Казахстан, Израйль, Өмнөд Африкаас бусад оронд зорчиж болно

С.САРУУЛ

Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн иргэдийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоож, таван  жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспорт шинээр олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан сунгалттай гадаад паспортоор зорчихгүй байх сэрэмжлүүлгийг Гадаад харилцааны яамны Консулын газраас гаргасан юм. Энэ мэдээллийн дагуу иргэдийн дунд олон янзын ойлголцол үүсч байгаатай холбогдуулан дахин тайлбар хийлээ. Тиймээс энэ оны нэгдүгээр сараас өмнө гадаад паспортоо сунгуулсан иргэд сунгалтын хугацаа нь дуусах хүртлээ хүчинтэй хэвээр байж,  гадаадад зорчих боломжтой юм байна. Харин сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах, “Air India” авиа компанийн Хонконг-Энэтхэгийн чиглэлд нисэх монголын иргэдийг онгоцонд суулгаагүй тохиолдлууд гарсан тул эдгээр улсад зорчих иргэд шинээр паспорт захиалан авах шаардлагатайг мэдэгдлээ. Мөн сунгалттай паспортаар нэвтрэх боломжгүй улс орнуудын талаарх албан ёсны мэдээллийг Гадаад харилцааны яам тухай бүрт нь  олон нийтэд хүргэх болно гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn