Европын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд: Барууны сүүлчийн найдвар Орос болжээ

© AFP 2018 / ArmendNimani

Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

Виктор Мараховский, РИА Новости-д зориулан бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Цаг үеийн нөхцөл байдлын шинжилгээнээс эхэлье. Америкийн ноёрхлын эриний төгсгөл болжээ, үүнийг харин бүгд хараахан ойлгож амжаагүй байна”  хэмээн The Washington Post сонин онцолжээ.

Тус сонинд бичсэнээр “Ираны эсрэг тавьсан Америкийн хоригийг тойрч гарахад Европт цаг хугацаа хэрэгтэй. Ээлжит дайны өмнө одоо АНУ-тай зөвлөлдөх шаардлагагүй гэдгээ ухаарч ойлгоход Арабын улс орнуудад ч бас цаг хугацаа хэрэгтэй. Бусад улс орнууд нөөцийн валют гэж үздэг доллараас татгалзах хүртэл Америкийн эдийн засгийн бодлого доройтно… Эрт, орой алин боловч ийм цаг ирэхдээ л ирнэ” гэжээ.

Зохиогч (мэдээллийн дайны ахмад байлдагч, Оросоор дагнасан мэргэжилтэн, Пулитцерийн шагналт эмэгтэй) цааш нь бичихдээ түүхийн хэмжүүрээр авч үзвэл Америкийн ноёрхол нэг ч их удаан үргэлжилсэнгүй. Энэ ноёрхол 1991 онд ЗСБНХУ задрахад эхэлж, 2001 онд оргилдоо хүрч, дараа нь бага Буш, Обама нарын үед хэлбэрэлтгүйгээр доош гулсаж эхэлсэн. Яагаад? Америк өөрийнхөө глобал хаанчлалд “хангалттай бус хөрөнгө оруулсан”-аас болсон юм. Янз бүрийн улс орнууд дахь өөрийн талынхныг хангалттай сайн эзмдэж, дэмжиж чадаагүй, Европыг удирдан жолоодоход хангалттай сайн оролцож чадсангүй” хэмээн тэмдэглэжээ.

Харин “The Washington Post”-ын үзэж байгаагаар бол Трамп “ноёрхлыг хямдхан сэргээх” гэсэн хүсэл тэмүүллээрээ харин ч үйл явцыг хурдасгасан. Гэхдээ үйл явцыг Трамп эхлүүлээгүй, тэр нь аль эрт явдгаараа явсаар өдий хүрсэн ажээ.

За ингээд агуу сүр хүчээ алдаж байгаагийн шинж тэмдэг өнөөдөр нүднээ ил болжээ. Европт энэ бол бүр онцгой мэдрэгдэж байна. Ирантай хийсэн тохиролцооноос АНУ гарсаны дараа Герман дахь Америкийн эрхэмсэг ноён Элчин сайд твиттерээр дамжуулан “Германы бүх компани Иран дахь үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой” хэмээн айлдахад хариуд нь харин Герман хийгээд Европ тушаалыг хэрхэн үл хэрэгсэх талаар хэлэлцэж эхлэв. Энгийн германчууд харин эрхэм Элчинд гомдол мэдүүлсэн тайлбар бичицгээж байна.

Америкийн талыг баримталдаг Германы хамгийн гол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэг болох “Шпигель”:

-Хоёр сандал дээр зэрэг сууж үлдэхийн тулд хамаг байдаг хүчээ шавхангаа “Вашингтоныг өдөөн хатгахаас зайлсхийхийг Европ эрмэлзэх ёстой. Тэрээр цөмийн тохиролцооны үйлчлэлийг цаашид үргэлжлүүлэхийг хүсч байгаа, багавтар компаниудыг америкийн үйлчлүүлэгчгүйгээр Ирантай бизнес хийхийг урамшуулахыг хүсч байна гэдгээ Иранд харуулж болох юм. Магадгүй, томоохон компаниудыг хамгаалах арга замыг Европын холбоо эрж олж ч болох юм. Гол нь тууштай байх, уян хатан байх хоёрын тэнцлийг олох нь чухал. Америкийн эсрэг үзлийн ялалт бол үг дуугүй бууж өгсөнтэй адилхан аюултай.Трамп АНУ-ын ерөнхийлөгч байсан цагт Баруун хэзээ ч байхгүй хэмээн бичжээ.

Трампын дараа Барууныг нэгдэлтэй болгож чадах болов уу гэдэгт Америкт ч бас л ялгаагүй, итгэлтэй бус байна. Баруун ертөнцийн задралыг Трамп эхлүүлээгүйд л хамаг учир оршиж байна.The Washington Post л гэхэд бүр 2015 онд Трампаас өмнө, “НАТО-г хүчтэй болгох”, “Америкийн ноёрхлыг дэмжих” (Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд адилхан нэг үзэгдлийг ноёрхол гэж нэрлэдэг бол Европынх “барууны нэгдэл” хэмээн нэрлэдэг) шаардлагатай тухай бичиж байсан. Ерөнхийдөө, холбоог өнөөдөр юу аварч чадах гэдэг асуулт урьд өмнө байгаагүйгээр хурцаар тавигдаж байна.

Үүнийг жишээлбэл, өнгөрсөн өвлөөс өмнө Европ дахь америкийн зэвсэгт хүчний командлагчаар ажиллаж асан, одоо европын бодлогын шинжилгээний америйкийн төвийн тэргүүн Бен Ходжес өнгөрсөн баасан гарагт польшийн телевизийн гол суваг болох TVN24 – ийн эфирээр мэдээлсэн. “Одоо тэгээд бид яах вэ, холбоо маань юун дээр үндэслэх вэ” гэсэн польш хөтлөгчийн асуултад тэрээр: – “АНУ, түүний холбоотнуудыг устгаж чадах цорын ганц гүрэн бол Орос улс бөгөөд нэг номерийн аюул занал болж байсаар байна.Тэдний зөвхөн түрэмгий, ил тод бус бодлогоос нь ч болж биш, бас Оросын түүхийг харгалзах үүднээс ямар ч тохиолдолд би оросуудад итгэдэггүй. Орос улс урьд өмнө байгуулсан бүх гэрээгээ дандаа зөрчсөөр ирсэн” гэж хариулжээ.

Энд юу нь сонин бэ? Хамаг учир Түрэмгий Орос гэдгийн цаана манай улс (Орос улс) өөрөө биш, харин түүний дүр байгаа бөгөөд энэ нь гагцхүү ертөнцийн талаарх улиран одож буй “америкийн” загварт л ач холбогдолтой юм байна. Түрэмгий Оростой холбогдуулан тэрхүү загварт чиг үүргийн маш тодорхой жагсаалт байх ажээ. Тухайлбал: – АНУ – д төлөх европынхны төлбөр, хураамжийг зөвтгөх, Европт америкийн цэргийн бааз байршуулах, “орост” элэгтэй улс төрчдийг үе үе пиардаж илрүүлэх гэх мэт.

Гэхдээ энэхүү зохиомол Оросын хажуугаар хүч чадалтай боловч улс орондоо шийдвэрлэх шаардлагатай үй олон асуудалд дарагдсан, Европтой дайтах биш, харин арилжаа наймаа хийхийг хүсч эрмэлздэг үнэн бодит Оросын тухай төсөөлөл өнөөг хүртэл цаг ямагт байсаар л байсан.

Ийнхүү хоёр янзын Орос зэрэгцэн оршиж байгаа нь өвөрмөц шизофренитэй болоход хүргэжээ. Европын холбооны улс орнууд “оросын аюул занал хариу цохилт” өгөх улс төрийн наадамд маш сайн оролцох бөгөөд хажуугаар нь ОХУ – тай хамтын эдийн засгийн хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлсээр ирсэн. Улс төрийн зорилгоор оросыг муулах үйлдлийг сэтгэл зүрхэндээ дэндүү ойрхон хүлээж авсан улс орнууд түүхэнд мега бүтэлгүйчүүд болж үлдлээ. Ялангуяа энд хоёр орон онцгой ялгарсан юм. Эхлээд Болгарын удирдлага 2014 онд “Өмнөд урсгал” – аар хий дамжуулахын төлөө жилд 400 сая доллар авахаас татгалзсан, хожим тодорхой болсон шалтгаан нь Турк, Германд ашигтай байх үүднээс юм гэсэн. Дараа нь харин, францын домогт ерөнхийлөгч Олланд “Мистраль” хөлөг онгоцны асуудлаар байгуулсан гэрээ хэлцлийг амжилттай цуцалсан явдал орно. Үүний үр дүнд, бидний санаж байгаагаар, ОХУ францын нисдэг тэрэг тээвэрлэгчтэй холбоотой бүх баримт бичгийг өөртөө нөхөн төлбөрийн тэрбум евротой хамтавч, Египтэд тэрбумын өртгөөр нисдэг тэрэг нийлүүлэх контракт байгуулсан билээ. Франц харин нэр хүндийн болон санхүүгийн алдагдал хүлээсэн билээ.

Одоогийн нөхцөл байдал харин өөр юм. Зүйрлэвэл, Америк европчуудыг болгарууд, Олландууд болохыг шаардаж байна. Европын эсрэг тавьсан америкийн хориг (яг ч ингэж нэрлэдэггүй л дээ, ганцхан үүгээрээ л оросын эсрэг тавьсан хоригоос ялгаатай байх), “хамтын ажиллагаагаа цуцлах” тухай америкийн элчингүүдийн ичгүүр сонжуургүй тушаал, “Хойд урсгал – 2 – оос татгалзах” гэнэн цайлган уриа, Европын дээгүүр бүтээх “дээвэр” – ийн төлөө хэдэн арван тэрбумыг АНУ – д төлж эхлэх зэргийн цаана “Түрэмгий Орос түрэмгий учраас, та нар өөрсдөө л ингэж буруутгадаг биз дээ” хэмээн эвлэрэхийг Европт санал болгож байна.

Европын улс төрчдийн хувьд энэ бол амаргүй цаг мөч. Яагаад гэвэл Америк төлбөрөө төлж байгаа тохиолдолд оросын аюул заналыг санаа зовох юмгүй уудлан илчлэх бол нэг хэрэг. Харин Америк юу ч төлөхгүй, тэгсэн мөртлөө цөхрөлтгүйгээрдуулгавартай байхыг,бас мөнгө төлөхийг шаардана гэдэг бол огт өөр хэрэг юм.

Америкийн ноёрхлын ертөнцөд бараг толгой дараалан хүмүүжсэн европын элитүүд ертөнцийг үзэх цоо шинэ үзлийг зүв зүгээр өөртөө хүлээж авна хэмээн найдаж хүлээх хэрэггүй нь мэдээж. Хуучин үзэл суртлынхаа хүрээнд тэд цаашид ч суртал ухуулгаа үргэлжлүүлсээр л байх биз, маш аажмаар хэл яриагаа бодит байдалтай нийцүүлэх байх.

Цагаан ордонд Трампыг байх хугацаанд оросын аюул заналын эсрэг нэгдэж нягтрах, нийтлэг үнэт зүйлстээ үнэнч байхыг итгүүлэх, тэвчээртэй байх уриа лоозон гарсаар л байх биз ээ.

Гэхдээ ЗСБНХУ – ын өөрчлөн байгуулалт хийгээд Варшавын гэрээ задрахын хооронд нэг биш өдөр улиран өнгөрсөн. Социалист ах дүү нар эхлээд индрээс хүн царайтай социализм байгуулах тухай хэдэн жил ярьцгаасан.

Тэгвэл өнөөдөр европ царайтай шинэ Барууныг бүтээн байгуулах уриа лоозон газар сайгүй цуурайтсаар байна.

Эх сурвалж: www.polit.mn