Сүхийн талбай дээр үсээ хусуулахын оронд Н.Номтойбаярын үүдэнд суулт зарлахаар хүмүүс жагсагчдын дунд байна

Өнөөдөр /2018.5.16./ Сүхбаатарын талбайд эмч багш нар үсээ хусуулж эсэргүүцлийн жагсаалаа хурц хэлбэрт шилжсэнийг зарлалаа.

Тэгвэл тэдний дунд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ХНХ-ын сайд байхдаа ажлаас чөлөөлсөн хүмүүс байгаа юм. Тодруулбал, Н.Номтойбаяр 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр, шинэ оны анхны Б/26 тоот тушаалаараа МСҮТ-ийн 17 захирлыг ажлаас нь чөлөөлж байсан юм. Энэ нь тухайн үедээ асуудал үүсгэж, халагдсан захирлууд шүүхэд хандаж, хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж байв.

Тэдний нэг болох Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн захирал Д.Баярмаа л гэхэд 2016 онд гаргасан амжилт нь чамлахааргүй, Улсын ур чадварын уралдаанаас тус коллежийн оюутан Долгормаа, Жадам-Эрдэнэ, Батбуян нар гурван мэргэжлээр улсад нэг, гуравдугаар байрт шалгарч, Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Дабид болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд Долгормаа улсаа төлөөлөл оролцсон. Мөн БИТ байгуулсан нь улсад тэргүүн туршлага болсон байх жишээтэй.

Улмаар өнгөрсөн сарын сүүлчээр тэдний ес нь энэ асуудлаар одоогийн сайд С.Чинзоригийг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Зарим нь өнөөдөр ийн Сүх жанжны талбай дээрх жагсаалд оролцож, үсээ хүртэл хусуулсан байна.

Уг нь тэднийг халах шийдвэрийг гаргасан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр юм. Тэгээд ч хууль зөрчиж халаа сэлгээ хийсэн бол гарсан хохирлыг тухайн албан тушаалтан хариуцна гээд хар дээр цагаанаар биччихсэн байдаг.

Тиймээс хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж хохирсон захирлууд энэ тэмцлээ үсээ хусуулж, эсвэл С.Чинзориг сайдыг огцруулъя хэмээн шаардаж бус Н.Номтойбаярын өрөөний үүдэнд суулт зарлаж, түүнтэй хариуцлага тооцох талаар тэмцлээ өрнүүлбэл илүү үр дүнд хүрэх юм.

Эх сурвалж: www.polit.mn