Тоглолтын тасалбарыг ФИФА-гийн цахим хуудаснаас худалдаж авахыг анхааруулжээ

Х.ОЮУНБОЛД

Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос ОХУ-д болох ДАШТ-ий тасалбарыг тус холбооны цахим хуудаснаас биш  бол онлайнаар худалдаж авахгүй байхыг анхааруулсан талаар мэдэгдэл гаргасныг “Чампионат”агентлаг мэдээлсэн байна. Мэдэгдэлд дурдсанаар ФИФА хөлбөмбөгт дуртай хүмүүсийг “FIFA.com/bilet” гэсэн албан ёсны цахим хуудаснаас худалдаж авахыг зөвлөжээ. Учир нь өөр цахим хуудаснаас онлайнаар худалдаж авсан тоглолтын тасалбар автоматаар цуцлагдсан  байх магадлалтай бөгөөд худалдаж авсан хүн цэнгэлдэх хүрээлэнд орж чадахгүйгээс гадна тасалбарын мөнгөө ч буцаан авч чадахгүй гэсэн байна.  Мөн тоглолтын тасалбарыг хуль бусаар худалдаалах, тараах нь хэцүү асуудал. Иймээс ФИФА хуурамч тасалбарыг олж илрүүлэх, энэ асуудлыг шийдэхийн тулд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага болон орон нутгийн эрх баригчидтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэв. Мөн дэлхийн хэмжээний энэ том тэмцээнийг үзэхийг хүсч байгаа ч  тасалбараа аваагүй байгаа хорхойтнуудад холбооны цахим хуудсаар зочилж байхыг зөвлөжээ. Ингэснээр өмнө нь эзэнтэй байсан тасалбарыг худалдаж авах боломжтой.  Түүнчлэн хорхойтнууд худалдан авсан тасалбараа цахим хуудаст байрласан тусгай хэсэгт зарж байна. Харин зарим нь холбоонд шууд буцааж өгсөн гэжээ.  Тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнд зөвхөн нэр нь бичигдсэн тасалбар, Fan id картаа үзүүлснээр орж болно гэдгийг сануулсан байна.

mundo.sputniknews.com сайт