэ­гэн гаднаас нөлөө­лөх боломжгүйгээр бүрэл­дэхүүн, бүтэц зохион байгуулалтыг хийж өгсөн гэж хэлж болно.

Ёс зүйн хорооны гом­дол хянан шийдвэрлэх процесс бол гомдол гар­гагчдын хүсэлтээр дараагийн шатанд очдог. Гомдлыг гурван гишүүн хянаад сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийддэг. Тухайн иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдол шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй байна гэдэг үндэслэлтэй бол татгалзаж шийдвэр­лэдэг. Сахилгын хэрэг үүсгэлээ гэхэд шүүгч хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргах тохиолдол байдаг. Мөн Ёс зүйн хороо­ны нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцэнэ. Сахилгын шийтгэл оногдуулахдаа сануулах, цалинг зургаан сараар 30 хувь хүртэл бууруулах, огцруулах эрхтэй. Ер нь нийт гомдлын 80 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Ёс зүйн хорооны шийд­вэртэй санал нийлэхгүй бол шүүгч, иргэний аль аль нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

-Шүүгчидтэй холбоо­той авлига, албан тушаа­лын гомдол хэр ирдэг вэ?

-Авлигал авсан гэсэн гомдол ирээгүй. Харин шүүгч хэргийн орол­цогчоос мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөө буцаагаад төлсөн гэдэг асуудлаар мөнгө зээлүүлсэн хүн нь буцаагаад Ёс зүйн хороонд гомдол гаргасан тохиолдол байгаа. Энэ үйлдлээрээ цалингийн 30 хувиар гурван сар буу­руулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг.

-Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахаар буцаагаад шүүгч нь зар­гал­даад “унагадаг” тохиолдол цөөнгүй гардаг гэж сонссон?

-Тийм тохиолдол бий. Ёс зүйн хорооны шийдвэр үндэслэлгүй, гомдлыг ёс зүйн зөрчилд хамааруулахгүй гэж үзээд шүүхэд гомдол гаргадаг. Гомдол гаргахгүйгээр шийтгэлээ хүлээгээд явдаг шүүгч ч байна.

-Шүүгчид огцруулах шийтгэл оногдуулсан тохиолдол байдаг уу?

-Нэг шүүгчийг огц­руулсан байдаг. Одоогийн байдлаар Шүүхийн Ёс зүйн хороо гурван шүүг­чийг огцруулах са­хил­гын шийтгэл ног­дуулсан байгаа. Гэхдээ нэгийг нь хяналтын шатны  шүүх дахин шал­гуу­лахаар буцаагаад  цалин бууруулах шийтгэл болгосон нь хүчин төгөлдөр болсон. Харин хоёр шүүгчийн асуудал  За­хир­гааны хэргийн давж заалдах болон Дээд шүүхээр хянагдаж магадгүй учраас эцэслэн шийдэгдээгүй байна.

-Шүүгчдийн ёс зүйтэй холбоотой гомдол жил ирэх тусам нэмэгдсэн байна. Ер нь Шүүхийн Ёс зүйн зөвлөл ажилласнаар ямар үр дүн гарав?

-Шүүхийн үйл ажил­лагаа харьцангуй ил тод, нээлттэй болсон. Үүнтэй холбоотойгоор шүүгчидтэй холбоотой гомдол нэмэгдэж байх магадлалтай. Нөгөө талаас Шүүхийн Ёс зүйн хорооноос шүүгчийн ёс зүйн зөрчилд хэрхэн гомдол гаргах вэ гэсэн гарын авлага, видео бич­лэг хийж олон ний­тийг мэдээллээр ханга­сан.  Шүүгчийн ёс зүй хариуцлага сэдвээр хэлэл­цүүлэг хийж, олон улсын бага хурал зохион байгууллаа. Мөн Шүүхийн Ёс зүйн хорооны шийдвэрүүдээр ном гаргахаар эмхтгэж байна. Гомдол буурахгүй байгаа нь шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирсантай холбоотой гэж үзэж бай­гаа. Шүүх хэдий хэмжээ­гээр нээлттэй байна тэр хэмжээгээр иргэдийн хардлага бага байна.

-УИХ-ын гишүүн Х.Ням­баатар шүүгчдийн ёс зүйтэй холбоотой гом­дол гаргасан уу?

-Ямар ч гомдол ирээгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин