Ц.Оюунбаатар: Дээд шүүх улс төрийн захиалгаар  ажиллаж байна

Л.ХЭРЛЭН

МАХН-ын  мөрийн хөтөлбөр, дүрмийг батлахаас татгалзсан Улсын Дээд шүүх /УДШ/-ийн шийдвэртэй холбогдуулан  тус намаас  цаг үеийн асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд  МАХН-ын дэд дарга, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж, Гүйцэтгэх товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга  Н.Удвал, С.Ононбаяр, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Тамгын газрын дарга Н.Уламбаяр нар оролцсон юм. Энэ үеэр МАХН-ын дэд дарга, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатарын байр суурийг сонирхлоо.

– МАХН-ын дүрэм,мөрийн хөтөлбөрт орсон өөрчлөлтийг УДШ-ээс бүртгээгүй нь олон нийт, хэвлэл, мэдээллийнхний анхаарлыг татаж байна. Ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан юм бол?

-Энэ сарын 14-ний  даваа гаригт УДШ ийм шийдвэр гаргасан нь улс төрийн захиалгатай, улс төр, бизнесийн бүлэглэлээс манай намын улс төрийн үйл ажиллагааг хязгаарлах,түүний дүрэм, мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч баталгаажуулахад  саад учруулах гэсэн үйл ажиллагаа гэж бид үзэж байна. УДШ улс төрийн намын дүрэм нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг л хянадаг. Гэтэл бид дүрэм, мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хоёр дахь удаагаа өглөө. Дээд шүүх хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаагүй. Бид тийм нөхцлийг гаргахааргүйгээр өндөр хэмжээнд дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө боловсруулж өгсөн. Асуудлын гол нь энэ талаар хэлэлцэх УДШ-ийн хуралдаанд өөр нэг тал гэж О.Баасанхүү нарын хөндлөнгийн хүмүүсийг оруулж ирж, маргаан үүсгэж, тэр нь зарим тохиолдолд шүүхийн өөрийнх нь үйл ажиллагаанд нь хүндрэл учруулах байдлыг үүсгэсэн. Улс төрийн намын бүртгэлийн асуудал нэг нам, бүртгэх байгууллага үйл ажиллагаа явуулах ёстой байтал удаа дараа  хөндлөнгийн хүмүүсийг бие даасан хуулийн этгээд мэтээр оруулж ирж байгаа нь  өөрөө Улс  төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийг зөрчлөө. Энэ  шүүхийн ёс зүйн асуудалд хамаатай. Нөгөөтэйгүүр, Дээд шүүх нь МАХН-ын Их,Бага чуулганыг хууль ёсны байсан уу, үгүй гэдгийг үнэлж, дүгнэдэг байгууллага биш. Энэ асуудлаар хэн нэгэн манай нам, намын ёс зүйн хороонд хандсан асуудал гараагүй. Хууль хяналтын байгууллагад ч гаргасан гомдол байхгүй. Тэгэхээр шүүх эрх мэдлийнхээ хэм  хэмжээг зөрчиж байна гэж бид дүгнэж байгаа.

-Танай нам цаашид ямар алхам хийх вэ?

– Улсын бүртгэлийн байгууллага нь аливаа аж ахуйн нэгж, түүний дотор Дээд шүүхэд хаяглаж байгаа намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн бүртгэлийн асуудлыг хаах, хүлээж авахгүй байх  эрх хэмжээ байхгүй. Бид хэд дахин өгөх эрх бий. Өнгөрсөн хугацаанд биднийг Их чуулган, Бага чуулганы тэмдэглэлээ авчраагүй байна гэсэн. Тэдгээр бичиг, баримтыг бид бүрдүүлж өгсөн. Гэтэл өмнөх хурлынхаа шийдвэрийг эш үндэс болгон дахин бүртгэхээс татгалзсан. Иймд бид хуулийн дагуу  дахин өргөн барина.

Эх сурвалж: www.polit.mn